Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны есдүгээр сарын 15-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.15 /
Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийг нэмэгдүүлэв.

УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын төсөвт тодотгол хийж, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, эхчүүдэд олгох тэтгэмж, тусламжийн хэмжээг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, шаардагдах хөрөнгийг төсөвт суулгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдсон төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ

Төрийн албан хаагчдын цалинг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэх тухай шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Цалин нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, хэмжээг жигд 30 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон учир албан тушаалын цалингаас тооцдог бүх төрлийн нэмэгдэл мөн тийм хэмжээгээр нэмэгдэх болно.

Төрийн албан хаагчдын дундаж цалин өнөөдрийн байдлаар 323,0 мянган төгрөг, үүний дотор төрийн захиргааны албан хаагчдынх 336,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдынх 321,3  мянган төгрөг, төрийн тусгай албан хаагчдын 310,0 мянган төгрөг байгаа бөгөөд цалин нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар төрийн захиргааных 437,7 мянган төгрөг, төрийн үйлчилгээнийх 417,7 мянган төгрөг, төрийн тусгай албаных 403,9 мянган төгрөгт хүрч  тус тус нэмэгдэх юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид нь ажил мэргэжлийн хувьд хэд хэдэн бүлэгт хуваагдах бөгөөд шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагын салбарын мэргэжлийн албан хаагчдын цалин төрийн захиргааны албан хаагчдын цалинтай ойролцоо түвшинд байгаа юм.

Харин төрийн үйлчилгээний албанд ажилладаг бага тушаалын үйлчлэх албан хаагчдын цалин хөлсний дундаж бусад бүлгийнхээс 15,0 орчим хувиар доогуур байна.  Үүнд цаашдаа анхаарч тодорхой арга хэмжээ авах ёстой гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Төрийн албан хаагчдын хамгийн бага цалин 145134 төгрөг байснаа 188674 болж нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд 154,0 мянган төрийн албан хаагч хамрагдах  ажээ. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээ нэмэгдлээ

Нийгмийн даатгалын  сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 30 хувиар нэмэгдэж байна. Үүний дотор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 төгрөг болж, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 54000 төгрөгөөс 70200 төгрөг, дундаж тэтгэвэр 96600 төгрөгөөс 125500 төгрөг болж өсч байна. Нийт тэтгэвэр авагчдын 60,0 гаруй хувь нь бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй байна. Энэ арга хэмжээнд нийт 308,0 мянган хүн хамрагдах байгаа юм.

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж мөн нэмэгдлээ

Энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхэд зэрэг асрамж халамж шаардлагатай хэсэгт олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр 30 хувиар нэмэгдэж байна.  Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэр 41400 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 53820 төгрөг болж нэмэгдэх ажээ.  Энэ тэтгэврийг 52,0 мянган хүн авах юм байна.

Хэвтрийн өвчтэй, байнгын асаргаатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин хүүхдийг асрамжиндаа авч асарч байгаа иргэнд тодорхой болзолтойгоор сар бүр мөнгөн тэтгэмж олгодог. Энэ нь том асрамжийн газруудыг байгуулж санхүүжүүлэхээс хямд өртөгтэй бөгөөд нийгэм хамт олон, ах дүү хамаатан садан дотор нь асрамжлах зорилготой үйлчилгээ юм. Өнөөдрийн байдлаар нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээ 24000 төгрөг байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс 31200 төгрөг болж нэмэгдэж байна.

Нөхөн олговрын доод хэмжээ 105300 болж нэмэгдэнэ

1997 онд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орж, тэтгэврийн насанд хүрээгүй иргэдийн тэтгэвэр зогсоогдсон юм. Гэхдээ эдгээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор тодорхой хэмжээний мөнгө олгож байхаар Улсын Их Хурлаас тогтоосны дагуу сар бүр мөнгөн олговор олгож ирсэн билээ.  Анх нөхөн олговрыг 44000 хүн авч байсан бол одоо ихэнхи нь тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ авах болсноор одоо 84 хүн авч байна. Нөхөн олговрын доод хэмжээг нэмэгдүүлэхээр УИХ- ын тогтоолын төслийг өргөн барихаар тогтлоо. Энэ тогтоол батлагдсан нөхцөлд нөхөн олговрын доод хэмжээ 81000 төгрөгөөс 105300 болж нэмэгдэх ажээ. 

Хүнд суртал дагуулсан тушаал, шийдвэрийг хүчингүй болгож эхэллээ

Монгол улсын ерөнхий сайд С.Батболд 2010 оныг “ Бизнесийн орчны  шинэтгэлийн жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд баялаг бүтээж байгаа хүмүүст саад болж байгаа   тушаал шийдвэрийг цэгцлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Энэ асуудал ч өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хөндөгдөж, шийдвэр гаргалаа.

Зарим сайд, аймгийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа хэм хэмжээ тогтоосон  шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгох асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.Зарим сайд, засаг дарга нар буруу шийдвэр  болоод захирамж гаргавал хүчингүй болдог гэдгийг энэ шийдвэр  харуулж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам 2010 оны хоёрдугаар улиралд нийт 25 шийдвэрт дүгнэлт хүргүүлснээс 20 шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчилж, улсын нэгдсэн бүртгэлд дахин бүртгүүлсэн болон хүчингүй болгосон ажээ. 

Засгийн газрын наймдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг сонсов

Засгийн газрын 2010 оны наймдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Засгийн газраас наймдугаар сард хэрэгжүүлсэн ажлыг тоймлон дурдахад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Увс, Баян-өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь,Дорноговь аймгуудад ажиллаж орон нутгийн байдалтай газар дээр нь танилцан, иргэдтэй уулзалт хийж засгийн газраас улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг танилцуулан, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Засгийн газрын 2010 оны 206 дугаар тогтоолоор “Монгол улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж, орлогыг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэв.

Хүний хөгжлийн сангийн тухай хууль, УИХ-ын 2009 оны 99,100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны гуравдугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж буй Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээх ажлын явц 94.6 хувьтай байна. Энэ оны наймдугаар сарын 2-ноос эхлэн олгож байгаа 10 мянган төгрөгийн олголтын бичилтийг 249052 хүн хийлгэж, 73132 хүн буюу 2.7 хувь нь мөнгөө авчээ. 

1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд батлагдсан нэрсийн дарааллын дагуу 87 ахмад дайчинд нэг өрөө байр олгох ажлыг зохион байгууллаа. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоолоор “ Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 3300 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. 

Засгийн газрын 2010 оны 209 дүгээр тогтоолоор 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцах, 2011 оны нэгдүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн 2011 оны төсөвт тусгахаар шийдвэрлэв. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны уур амьсгал өөрчлөгдөж, цөлжилт эрчимтэй явагдаж байгаад Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд “ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал” –аар Засгийн газрын хуралдааныг зохион байгуулав.

ОУВС-тай хамтарснаар сайн үр дүн гарчээ

Монгол улсын Засгийн газар,ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн тогтворжуулах хөтөлбөрийн талаар ОУВС-гийн Захирлууудын зөвлөлөөс гарсан үнэлгээний тухай Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Дэлхийн эдийн засгийн хямралааас үүдэлтэй санхүүгийн хямрал монгол улсын төсвийн тэнцвэртэй байдал алдагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан Монгол улсын Засгийн газар ОУВС-тай удаа дараалан хэлэлцээр хийсний үр дүнд 2009 оны гуравдугаар сарын эхээр эдийн засгийг тогтворжуулах Стэнд-бай хөтөлбөрийг тохиролцон, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр батлагдсан аж.

Монгол улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран ажиллсан өнгөрсөн хугацаанд Монгол улсын төсөв, санхүүгийн байдлыг тогтворжуулаад зогсохгүй төсвийн алдагдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийг тогтворжуулсан байна. Ер нь тус сангаас өгч буй зөвлөмжүүд нь улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн ирээдүйг нэлээн бодитой харсан, болзошгүй  эрсдлийг нарийвчлан тогтоосон байдаг тул Монгол улсын эдийн засгийг цогц байдлаар тодорхойлсон байдаг ажээ. “Стэндбай” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд гадаад валютын нөөцийн хэмжээ ихэссэн, инфляцын түвшний өсөлт саармагжин эдийн засгийн байдлын тогтворжсон зэрэг тодорхой үр дүнгүүд гарсан байна.

Мөн Засгийн газар хугацаа хэтэрсэн гадаад өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээр хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн, хоёр талт маргаантай байгаа өр, төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чаджээ. Ийнхүү хамтарсан Засгийн газрын үед анх удаа ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж дууссаныг Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэлээ.

Газрын тосны онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт орууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. ОХУ-ын Роснефьт компаниас Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний үнэ энэ сард тн тутамд АИ-92 автобензин 42 ам.доллар буюу 56 мянган төгрөгөөр, дизелийн түлш 36 ам.доллар буюу 48 мянган төгрөгөөр өссөн. Харин А-80 автобензин 10 ам.доллараар буурсан байна. 

УИХ-аас олгосон эрхийн хүрээнд Засгийн газраас Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоос орж ирж байгаа АИ-92 автобензинд 220 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгож, харин А-80 автобензин болон дизелийн түлшинд олгож байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр үлдээж, 2010 оны есдүгээр  сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ. Ингэснээр АИ-92 автобензинд ногдуулах онцгой албан татварыг 50 мянган төгрөгөөр бууруулан Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч байна.

Товчхон

- Сангийн сайд С.Баярцогт  ирэх оны төсвийн төслийн талаар  засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. 

-Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг 2010 оны эхний хагас жилийн явцын тухай танилцуулгыг Монгол улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан засгийн газрын гишүүдэд шинээр гаргах бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, шалгуур үзүүлэлт, үе шатыг тодорхой болгох зорилгоор үндэсний хөтөлбөр, төслийг батлан гаргахаас өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой санал солилцон шийдвэрлэж байхыг сайд нарт үүрэг болголоо.

- Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой саналуудыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.

- УИХ-ын гишүүн Д.Зоригт, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Балдан-Очир нарын санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, мөн тодорхой саналуудыг хуулийн төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

- Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд эхний шатны үнэлгээ хийх ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Удирдлагын зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин, Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

- Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд хуралдаан дээр гарсан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

- “Улсын бүртгэлийн ажилтны өдөр”, “Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдэг бий болгох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов. 

- Увс аймгийн Улаангом хотод Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолборыг бүрэн ашиглалтад оруулахад шаардагдах 300.0 (гурван зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрлөө. 

- БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Баруун бүсийн авто замын төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Сангийн сайд С.Баярцогтод олгоё гэсэн Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газраас санаачлан хэрэгжүүлэх гэж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийг Германы Засгийн газраас дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Шадар сайд М.Энхболд Шри Шри Рави Шанкарыг хүлээн авч уулзлаа
Монгол улс өрсөлдөх чадвараараа байраа ахиуллаа
Сүхбаатар, Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Ерөнхий сайд манлайлагч залууст амжилт хүслээ
Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг батламжиллаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан