Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит 18 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.03.25 /
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалтыг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Уг тогтоолд:
•    Өөрийн салбарын хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн төлөв байдалд судалгаа хийж, тэдгээрийн давхардал, хийдэл зөрчлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах арга хэмжээ авах,
•    Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалтнаар ахлуулсан, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоотой Ажлын хэсэг байгуулан ажиллуулах,
•    Яамныхаа бүтэц орон тоонд багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн нэгж байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгав.

Японы иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчино   

Монгол Улс иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор дипломат болон албан паспорттой иргэдийг визээс чөлөөлөх тухай саналыг Япон Улсад ажил хэргийн шугамаар 2001 оноос тавьж ирсэн. Гэвч албан паспорттой манай иргэд Японд хууль бусаар үлдэх тохилдол нэг бус удаа гарсан зэргээс үүдээд саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу авч байв.

Япон Улстай визийн асуудлаар харилцан адил байх зарчмыг баримтлах аваас энэ чиглэлд ойрын жилүүдэд ямар нэгэн ахиц гарах боломжгүй болохыг харгалзан 2009 оны 4 дүгээр сард Гадаад харилцааны сайд С.Батболд Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх хүрээнд Японы иргэдийг визээс чөлөөлөх, харин Японтой байнгын харилцаатай манай бизнесийн болон бусад  салбарын иргэдэд урт хугацаатай, олон удаагийн виз олгох асуудлыг судалж үзэхийг Японы талд санал болгосон юм.

Японы тал 2009 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын Япон Улсад хийсэн айлчлалын өмнөхөн Японы иргэдийг Монгол Улсад визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх асуудлыг тавьж, үүнийгээ манай талаас хүсэлт болгосон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хоёр шаттай иений хөнгөлөлттэй зээл”-ийн хоёр дахь шатыг авах асуудлыг гол нөхцөл болгон тавьсан. Японы энэ саналыг хүлээн авахаар шийдвэрлэж, энэ тухай зарчмын санааг айлчлалын дүнгээр гаргасан Хэвлэлийн хамтарсан мэдэгдэлд тусгасан билээ.

Дээрх айлчлалын бэлтгэлийг хангах яриа хэлэлцээний үеэр Японы ГХЯ-ны төлөөлөгч Монгол Улс Японы иргэдийг визээс чөлөөлсөн тохиолдолд тодорхой хугацааны дараа Монголын дипломат болон албан паспорттой иргэдэд  хөнгөлөлт үзүүлэх, улмаар визээс чөлөөлөх боломжтой гэдгийг илэрхийлж байсан юм. Сүүлийн 10 жилийн дунджаас харахад Монголд зорчиж буй япон иргэдийн тоо 14-15 мянгад хэлбэлзэж байна. Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь жуулчдын тоонд эерэгээр нөлөөлдөг болох нь 2006 онд японы иргэдийг визээс түр чөлөөлсөн арга хэмжээний дүнгээс харагдсан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 оны 4-12 дугаар сарын хооронд Японоос ирсэн зорчигчдын тоо 20.000 давсан байна.

Эдгээр улс төр, эдийн засгийн ашиг сонирхол, мөн Японы талаас визийн холбогдолтой мөрдөж буй практик, тавьж буй санал зэргийг үндэслэн: 

•    Монгол Улсад зорчих Япон Улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд визээс чөлөөлөх асуудлыг зүйтэй хэмээн үзэж, Япон Улсын Гадаад хэргийн яаманд Ноот бичгээр мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт зөвшөөрөв.
•    Япон Улсын иргэдийг 30 хоногийн хугацаанд визгүй зорчуулах ажлыг 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгав.
                           
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлав     

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулж тогтоол гаргалаа.

Уг тогтоолоор:
•    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлав.
•    Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг оны эхнээс эрчимтэй хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
•    Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглах, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах талаар санаачлагатай ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
•    Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг  2010 оны 10 дугаар сард, биелэлтийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

Урлаг, спортод амжилт гаргасан залуусыг шагнав

Москва хотод зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 1-р байр эзэлсэн ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэгт 29.0 сая, мөн уралдаанд 2-р байр эзэлсэн СУИС-ийн оюутан Ч.Энхтайванд 24.0 сая, Монакогийн Вант Улсын Монте-Карло хотод зохиогдсон олон улсын циркчдийн “Premiere rampe” тэмцээнээс хүрэл цом хүртсэн уран нугараач Н.Номинтуяа, С.Үүрийнтуяа, М.Оюунсүрэн, О.Цэцэглэн, Б.Пүрэвдулам, Г.Нямгэрэл, Ж.Цэрэндулам, Ц.Хонгорзул, О.Уугантуяа нарт нийтэд нь 34.0 сая, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн наадмаас хүрэл медаль хүртсэн уран нугараач Б.Уянга, Н.Төгөлдөрсайхан Г.Энхгэрэл, Б.Алтжин нарт нийтэд нь 34.0 сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгохоор шийдвэрлэв.                        

Хуулийн төслүүдийг хэлэлцэв     

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг хуулийн төслийг тодорхой тооцоо судалгааг үндэслэн боловсруулах, шүүхийн талаар төрөөс баримтлах бодлогын уялдаа холбоог хангаж нэг мөр болгох, шүүхийн тогтолцоо, шүүхийн эрх зүйн байдлын тухай асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэсэн саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
2. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан нарын санаачлан боловсруулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж дараах саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов.

Үүнд:
•    Гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэхээр иргэн болон төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар тусгасан нь хэт ерөнхий агуулгатай, ямар тохиолдолд нэхэмжлэх эрх нь үүсэх, гэм буруутай этгээд гэдэгт хэнийг / төрийн албан тушаалтан, байгууллага, иргэн, аж ахуйн нэгж/ хамруулах зэрэг хэрэгжих механизм нь тодорхой бус байгааг нарийвчлан тодорхойлж хуулийн төсөлд тусгах,
•    Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал, амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан тул ямар тохиолдолд иргэн, төрийн байгууллага нэхэмжлэл гаргахыг нарийн зааж өгөх зэрэг саналыг тусгажээ.

Томилгоо:
    
Ургамалын Бямбасүрэнг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томиллоо.
•    Тэрбээр 1972 онд Улаанбаатар хотод төрсөн.
•    1990 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1994 онд Гадаад хэлний дээд сургууль, 1998 онд Италийн Милан хотын Боккони Их сургуулийн Удирдлагын сургуулийг тус тус төгссөн.
•    Гадаад хэлний багш, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.
•    1994-1997 онд “Монгол даатгал” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт мэргэжилтэн, ахлах менежер, ерөнхий менежер
•    1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ахлах менежер, ерөнхий менежер
•    2005-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх
•    2007 оноос МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
•    Төрийн албанд таван жил ажилласан.

Санжаажавын Батмөнхийг  Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргаар дахин томиллоо. Тэрбээр 2006-2009 оны хоёрдугаар сар хүртэл энэ албыг хашиж байсан юм

Товчхон:
•    2010 онд Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлав. 2010 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 2 сая 300 мянган төгрөг байхаар тогтоов.
•    Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтын 2009 оны хэрэгжилтийн тайлантай танилцаад зарчмын хувьд зөвшөөрч УИХ-д танилцуулахаар тогтов.
•    Хөвсгөл аймгийн төсөвт байгууллагуудаас “Хөвсгөл дулаан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2010 оны түлш, халаалтын эхний хагас жилийн зардалд төлөх 1.482.0 сая төгрөгийн тооцоог хянасны үндсэн дээр улсын төсвөөс 2010 оны төсвийн жилд багтаан  эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэх арга хэмжээ авахаар болов.
•    Монгол Улсын 2011 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, мэдэгдлийн үзүүлэлтийн тухай болон “Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Сангийн сайд С,Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулж Засгийн газрын гишүүд санал бодлоо илэрхийлэв.
•    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 1 дүгээр сарын 28-аас 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 40 дүгээр чуулга уулзалтад оролцож, Европын Холбоонд айлчлал хийсэн дүнг хэлэлцээд ҮАБЗ-д оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
•    БСШУ-ны сайд Ё.Отгонбаярыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Соёлын сайд нарын 7 дугаар чуулга уулзалтад 2010 оны 3 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд оролцуулах, БНСУ-д 2010 оны 3 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд томилон ажиллуулах нь зүйтэй хэмээн үзэж, хуралдаанд оролцох хөтөлбөр болон айлчлалын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
•    БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын Бүгд Найрамдах Франц Улс, ХБНГУ, ИБУИНВУ-д айлчлал хийсэн тухай мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
КЭМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРӨӨР ХИЧЭЭЛЛЭХ АНХНЫ СУРГУУЛЬ НЭЭГДЛЭЭ
ШИЛДЭГ СУРАГЧДАД ЕРӨНХИЙ САЙДЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОВ
Зарлах, шалгах, дүгнэх аргаа ил тод болгоё
Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв
САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АВСТРИ, УНГАР УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан