Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.28 /
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Үндсэн чиглэл нь хүний хөгжлийг хангахад чиглэсэн макро эдийн засгийн бодлого, бодит салбарын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, засаглал эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах гэсэн бүтэцтэй байхаар төсөлд тусгажээ.   

Засгийн газар 2011 онд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, өсөлтийн үр дүнд бий болох баялгийг ард иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, бизнес, хууль эрх зүйн орчинг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийнхээ  хөгжлийг тэтгэх зорилт тавьж байна. 

“АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-Д ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖИВ

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжин, Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас санал авч, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар хамтарсан уулзалт хийсэн байна. Уул уурхайн үндэсний ассоциаци болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж саналаа илэрхийлжээ. 

Үүнд :
•    Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогод ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувь хэмжээний дээд хязгаарыг 2.5 хувиар тооцох 
•    Жоншны тухайд зах зээлийн үнийн шатлалыг өсгөж, ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувь хэмжээний дээд хязгаарыг 5.0 хувиар тооцох 
•    Төмрийн хүдэр тээвэрлэж байгаа тээврийн зардал борлуулж байгаа өртгийн 50-иас илүү буюу 33.0 ам доллар/тонн байгаа тул босго үнийг 30 ам доллар бус 70 ам доллараас эхлэх
•    Монгол Улс өөрийн нүүрсний ангиллын стандартыг батлан гаргахыг санал болгожээ. 
Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам судлан үзэж жонш болон төмрийн хүдэртэй холбоотой саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан байна. 

Мөн нүүрсийг түүхий, боловсруулсан гэж ангилахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, “Нүүрс” ассоциаци харилцан тохиролцсоныг төсөлд тусгажээ.  
Харин ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс бий болсон нэмэгдэл орлогод ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны өсөн нэмэгдэх төлбөрийн хувь хэмжээний дээд хязгаарыг 2.5 хувиар тооцох саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.

НӨӨЦИЙН ҮРИЙГ ХУДАЛДАНА

2010 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 3110 тонн улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, борлуулалтын орлогоор нь үр худалдан авч 2010 оны 12 дугаар сарын 1-ний дотор улсын нөөцийг нөхөж бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод зөвшөөрөв. 

Нөөцөөс гаргах улаанбуудайн үрийн тонн тутмыг нь 560.0 мянган төгрөгөөр худалдахаар тогтлоо. 2009 оны намрын ургац хураалтаар улсын нөөцөд хүлээн авсан улаанбуудайн үр нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан дүгнэлтээр тариалах үрийн чанар, стандарт шаардлагыг бүрэн хангаж байна. 

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атрын III аян” хөтөлбөрийн хүрээнд энэ хавар 270 мянган га уриншид тариалалт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнд 43,2 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛД ХАРИУ ӨГӨВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд орон нутагт ажилласны дараа хөдөө орон нутгийн  байдал, малчин түмний ахуй амьдралын талаар анхаарч, тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх талаар Засгийн газарт санал ирүүлсэн юм.   
Засгийн газрын хуралдаанаар саналыг хэлэлцэн дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхээр тогтов. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг хэрэгжүүлэх зорилгоор “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон гамшиг, зудын хор уршгийг гэтлэн давах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-нд тусгасан бодлогын чиглэлтэй асуудлыг судлан хэрхэн шийдвэрлэх саналаа Засгийн газрын хуралдаанд 2010 онд багтаан танилцуулж байхыг холбогдох сайд нарт даалгав. 

Ерөнхийлөгч Засгийн газарт ирүүлсэн саналдаа “байгалийн гамшиг, зудын улмаас малгүй болон малчдын ажлын байраар хангах, амьжиргааны өөр эх үүсвэртэй болоход нь дэмжих, нийгмийн халамж үзүүлэх, аймаг, сум бүр хадлан, тэжээлээ бэлтгэн, нөөцөө бүрдүүлж үүнийхээ төлөө өөрсдөө хариуцлагаа хүлээдэг тогтолцоо бий болгох, улсын төсвөөс өгөх дэмжлэгийг орон нутагт нь шууд олгодог байх, бүс нутаг, аймгуудад байгалийн болон таримал тэжээл бэлтгэдэг аж ахуйг бодлогоор хөгжүүлэх, эрсдэл даах чадавхийг хөгжүүлсэн мал аж ахуйн шинэ бодлого шаардлагатай байгааг олон түмэнд ойлгуулах, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, хариуцлагыг нь нэмэгдүүлэхийн тулд нэр бүхий хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг гаргаж ажиллуулах, төрийн тэргүүнийг орон нутагт ажиллах үед аймаг, сум, баг, албан байгууллагаас тавьсан санал, хүсэлтүүдийг судлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” зэргийг тусгасан юм.  

