Дайнд оролцсон 41 ахмад дайчин орон сууцтай боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сарын 1 - Эх орончдын өдөр байрных нь түлхүүрийг Төрийн ордонд гардуулж баяр хүргэв. Өнөөдрийн байдлаар 1620 ахмад дайчнаас 2009 оны батлагдсан төсвийн хүрээнд 536 нь нэг өрөө байртай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө болон байраа аваад байна. Засгийн газар энэ оны нэгдүгээр улиралд багтаан үлдсэн ахмад дайчдад байр өгөхөөр төлөвлөсөн гэж Ерөнхий сайд хэлэв. Оны эхэнд 77 ахмад дайчинд 2,7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 20 ахмад дайчинд 0,7 тэрбум төгрөгийн орон сууц олгож, Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 212 дугаар тогтоолын дагуу орон сууц олгох ажлыг эхлүүлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.