Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЗАСГИЙН ГАЗАР МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН БЭЛТГЭХЭД ОНЦГОЙ АНХААРНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.03 /

“100 мянган айлын орон сууц”, төмөр зам, авто зам, эрчим хүч гээд их бүтээн байгуулалтын олон ажил оюутан, залуусыг хүлээж байна. Ойрын 10-20 жилд бид мэргэжилтэй, чадварлаг ажилчид бэлтгэснээр гадаадаас ажиллах хүч авах шаардлагагүй болно. Үүний тул Шинэчлэлийн Засгийн газар мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих бодлогоо боловсруулсан. Хамгийн гол нь та бүхэн сайн суралцах хэрэгтэй” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оюутан залууст захилаа. Тэрээр 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ШУТИС-ийн харьяа, Гавьяат барилгачин О.Тлейханы нэрэмжит “Политехник” коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо ингэж хэлсэн байна.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанаас гаргаж шинээр байгуулсан Хөдөлмөрийн яаманд шилжүүлсэн нь эхний алхам. Цаашид залуучууд мөнгө олох гэж харийн орныг зорих биш, харин Монголдоо ажиллаж, сайхан амьдрах боломжийг Засгийн газар, УИХ хамтран бий болгоно гэдгээ Ерөнхий сайд амаллаа. “Политехник” коллежид энэ жил 1045 хүүхэд элсэн орсон. Нийт сургалтын цагийн 30 хувийг ерөнхий эрдэм, үлдэх хувийг мэргэжлийн сургалт, дадлага эзэлдэг байна.

Энэ харьцааг өөрчилж, сургалтын болон үйлдвэрлэлийн дадлагын цагийг 70 хувьд хүргэх, ажил олгогчдын сонирхлыг бий болгох нь чухал гэж Ерөнхий сайд санууллаа. Энэ нь ажил олгогчдод ямар мэргэжилтэй ажилчин хэрэгтэй байгааг судлаж, үүнд тохирсон хөтөлбөрөөр хүнээ сурган, аж ахуйн нэгжүүдэд  үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, улмаар ажлын байраар хангадаг болгоно гэсэн үг юм. Мөн “Политехник” коллеж нийт төгсөгчдийнхөө 30 хувийг аж ахуйн нэгжүүдийн захиалгаар бэлтгэж байгааг 70 хувьд хүргэхэд анхаарах хэрэгтэйг  Ерөнхий сайд зөвлөлөө.

Тэрээр тус коллежийн оюутнууд болон зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй энэ үеэр уулзаж ярилцсан байна. Хүүхдүүдэд онол заахаасаа илүү мэдлэг, чадвар, дадал зүй олгох нь чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг багш нарт захиад сайн сурч, өндөр ур чадвар эзэмшиж чадвал 1 сая хүртэл төгрөгийн цалин авч болдогийг Оюутолгой төсөлд ажилладаг залуус харуулж байгааг ч оюутнуудад хэллээ. Мөн хүнээ бэлтгэж, ажлын байртай болгохоос гадна хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөхөд анхаарах үүднээс энэ талаар санал боловсруулж танилцуулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг болгов.

Аж ахуйн нэгжүүдийн захирлууд тендер шалгаруулалтад шүүмжлэлтэй хандаж байгаагаа Ерөнхий сайдад хэлж байлаа. Аль хямд үнэ хэлснийг нь шалгаруулдагаас аль болох үнэ багатай зүйлээр, хүний нүд хуурсан, чанар муутай ажил хийхэд хүргэдгийг анхааралдаа авч, хуулийг өөрчлөхийг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас хүслээ гэж Засгийн газрын  Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тангаргийн баярт оролцож, оюутан цагаа дурслаа
Б.БИЛЭГТИЙГ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЛОО
Улсын онцгой комисс хөрөнгө гаргах асуудлаар хуралдлаа
Гэр хороолол гэдэг ойлголтоос салах цаг болжээ
ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ СЭРГЭЭЛЭЭ
Ерөнхий сайд 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан