2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордон
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Та бүхний энэ өглөөний амгаланг айлтгая.
Одоогоос нэг жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд хандаж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл, баримтлалын талаар тодорхой ярьсан. Манай хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг нь МОНГОЛ ХҮН БҮР АЖИЛТАЙ БОЛОХ явдал юм. Хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрийн чадвартай Монгол хүн бүр ажлын байртай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
“Хөдөлмөр хөгжлийн үндэс” үндэсний чуулга уулзалтын сэдэв нь зөвхөн Монгол улсын хэмжээнд төдийгүй, саяхан болж өнгөрсөн НҮБ-ын ээлжит чуулганы үеэр хамгийн их яригдаж, анхаарлыг татсан асуудал юм. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэлхийн хэмжээнд хүний хөгжилтэй уялдуулж, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал байгаа юм.
Энэ асуудал дэлхийн хэмжээнд анхаарлын төвд орж, өнгөрсөн 2004-2008 онуудад эдийн засгийн өсөлт нь өндөр байсан боловч ажилгүйдэл, ядуурал мэдэгдэхүйц буураагүй байгаа манай улсын хувьд ч онцгой ач холбогдолтой юм. Эдийн засгийн өсөлтийн гол зорилго нь хүний амьжиргааг сайжруулах, хувь хүн, өрх гэр бүлийн сайн сайхан байдлыг улам нэмэгдүүлж зорилтоо биелүүлдэг байх естой.
Монгол улс цаашдын хурдацтай хөгжлийн шинэ үеийн гараанд ирээд байгаа олон үзүүлэлт, судалгаанаас тодорхой болж байна. Ирэх жилүүдэд хүрэхээр төлөвлөгдөж байгаа энэхүү эдийн засгийн өсөлт нь зөвхөн тоо хэмжээний өсөлт байх бус, харин иргэдийн, хувь хүмүүсийн амжиргааны түвшинг бодитойгоор өөрчилж, ажлын байр нэмэгдүүлсэн, чанарын өсөлт байх ёстой. Ийм өсөлтөд хүргэх нь төрийн нийгэм, эдийн засгийн урт хугацааны бодлогын үндэс юм.
Аливаа нийгэм эдийн засгийн хөгжлийн үндэс суурь нь хөдөлмөр, хүн байгаа юм. Иймээс “ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЖ, УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛДЭГ” зарчмыг бид тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улсын хувьд Хүний хөгжлийн индекс 2009 оны байдлаар 0.742 буюу дэлхийд 115-д байгаа нь харьцангүй доогуур үзүүлэлт байгаа юм.
Өнөөгийн нийгэмд байгаа хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн талаарх тулгамдсан асуудлууд, нөхцөл байдалдаа үндэслэн бид Монгол хүн бүрийг ажлын байртай болгох дээрх зорилтоо хэрэгжүүлэх алхам бүрийг маш тодорхой болгох шаардлагатай болж байна. Сайшаалтай нь өнгөрсөн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн чиглэлээр судлагаа явуулж байгаа манай төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын багш, судлаачдын хийсэн цөөнгүй тооны судалгаа нь бидэнд үнэ цэнтэй эх сурвалж, материал болж байгаад талархаж байна.
Одоо бид шинээр хууль, хөтөлбөрийн төсөл боловсруулах зэрэг цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан, эцсийн үр өгөөж нь төдийлөн харагдахгүй ажилд хөрөнгө, хүчээ тарамдуулалгүйгээр илүү бодитой, практик ажлаа хэрэгжүүлэх шаардлагатай байна.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
Манай улсын хувьд ажил, хөдөлмөрийн бүх талыг төрөөс зохицуулдаг байсан үеэс 20 жилийн хугацаа өнгөрч өдгөө зах зээлийн харилцаа төлөвшин хөгжиж, хувийн хэвшлийг түлхүү хөгжүүлсэн эдийн засгийн бүтэцтэй болоод байгаа ч хөдөлмөрийн зах зээл сонгодог утгаар хараахан бүрэлдэн бий болоогүй байна. Иймээс хөдөлмөрийн зах зээлийн талаарх төрийн зохицуулалт, бодлогыг илүү оновчтой болгож, хөдөлмөрийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэх нь чухал байна.
Төрийн бодлогын хувьд ойрын хугацаанд улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тогтоон батлаж, ард түмэн, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар, түнш донор орнуудад Монгол улс ойрын жилүүдэд ямар салбаруудаа түлхүү хөгжүүлж, бүсчилсэн хөгжлийг хэрхэн хэрэгжүүлэх, дэд бүтэц, зам тээврийн сүлжээг хэрхэн хөгжүүлэх гэж байгаагаа ил тод, нээлттэй болгож замналаа тодорхой болгох нь чухал. Ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын бодлого цэгцтэй болж, Монгол улсын хөгжлийн ирээдүйн дүр зураг тодорхой болно.
Төрөөс хөдөлмөрийн зах зээлийг зохицуулахдаа хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд ажлын байрыг олноор бий болгоход анхаарч ажиллана. Ажлын байрны өсөлт нь ажилгүйдлийг бууруулж, ядуурлыг багасгахад хамгийн их нөлөөлдөг гэж судлаач нар үздэг. Ойрын жилүүдэд уул уурхай, боловсруулах салбаруудад 40 мянган ажлын байрыг бий болно гэсэн судалгаа, төсөөлөл байгаа. Энэ нь манай нийт бүртгэгдсэн ажилгүйчүүдийг ажилтай болгохуйц төсөөлөл юм.
Нөгөө талаас эдгээр ажлын байранд тэнцэх хүнийг бэлтгэх асуудал мөн чухал байна. Аливаа улсын хөгжлийн түвшин нь хүмүүсийн хөдөлмөрийн чадвараас, мөн хувь хүний ажил эрхлэх, санаачлах, хөдөлмөрлөх соёл, өөрийн зүтгэл, хандлагаас ихээхэн шалтгаалдаг. Өнөөгийн даяаршсан дэлхийд хөрөнгө, технологи хил дамнасан байдалтай байхад харин хүний нөөцийг бэлтгэх, дайчлах, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх төрийн бодлогын гол зорилгуудын нэг болж байна.
Нийгмийн халамжаас, улсын төсвөөс тэжээгддэг бус, харин “БҮТЭЭГЧ МОНГОЛ”, хөдөлмөрч хүнийг бид төлөвшүүлэн хөгжүүлэх ёстой гэж манай Засгийн газар үзэж байна. Бүтээгч Монгол хүнийг нийгмийн дундаж давхарга болгон төлөвшүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн өмнө тулгамдаад байгаа маш олон асуудалд шийдлийг олох боломжтой.
Монгол улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин, цаашдын хэтийн төлөв нь ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар бүрэн хангах таатай боломжийг олгож байгаа бол хүн амын насны бүтэц, хөдөлмөрлөх насны залуучуудын эзэлж байгаа хувь, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг жил тутам төгсөж байгаа тодорхой мэргэжил, ур чадвар бүхий ажиллах хүчний нийлүүлэлт нь цаашид эрэлт хэрэгцээтэй байгаа ажиллах хүчний эрэлтийг хангах гэсэн ийм 2 талын таатай боломжийг бүрдүүлж байна.
Иймээс “Насан туршдаа суралцах” (School of Lifelong Learning) гэсэн санаачлагыг дэвшүүлж, хүмүүст насны туршид боловсрол олгон хөрвөх чадварыг сайжруулж, хоер дах мэргэжилтэй болоход төрөөс дэмжлэг үзүүлж, аж үйлдвэр, ажил олгогчид, ажилчид болон төр хоорондын түншлэлийн хүрээнд түүнийг хэрэгжүүлж, ажилчдын боловсрол, сургалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний гол зорилго нь насанд хүрсэн ажилчдыг байнга суралцахыг дэмжиж, цаашид насан туршийн ажлын байраар хангагдах боломжийг нэмэгдүүлэх явдал юм.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААРХ ЦААШДЫН ЗОРИЛТУУД
Төрөөс дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хувь хүмүүс нь өөрснөө хичээж, бүтээлч, өндөр бүтээмжтэй байх шаардлагатай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг Монгол ардын зүйр үг байдагтай адил хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлийг авч үзэхдээ ямар ажлыг нь төр, ямар ажлыг нь ажил олгогчид, ямар ажлыг хөдөлмөр эрхлэгчид хийх естой зах зээлийн жам ёсоор нь сайтар ялгаж, бодлогоо боловсруулах нь амжилтын суурь болно.
Уул уурхай, өндөр технологи, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад шинэ техник технологи, материал ашиглаж машин тоног төхөөрөмж ажиллуулж чадахуйц мэдлэгтэй, ур чадвартай, бүтээлч, хөдөлмөрийн сэтгэлгээ, соёлд төлөвшсөн багш, эмч, инженер, техникийн ажилчид эрэлт хэрэгцээтэй байна.
Иймд, мэдлэг ур чадварт суурилсан эдийн засгийн нөхцөлд ажиллах боловсон хүчнийг тодорхой бодлогын хүрээнд бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийг сонгодог утгаар нь уян хатан, салбар болон бүс нутгийн хооронд хөдөлмөрийн нөөц хөрвөх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Үүний тулд хөдөлмөрийн зах зээлд оролцогчид болох бүх талууд (Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, компаниуд болон иргэд өөрсдөө) юу хийвэл зохих вэ гэсэн асуудлаар товч байр сууриа илэрхийлье:
• Засгийн газраас иргэддээ илүү сайн боломжийг бүрдүүлж, томоохон хөрөнгө оруулалтын төслөөр дамжин ажлын байрыг олноор бий болгох,
• Иргэдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж өрсөлдөх, хөрвөх чадавхийг нэмэгдүүлэх
• Цалин хөлсний оновчтой тогтолцоог бий болгох. Энэ хүрээнд цалин хөлсийг аажмаар нэмэгдүүлж Монгол хүн гадаадад авч байгаа цалинг эх орондоо авдаг болгох, цалин хөлсийг бүтээмж ур чадвартай холбох систем бий болгох.
• Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд шуурхай хамрагдах, ажлын байраа хайж олох илүү сайн боломжийг олгоё. “Үндэсний ажиллах хүчний мэдээллийн тогтолцоо”-г (development of an enhanced Manpower information system) бүрдүүлж, бодлого боловсруулагч, ажил олгогч, сургалт үйлчилгээний газар болон хувь хүмүүст шаардлагатай мэдээллийг улсын хэмжээгээр нэгдсэн байдлаар шуурхай хүргэх. Бүрэн зөв, тодорхой, цагаа олсон мэдээлэлгүйгээр ажиллах хүчний төлөвлөлтийг гүйцэтгэх нь бүтэхгүй асуудал юм.
• Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтыг ажлын байрны эрэлт хэрэгцээтэй уялдуулж, мөн хөтөлбөрт хөдөлмөрийн ур чадвар, чадамж, үр бүтээлч сэтгэлгээний талаар тодорхой сэдэв, агуулгыг шинээр оруулж шигтгэх, төлөвшүүлэх.
• Иргэдэд үндсэн мэргэжлээс гадна, шаардлагатай гэж үзвэл зах зээлд илүү эрэлт хэрэгцээтэй байгаа Хоёрдогч мэргэжилд суралцах, шинээр мэргэжил олж авах тогтолцоог бүрдүүлж төрөөс дэмжлэг үзүүлэх.
• Ажил олгогчидтой зөвшилцсөний үндсэн дээр төрөөс зохион байгуулж буй сургалт нь аж үйлдвэрийн шаардлага, хүсэлттэй нийцэж, цаашид илүү ажлын байр, өндөр цалинтай болох боломжийг бүрдүүлсэн байхаар хэрэгжүүлэх.
• Компаниуд, ажил олгогчид өөрийн зүгээс ажиллах хүчинг бэлтгэх, сургах тал дээр нийгмийн хариуцлагыг хүлээж ажиллах хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй орнуудад бизнес эрхлэгчид, ажил олгогчид нь Ажлын байран дахь сургалтад (on-the-job training) ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Ингэснээр компаниуд хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид томоохон хувь нэмрийг оруулдаг юм байна. Ажиллах хүчний сургалтыг зөвхөн төр дангаараа хийхгүй. Өндөр ур чадвартай, хариуцлагатай ажилтантай байх нь бүхий л талуудад хэрэгтэй.
• Ажлын байрыг шинээр гаргагч болсон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тууштай дэмжиж, ажлын байраа нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд ямар нэг хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг болье.
• Хөдөлмөрийн чадварын тодорхой стандарт, шаардлагыг боловсруулж, эдгээрийг хангасан сургалтанд хамрагдсан ажилчныг баталж, тодорхойлох.
• Нэг цэгийн ажил мэргэжлийн зөвлөлгөө өгдөг төвийг байгуулж, ажилчдад ажиллах хүчний зах зээл, ур чадварын шаардлага, ажлын байр, сургалтын талаар зөвлөлгөө, нэгдсэн мэдээллийн эх үүсвэрээр хангах.
• “ЗӨГИЙН ҮҮР” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадад байгаа ур чадвартай ажиллах хүчийг эх оронд татах.
• Гадаад орнуудаас авч байгаа ажиллах хүчний талаар төрөөс баримтлах бодлого чиглэлээ дахин нухацтай авч үзэх. Цаашид дунд болон урт хугацаанд шинээр бүрдэж байгаа хөгжлийн боломжууд, шинэ ажлын байранд юуны өмнө үндэсний ажиллах хүчин, иргэдээ түрүүлж авдаг байх тогтолцоог эрх зүй, санхүүгийн болон зохицуулалтын олон талаас нь хангаж өгье.
Эцэст нь “Хөдөлмөр, хөгжлийн үндэс” гэсэн сэдвийн дор нээлтээ хийж байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх Үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, ард иргэдийн маань амьдралд мэдэгдэхүйц бодит үр дүнтэй чуулган болно гэж найдаж байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.