ХИЛИЙН БООМТУУДЫГ ХӨГЖҮҮЛНЭ

Хуралдаанаар хилийн боомтуудын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалт, орон тооны дээд хязгаарыг батлах тухай хэлэлцэв. Хурлаас “Хилийн боомтын үлгэрчилсэн ерөнхий төлөвлөгөө”, “Гашуун сухайт”, “Шивээхүрэн”, ”Бургастай”, “Булган” боомтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ажлуудын концессын зүйлийн жагсаалтыг хавсралтаар батлав. 

Концессын зүйлийн жагсаалтад заагдсан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх талаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт зөвшөөрлөө. Мөн “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтыг олон улсын шинжтэй, 24 цагийн ажиллагаатай болгох, “Бургастай”, “Булган” боомтыг хуваарийн бус үеэр байнгын ажиллагаанд шилжүүлэхтэй холбогдуулан гааль, хил хамгаалах байгууллага, хилийн мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын орон тооны дээд хязгаарыг хавсралтаар батлав. 

“Булган боомтыг 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс байнгын, “Бургастай” боомтыг 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хуваарийн бус үеэр нээн ажиллуулж 2011 оноос байнгын үйл ажиллагаанд шилжүүлэх талаар БНХАУ-тай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. 

Экспортод гаргаж байгаа нүүрсийг чанараар нь ангилан ялгах, тээвэрлэхэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, орчин үеийн технологи нэвтрүүлэх талаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар нарт даалгав. Манай улсын хилийн боомтууд ерөнхий төлөвлөгөөгүй, газар зохион байгуулалтын асуудал нь шийдэгдээгүй, инженерийн болон, нийгмийн хангамж, барилга, байгууламж, хяналтын талбай хүрэлцээгүй, нэвтрүүлэх хүчин чадал бага, зам тээврийн орц, гарцны асуудал шийдэгдээгүй өнөөг хүрсэн юм.   

ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулав. Төрийн албан хаагчдын үндсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 30 хувь нэмэгдүүлэх, Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл” батлагдсаны дараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх асуудлыг гурван талт түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр тохиролцсоны дагуу шаардагдах хөрөнгийг 2010 оны Төсвийн тухай хуульд тусгах, цалин, тэтгэвэр нэмэхтэй холбогдсон шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгав. 

ХӨТӨЛБӨР, ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Үндэсний хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн 2009 оны явцын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Үүнтэй холбогдуулан :

•    Салбар болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж Улсын Их Хурал, Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шинээр боловсруулах хөтөлбөр, төслийн жагсаалт гарган хэрэгжүүлэх ажлыг түргэтгэх
•    Засгийн газрын 2006 оны 160, 2009 оны 285, 2010 оны 11 дүгээр тогтоолын дагуу тайлан, мэдээ гаргаж байх
•    Салбар болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичигт нэгдсэн дүгнэлт гарган цэгцлэх, үр ашигт суурилсан хяналт, шинжилгээ хийх аргачлал, журам боловсруулж ажиллахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд
•    Цаашид шинээр гаргах бодлогын баримт бичгийн уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, хэрэгжих үндэслэл, шалгуур үзүүлэлт, үе шатыг тодорхой болгох, түүнийг цэгцлэх зорилгоор үндэсний хөтөлбөр, төслийг батлагдан гаргахаас өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой санал солилцож шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. 

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт, Үндэсний хөгжлийн цогц бодлогод суурилсан үндсэн чиглэл, стратеги, хөтөлбөр, мастер төлөвлөгөө зэрэг төр, засгийн бодлого, үзэл баримтлалын чанартай 403 баримт бичиг байна. Үүнээс Үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилтод үндэслэн боловсруулсан 253 хөтөлбөрийн 107 нь хэрэгжиж байгаа бөгөөд 105 нь хэрэгжих хугацаа дуусч, 2010 онд хугацаа нь дуусах буюу санхүүжилт нь зогссон 41 хөтөлбөр байна. 

ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛАВ

Төрийн ордонд байрлаж байсан Өрлөг жанжин Х.Чойбалсангийн бунханыг 2006 онд нүүлгэн шилжүүлэх үед булшнаас гарсан хувцасны металл чимэглэл болох голдоо соёмботой алтан шармал бүсний арал, цэрэг шинелийн 2 ширхэг алтан шармал жижиг товч, кителийн 7 ширхэг алтан шармал том товч, ханцуйны бадмаараг шигтгээтэй монетон тээглүүр товч зэргийг түүхийн хувьд үнэ цэнэтэй гэж БСШУЯ-ны дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлд зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл үзсэн байна. 

Мөн зоос цуглуулагч Б.Нямаагаас худалдан авч Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалж байгаа XIII-XIY зууны үеийн Монголын Эзэнт гүрэн болон түүний салбар хараат улсуудын их, бага 75 хааны нийт 255 ширхэг алт, мөнгө, зэс зоосыг дэлхийд маш ховор, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой гэж үзэв. 

Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 8 дугаар Богд Жавзундамба хутагтын алт, мөнгө, хаш тамга, тамганы хайрцаг, алтан чимэглэлтэй хэт хутга, эрхи, алтан өргөмжлөл, Эх дагины мөнгөн тамга зэрэг 15 ширхэг зүйл, ШУА-ийн Палеонтологийн төвд хадгалагдаж байгаа тарбозавр, галлимимус, адазавр зэрэг динозаврын чулуужсан араг яс, бөөнөөрөө олдсон зулзага, өндөгний үүр зэрэг 25 ширхэг олдвор, ШУА-ийн Археологийн хүрээлэнд байгаа 5 ширхэг олдвор, Хүннү болон пазырыкийн үеийн олдворууд, XIII-XIY зууны язгууртны хэрэглэж байсан эрэгтэй малгай, гутал, зүүсгэл, модон самны хугархай, хавтага, малгайн бүч, эмээлийн мод, богтаг малгай зэрэг нь түүхийн үнэ цэнэтэй зүйл гэж мэргэжлийн зөвлөл үзсэн байна.

Дээрх зүйлсийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.  
Жагсаалтад бүгд 304 үзмэр, эд өлгийн зүйл, олдвор нэмэгдэж, манай улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл 593 болоод байна. 

ТОВЧХОН

•    Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалайн санаачилсан “Цагаан толгойн үсгийн тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцээд хэд хэдэн үндэслэлээр дэмжих боломжгүй гэж үзэн хууль санаачлагчид уламжлахаар тогтов. Кирил цагаан толгойн бараг хэрэглэгддэггүй Щ, давхардсан Й үсэг, дуудлага ижил боловч ялгаж бичихэд төвөгтэй Ъ тэмдгийг хасч 32 үсэгтэй байхаар Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай хуулийн төсөлдөө тусгасан байна.  

•    Улсын Их хурлын гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан “Казиногийн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг дэмжих боломжгүй хэмээн хууль санаачлагчид уламжлахаар болов. 

•    Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны 1 дүгээр улиралд иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдээс төрийн захиргааны байгууллагуудад 7237 өргөдөл, санал, гомдол ирүүлсэн бөгөөд шийдвэрлэлт 96 хувьтай, нутгийн захиргааны байгууллагуудад 249 911 өргөдөл, гомдол ирсний 97,1 хувийг нь шийдвэрлэж зохих журмын дагуу хариу өгчээ.  

•    ХБНГУ-ын Берлин хотноо 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болох Афганистан дахь Аюулгүй байдлыг тогтворжуулах олон улсын хүчинд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, 2010 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Сингапурт болох Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын 9 дүгээр бага хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдыг оролцохыг зөвшөөрөв. 

•    Эрүүл мэндийн сайд С.Ламбааг 2010 оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болох Дэлхийн Эрүүл мэндийн 63 дугаар Ассамблейд яамны гадаад арга хэмжээний зардлаар оролцохыг зөвшөөрөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
МОНГОЛ ОРНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЛОНДОНД ЧУУЛНА
Ерөнхий сайдад Эбертийн сангийн Ерөнхийлөгч бараалхав
БНХАУ-ЫН ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ХОРООНЫ УДИРДЛАГУУД АЙЛЧИЛЖ БАЙНА
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
С.Батболд: Малгүй болсон өрхүүдийг үе шаттайгаар малжуулахаар төлөвлөж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан