Эрхэм залуучууд аа,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө
“Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний зөвлөлгөөнд оролцогч залуус та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Энэхүү залуучуудын үндэсний зөвлөлгөөн нь НҮБ-аас гаргасан Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хүний хөгжил, залуучуудын олон талт асуудлуудаар халуун яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, та бүгдийнхээ манлайлал, шинэ санаачилгыг дэмжих, хамтран ажиллахыг уриалсан чухал арга хэмжээ хэмээн үзэж Засгийн газар дэмжин оролцож байна. НҮБ, түүний Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүн амын сан ч ийм итгэл найдвараар дэмжиж байгаа гэдэгт итгэж байна.
НҮБ-аас дэлхийн залуучуудын үйл ажиллагааны хөтөлбөрийг 1995 онд батлан хэрэгжүүлсэн нь даян дэлхийн залуусын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тэдний нийгмийн олон талт оролцоог хангахад чиглэсэн чухал алхам болсон юм. Монгол Улс ч гэсэн залуучуудынхаа санал санаачилгыг дэмжих, нийгмийн идэвх зүтгэлийг бий болгох талаар олон арга хэмжээ авч ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 1998 оныг “Залуучуудын” жил, 2002 оныг “Оюутны” жил болгон зарлаж, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэсээр ирсэн билээ.
“Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа” сэдэвт хурлаар залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн өнгөрөх биш шийдвэрлэх арга замыг нь олж харах ёстой. НҮБ-аас гаргасан Мянганы хөгжлийн зорилтуудыг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, санал бодол, дуу хоолойг сонсох нь чухал ач холбогдолтой. Залуучуудынхаа энэхүү үзэл бодол, байр суурийг хурлаас гарах зөвлөмжид тусган Мянганы хөгжлийн зорилтод хүрэхийн тулд санал сэтгэл нэгдэн ажиллаж, хөгжил дэвшлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлнэ гэдэгт итгэж байна.
Миний бие өнгөрсөн сард болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 65 дугаар чуулганд оролцож Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрхэн ханган биелүүлэх талаар байр сууриа илэрхийлэхдээ: “Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхдээ салбар дамнасан, оролцоог хангасан, хүн төвтэй арга барил баримтлах, хөгжлийн амжилтын суурь болох засаглалыг сайжруулах, цаашдын үйл ажиллагаандаа илүү сайн мониторинг, үнэлгээ хийж ажиллах болно” гэдгээ илтгэсэн.
Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө санаа нэгдэн тууштай зүтгэн, энх тайван, эрх чөлөө, ахиц дэвшлийн үзэл санааг залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх зорилтот үйл ажиллагааг бүхий л түвшинд дэмжихийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас уриалсныг бид талархан хүлээж авсан. Тийм ч учраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас зарласан Олон Улсын Залуучуудын жилийг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх ёстой. Монгол орон даяар олон улсын Залуучуудын жилийн аяныг эхлүүлсэн бөгөөд цаашид илүү үр дүнтэй олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг холбогдох шат шатны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.
Мөн өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй бөгөөд энэ санаачилгыг зөвхөн Засгийн газрын ажил гэлгүй холбогдох иргэд, байгууллагууд хамтран зохион байгуулахыг уриалж байна. Мөн хуралд хүрэлцэн ирсэн та бүхэн ч гэсэн бусдаасаа үлгэр жишээ авч, өөрсдийн удирдаж буй байгууллага, хамт олноо уриалан залуучуудынхаа дунд олон талт хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Залуус аа,
Манай Хамтарсан Засгийн газар бодлого, зорилгоо “Хүний хөгжил”-д чиглүүлж байна. Аливаа улс орон хүнийхээ хөгжлийг хангаж байж л хөгжилд хүрдэг. Хөгжлийн төлөө хүний нэн тэргүүний хэрэгцээ бол боловсрол, мэдлэг, эх орон, ард иргэдээ гэсэн сэтгэл юм. Бид Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудалд ихээхэн анхаарлаа хандуулж байгаа. Монгол залуу хүн өөрийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн бусад орны залуустай адил хэмжээнд сэтгэж, бодож, бүтээж, нэр төртэй явах нь Монгол Улсын өрсөлдөх чадвар, хөгжлийн хамгийн гол илэрхийлэл юм.
Энэ оны эхний байдлаар манай улсын хүн амын 66.8 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг гэсэн тоо байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон. Залуучууд та бүхэн манай улсын хамгийн том баялаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн тайлангаас үзэхэд дээд боловсролтой төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин дөнгөж 35.5 хувьтай байна. Тэгэхээр хүн амын ихэнх хувийг эзэлж буй залуучуудын өмнө бас хамгийн том асуудлууд тулгамдаж байна гэсэн үг. Залуучуудынхаа өмнө тулгамдаж буй энэ мэт асуудлыг шийдвэрлэх, санал санаачилгыг дэмжиж тэтгэх нь улс орныхоо ирээдүйг харсан алс хэтийн бодлого мөн.
Монголын хүн амын ихэнхийг бүрдүүлж буй залуучууд та бүхний асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага өнөөг хүртэл байхгүй байна. Тиймээс ч Монгол Улсын Засгийн газраас залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулах талаар санаачилга гарган ажиллаж байна. Төр засгийн зүгээс залуучуудын талаар баримтлах бодлого, үйл ажиллагаагаа улам тодорхой болгох, дэлхийн хэмжээний боловсролын стандартыг нутагшуулах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, эрүүл мэндийг нь хамгаалах талаар хийх ажил олон байна.
Бас залуучуудаа илүү нийгмийн хариуцлагатай болгож, хийж бүтээх эрхийг нь өгөх хэрэгтэй. Эдгээр бодлогын хүрээнд Засгийн газар гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсорсон залуусаа эх орныхоо хөгжилд оролцуулах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлүүллээ. Мөн гадаадын өндөр хөгжилтэй орнуудад залуусаа сургах талаар олон ажил хийж эхлүүлж байна. Энэ жилээс эхлэн уул уурхай, дэд бүтцийн салбарын томоохон бүтээн байгуулалтын ажилд залуучуудаа өргөнөөр татан оролцуулах зорилгоор МСҮТ-ийг олноор нь бий болголоо.
Нобелийн Энхтайваны шагналт зохиолч Анатоль Франс хэлэхдээ “Аугаа их зүйлд хүрэхийн тулд бид ажиллаад зогсохгүй илүү их мөрөөдөх хэрэгтэй. Төлөвлөхийн хажуугаар итгэх шаардлагатай гэж хэлсэн байдаг.” Тиймээс ч дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгох үндэс суурийг тавихын төлөө бид мөрөөдөж, төлөвлөж, илүү их итгэл та бүхэнд өгч ажиллаж байна.
Эрхэм Залуус аа,
Монгол Улсын маань хувьд, өнөө цаг үед хөгжил дэвшлийн үүр гийж байна. Эдийн засаг нийгмийн хүнд үеүдийг давж, нойрноосоо сэрж, их хөгжлийн гараан дээр ирлээ. Энэ нь нэг жилийн, нэг хүний, нэг үеийнхний асуудал биш бөгөөд монголчуудыг угтан ирж буй олон арван жилийн өнгийг залуус та бүхэн хамтдаа тодорхойлох учиртай.
Залуу хүн бүр эрдэм боловсролтой, хүнлэг, энэрэнгүй, хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, алсын хараатай байхаас гадна Монгол Улсдаа эзэн нь байх ёстой гэдгээ мартаж болохгүй. Өчигдөрхөн “Нэр төрөө эрхэмлэх дэлхийн өдөр”-ийг залуучууд өөрсдөө санаачлан улс даяараа зохион байгууллаа. Монголчууд бид нэр төрөө ихэд эрхэмлэж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс “Энэ бие хэврэг, Эрхэм нэр мөнх” гэсэн сайхан үгийг мөрдлөг болгож ирсэн. Залуу хүн бүр нэр төрөө нэн эрхэмлэх учиртай. Яагаад гэвэл, та бүхний ирээдүй урд тань байна.
Шинэ амьдралынхаа гараан дээр шалихгүй зүйлээр нэр төрөө сэвтээвэл насан турш гэмшин харуусах болно. Иймд эрхэм нэр төрийг эхнээс нь хайрлаж хамгаалж явах нь хамгийн чухал. Тухайн хүний нэр төрийг мөнхлөх үйлс нь хөдөлмөр бүтээл, туурвил билээ. Нэр төртэй амьдрахын тулд “Эх орондоо юу хийж чадах вэ?” гэж өөрөөсөө юун түрүүнд асуудаг байх ёстой. Түүндээ хариулт олж амьдралд хэрэгжүүлж чаддаг байх нь чухал.
Ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн төлөө яриа хэлэлцээ өрнүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий энэхүү зөвлөлгөөний үеэр нийтийг хамарсан, ажилгүйдэл, ядуурлыг багасгах, байгалийн гамшигтай тэмцэх асуудлуудыг дэвшүүлэхийн зэрэгцээ залуучуудын соёл, боловсрол, ёс суртахуун, гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн оролцоо зэрэг өргөн хүрээтэй зүйлсэд онцгой анхаарал хандуулан бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхийг та бүхнээс хүсэн хүлээж байна.
Тулгамдсан олон асуудал байгаа хэдий ч өөрчлөлтийг санаачлан, бусдыгаа уриалан шинэ технологийг бүхнээс урьтаж ашиглан, XXI зуунд тэгш боломж, тэгш байдлыг хангах зам харгуйн шан татахад манлайлан оролцох хэрэгтэй. Бид хамтдаа Монгол Улсаа хурдацтай хөгжлийн замд оруулж, эдийн засгийн хувьд хараат бус бие даасан болгох боломж бүрэн байна. Үүнд залуучууд та бүхний минь хичээл зүтгэл, итгэл сэтгэл, бүтээлч санаачилга, холын бодол, алсын хараа нэн хэрэгтэй.
Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтэд залуучуудын оролцоог хангах, залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлын шийдлийг энэ хурлаас хүлээж байна. Учир нь залуучуудын төлөөлөл та бүхэн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө санал санаачилга гарган шийдвэрлэхэд оролцох ёстой. Залуучуудаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших, баталгаатай ажлын байраар хангагдах, шийдвэр гаргах бүхий л түвшинд дуу хоолойг нь хүргэх, оролцоог нэмэгдүүлэхэд энэхүү үндэсний чуулганд оролцогчдын идэвхи санаачилга чухал болохыг зориуд онцлон тэмдэглэж байна.
Та бүхний гаргасан шинэ шийдэл, сайн санаачилга, зорилгодоо хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааг Засгийн газрын тэргүүний хувьд дэмжиж ажиллах болно. Залуучууд та бүхнийг Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурлан тодорхойлсон санал зөвлөмж, эрхэм зорилгоо хэрэгжүүлж, улс орныхоо хөгжлийн төлөө нийгмийн салбар бүрт шинэ манлайллыг бий болгон ажиллахыг хүсье.