Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол улсад зочилж буй Японы олон улсын найрамдал, солилцооны зөвлөлийн дэд тэргүүн Ито Наохико тэргүүтэй төлөөлөгчдийг Шадар сайд Д.Тэрбишдагва хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад банк санхүү, дэд бүтэц, эрчим хүч, анагаах ухаан зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы томоохон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон юм. Шадар сайд Засгийн газрын шинэчлэлийн бодлогын талаар товч танилцуулж, Монгол Японы харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн зарчмаар бүх салбарт эрчимтэй хөгжиж буйд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлсэн.
Мөн Монгол улсын язгуур эрх ашигт нийцсэн харилцан ашигтай гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжин хамтран ажиллах, Японы талтай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээ эхлүүлснийг энэ үеэр дуулгасан юм.