170.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Монгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2010 оны төсвийн жилд 170.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Манай орны хувьд гадаад худалдаа болон төсвийн тэнцлийн алдагдлыг гадаадаас зээл, тусламж авах замаар нөхөж байгаа ч сүүлийн жилүүдэд алдагдлыг санхүүжүүлэхэд дутагдаж байгаа эх үүсвэрийг эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг ашиглан Засгийн газрын үнэт цаас гаргах замаар бүрдүүлж байгаа нь хамгийн оновчтой арга хэрэгсэл юм.
Эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах хэрэгсэл болохоос гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх болон төсвийн зардал санхүүжилтыг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх ач холбогдолтой юм. 2009 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, улирлын шинж чанартай орлогын дутагдлыг нөхөх зорилгоор Монголбанкинд 230.0 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалсан байна.
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАВ
Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сум, Төв аймгийн Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 74287.0 га газрыг төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, отрын бэлчээрийн хилийн заагийг батлав. Дэлхийн цаг уурын дулаарал болон хүний хүчин зүйлийн нөлөөллөөр сүүлийн жилүүдэд бэлчээрийн цөлжилт манай оронд хурдацтай явагдаж байгаа бөгөөд говь, тал хээрийн бүсийн аймгуудад бэлчээрийн даац, багтаамж хүрэлцэхгүй болж аймаг, сум дамжсан отор нүүдэл их хийж байна.
Дундговь, Өвөрхангай, Төв, Булган аймгийн отор нүүдлийн маргаан, зөрчил хурцдаж, зарим талаар орон нутгийн удирдлага, малчдын дунд үл ойлголцох явдал ч гарч байна. Энэ зөрчлийг арилгах зорилгоор төвийн бүсэд аймаг дундын отрын бэлчээр нутгийг шинээр байгуулан тусгай хэрэгцээнд авах асуудлыг судлаж 2009 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасан юм.
Энэ дагуу ажлын хэсэг Төв, Булган, Өвөрхангай аймагт ажиллан судалгаа явуулж саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулав.
Монгол Улсын 2009 оны газрын нэгдсэн сангийн тайланд бэлчээр, хадлангийн 115,3 сая га талбай байна. Үүнээс аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар авсан улсын тусгай хэрэгцээний 5 газартай бөгөөд нийт талбай нь 577.2 мянга га буюу улсын хэмжээний нийт бэлчээр, хадлангийн эдэлбэр газрын 0.5 хувийг эзэлж байна.
ТОГТООЛ, ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
“Төрийн албан хаагчдын болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 321 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг м/кв талбайн үнийг 650.0 /зургаан зуун тавин мянган/” мянган төгрөгөөс хямд байх /нийслэлд/ зарчим баримтлан ... “ гэснийг “орон сууцыг” гэж өөрчлөн найруулахаар болов.
“Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 368 дугаар тогтоолоор батлагдсан “төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын 2.1 дэх хэсгийн “...арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа ...” гэснийг “ашиглалтад орсон шинэ” гэж, 5.1 дэх хэсгийн “...арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа ...” гэснийг “ашиглалтад орсон” гэж тус тус өөрчлөн найруулав.
Төсвийн ерөнхийлөн захирагч нараас төрийн байгууллагуудад 4000 орон сууцны зээлийн эрх /квот/ хуваарилахаас одоогийн байдлаар 127 төрийн байгууллагын 3825 эрх /квот/ тодорхой болж, үүнээс 1078 эрх /квот/ авсан төрийн албан хаагчийн нэрийг Орон сууцны санхүүжилтийн корпорацид ирүүлсэн байна. Үүнээс 787 албан хаагч материалаа бүрдүүлж хүргүүлснээс 119 иргэн орон сууцны сонголтоо хийн худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Төрийн албан хаагчдын сонгосон орон сууцны 1 м/кв-ын үнэ 874.0-1150.0 мянган төгрөг байна. Арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцны 1 м/кв-ын үнэ Засгийн газрын тогтоолд заасан үнээс давсан, орон сууцнаас сонголт хийх боломж хязгаарлагдмал байгаа тухай гомдол их гарч байна. Цаашид зах зээлд борлуулахад бэлэн байгаа, ашиглалтад орсон шинэ орон сууцыг “4000 орон сууц” хөтөлбөрт хамруулах, төрийн албан хаагчдад өрхийн орлогоос нь шалтгаалан 40.0 сая хүртэлх төгрөгийн орон сууцны зээл олгох нь хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.
ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТОВ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. БНУУ-ын Засгийн газар “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газрыг иж бүрэн шинэчлэх зорилгоор 25 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ дагуу үйлдвэрийн одоогийн барилгад их засвар, өөрчлөлт хийхээс гадна орчин үеийн шаардлага хангасан, вирусын гаралтай бүтээгдэхүүн болон хөлдөөж хатаах цех барих юм.
Мөн агааржуулалт, ус, эрчим хүчний хангамж болон бусад дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Биотехнологийн үйлдвэрийн хатуу, зөөлөн хаягдлыг найдвартай цэвэрлэх, халдваргүйуүүлэх, устгах технологийн цэг дамжлагуудыг шинэчлэн, биобэлдмэл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, олон улсын стандартын шаардлага, технологийн дэвшлийг хангасан автомат болон хагас автомат удирдлагатай өндөр хүчин чадалтай, найдвартай ажиллагаатай тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөөд байгаа юм.
“ХҮНИЙ ХӨГЖИЛ САН”-ГИЙН МӨНГИЙГ ИРЭХ САРААС БҮХ ИРГЭНД ОЛГОЖ ЭХЭЛНЭ
“Хүний хөгжил сан”-гаас хишиг, хувь аваагүй иргэдэд хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 4 дүгээр сарын эхний хагасаас эхлүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайдаас 2010 оны 3 дугаар сарын 5-нд өгсөн чиглэлийн дагуу хишиг, хувийг бүх иргэнд олгохоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам бэлтгэл ажлаа хангаад байна. Өмнө нь 0-18 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан гээд 1218.0 мянган хүнд 85.3 тэрбум төгрөгийн хишиг, хувь хүртээсэн бөгөөд ажлын явц 93,1 хувьтай байна.
Хишиг, хувь хүртээх ажлын явцад улсын хэмжээнд баримт бичгийн зөрчилтэй, 50 мянга гаруй иргэн тухай шатны улсын бүртгэлийн нэгж, ажилтанд хандан зөрчлөө арилгуулжээ. Зөрчлийн 70,9 хувийг шилжин суурьшсан иргэн хаягийн бүртгэлийн өөрчлөлтөө хийлгүүлээгүй, иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан, төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн зөрчил эзэлж байна.
КЭЙ ЮҮ /KU/ ЗУРВАСТ ШИЛЖИНЭ
Улс орон даяар дамжуулах телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэхээр Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заасан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 оноос салбарын байгууллагууд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах асуудлыг судлан хиймэл дагуулын Си зурвасаас илүү дэвшилтэт Кэй юү зурваст шилжих саналаа Засгийн газарт танилцуулав. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос Кэй юү зурвасын газрын станц байгуулах, ашиглалт үйлчилгээ эрхлэх үйлчлэгчийг сонгон шалгаруулалтаар шалгаруулжээ.
Шалгарч эрх авсан Жем интернейшнл компани гэрээний дагуу телевизийн 10 сувгийг орон даяар хэрэглэгчдэд үнэгүй хүргэх үүрэг хүлээсэн байна. Харин 10-аас дээш суваг үзэх хэрэглэгч байвал 40700 төгрөгөөр код тайлагч худалдан авах юм. Манай улсад 170 000 гаруй малчин өрх байдгаас 90 мянга гаруй нь телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч байна. Үүний 30-аад хувь нь буюу 24 орчим мянга нь Кэй юү зурвасын хиймэл дагуулын хүлээн авагчийг худалдан авч олон сувгийн нэвтрүүлэг үзэж байгаа судалгаа гарчээ.
Кэй юү зурвасын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ явуулах компани 1 багц төхөөрөмжөө 112200-152900 төгрөгөөр үнэлж байгаа ч зуданд малаа алдсан иргэд энэ төхөөрөмжийг худалдан авах чадвар муутай болоод байна. 2010 оны 7 дугаар сарын 1 гэхэд шинэ системийг нэвтрүүлсэн байх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллах, үнэ тарифын зохицуулалтыг хэрхэн хийх, гарч болох үр дагаврыг судлах, төрөөс малчдад зориулж төсвийн дэмжлэг хэрхэн үзүүлэх, телевиз, интернет контентоор дамжуулж байгаа хүчирхийлэл, садар самуун, нийгмийн эмх замбараагүй байдалд уриалан дуудах зэрэг зохисгүй байдлыг эцэслэж, стандарт тогтоох зэрэг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах болов.
Ажлын хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөллийг оруулахаар болжээ.
КАЗАХ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД АНХААРНА
Баян-Өлгий аймагт казах хүүхдийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиг үүрэг бүхий боловсролын секторыг Боловсролын хүрээлэнгийн бүтцэд байгуулахаар болов. Казах хэл дээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хянаж, казах болон монгол хэл судлах цагийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох замаар сургалтын чанарыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгав.
Казах хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд бага ангид монгол хэлнээс бусад хичээлийг казах хэлээр, дунд ангид нь монгол хэлийг түлхүү судлах, ахлах ангид казах хэлээс бусад хичээлийг монгол хэлээр явуулахаар тогтлоо. Ингэснээр казах хүүхдийн хэлний ялгаатай байдал арилах боломж бүрдэх юм. Мөн казах иргэдийн төрийн албан ёсны хэлний мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавалд үүрэг болгов.
ТОВЧХОН
- Номхон далайн бүсийн стандартын конгрессийн 33 дугаар хурлыг 2010 оны 5 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахыг дэмжиж Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
- Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
- Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаархи стратегийн баримт бичгийг сайшаав. Баримт бичиг болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгав.
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын 2010 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны товч мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар 2 дугаар сард 6 удаа хуралдан, 46 асуудал хэлэлцэж, 21 асуудалтай танилцан, 19 тогтоол, Ерөнхий сайдын 3 захирамж гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын АНУ-д айлчлал хийсэн тухай илтгэх хуудсыг Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.