Засгийн газрын ээлжит 15 дугаар хуралдаан хуралдаж дараахи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
“Ажлын хэсэг байгуулах тухай” Ерөнхий сайдын 2010 оны 9 дүгээр захирамжаар өгсөн үүргийн дагуу Клиникийн I амаржих газарт нярайн халдвар гарсан шалтгааны талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан дүгнэлтэд үнэлгээ өгөх, ЭМЯ,Нийслэлийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ЗДТГ, Клиникийн I амаржих газар, нийслэлийн II, III амаржих газар, ХӨСҮТ зэрэг байгууллагаас эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийсэн ажилд дүгнэлт гаргах, ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүнг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Үүнтэй холбогдуулан:
• Нийслэлийн амаржих газар болон улсын эмнэлгүүдийн орчинд замбараагүй олгосон газрыг хот байгуулалт, төлөвлөлтийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цэгцлэх, эрх зүйн орчин болон стандартын шаардлагад нийцүүлэн мөрдүүлэх, шинэчлэн боловсруулах, инженерийн шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх,
• Шинэ амаржих газрын байршлыг оновчтой тогтоох,
• Амаржих газруудад ашиглаж байгаад үйл ажиллагааных нь зориулалтыг өөрчлөн бусдад шилжүүлсэн, түрээслэсэн байруудыг судлан үзэж, эмнэлгийн зориулалтаар ашиглах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, биелэлтийг 2010 оны II улиралд багтаан Засгийн газарт танилцуулах. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа барилгын засварыг тендергүйгээр явуулдаг буруу үйл ажиллагааг таслан зогсоох
• Бараа, ажил үйлчилгээ худалдан авах, эргэлтийн хөрөнгийн норм, норматив тогтооход чиглэсэн хууль тогтоомжийг мөрдөж ажиллах,
• Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах,
• Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа амаржих газрын төрөх тасгийн орны хэрэгцээ болон нэг эх, нярайд ногдох зардлын хэмжээг үндэслэлтэй тогтоож мөрдүүлэх,
• Ажлын хариуцлага алдсан зарим удирдах ажилтан, албан тушаалтантай хариуцлага тооцож дүнг Засгийн газарт мэдэгдэх,
• Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж дүнг Засгийн газрын хуралдаанд 2010 оны III улиралд багтаан танилцуулах зэрэг үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороо дэмжсэн тохиолдолд уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар боллоо.
Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн гол зам, Азийн авто замын сүлжээний Монгол дахь АН-3 чиглэлийн нэг хэсэг юм. Бүс нутгийн замын барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 43,1 сая ам долларын /Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл/, БНСУ-ын Экспорт, импорт банктай 23,9 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газартай 1,5 сая ам долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг тус тус байгуулсан. Энэ зам баригдсанаар АН-3 чиглэлийн Монгол дахь хэсэг хатуу хучилттай замаар бүрэн холбогдох юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН САНАЛД ХАРИУ ӨГӨВ
Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн буудайн нөөц, чанарын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн саналд өгөх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн хариуг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган Ерөнхийлөгчид хүргүүлж танилцуулахаар тогтов. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцөд буудай хүлээн авах, хадгалах, сэлгэх, шинэчлэх, худалдан борлуулах, технологийн болон мэргэжлийн хяналт тавихдаа Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн албан бичигт дурдсан саналыг байнга анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болгов.
Төрөөс тариаланч, малчдыг дэмжих бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ ил тод байдлыг хангах, дэлхийн жишиг болон үндэсний онцлогыг харгалзан үзэж байх, нөөцийн буудайг худалдан авах, борлуулах ажлыг зохион байгуулахдаа хөндлөнгийн оролцоо, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болголоо.
МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ УСТГАНА
2010 оны 3 дугаар сарын 02-ны байдлаар улсын хэмжээгээр 3.0 сая гаруй мал хорогдоод байгаагийн 90 гаруй хувь нь Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймагт ногдож байна. Улсын Онцгой комиссоос хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан шаардагдах хөрөнгийн зардлын тооцоо, төсвийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан юм.
Мэргэжлийн байгууллагынхан хорогдоод байгаа малын тоог 5 дугаар сарын дунд үе хүртэл 2 дахин нэмэгдэж 5.0 саяд хүрч болзошгүй хэмээн үзсэн байна. Иймд хүн, малын халдварт өвчин дэгдэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор малын сэг зэмийн 60 хувийг цуглуулан устгах ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг гаргахаар шийдвэрлэв.
УНАСАН БИЕТИЙГ ДЕЛЬТА II-ЫН ҮЛДЭГДЭЛ ГЭЖ ДҮГНЭВ
Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан сансрын зөөгч пуужингийн үлдэгдлийн талаар хэлэлцэв. Унасан биетүүд нь АНУ-ын хөөргөсөн Дельта II сансрын зөөгч пуужингийн үлдэгдэл хэмээн мэргэжлийн байгууллага дүгнэсэн байна.
Хуралдаанаас:
• Агаар-сансрын орон зайн хяналтыг олон улсын эрх зүйн хүрээнд мөрдөж ажиллах, цаашид сансрын орон зайд буй сансрын пуужингийн хог, жижиг биетийн аюулаас сэргийлэх, агаар-сансрын аюулгүй байдлыг хангах төрийн бодлого боловсруулж Засгийн газарт танилцуулах,
• Монгол Улсын агаар-сансрын орон зайн аюулгүй байдлыг хангах, түүнийг хэрхэн ашиглах талаархи хууль тогтоомжийн төслийг боловсруулах, холбогдох улс, олон улсын байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийхийг холбогдох яамны сайд нарт даалгав.
Товчхон:
• Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын харилцан тохиролцсон болон өөрсдийнх нь зөвшөөрсний дагуу Нацагийн Батсуурийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Түдэвхүүгийн Гантулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус нэг жилийн хугацаагаар үргэлжлүүлэн ажилуулахаар шийдвэрлэв.
• Улсын бүртгэлийн хяналтын дүрэм батлах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол батлахаар болов.
• Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Лхагвын Мөнхбаатарт Бүртгэлийн хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгов.
• Иргэн бүрт олгох “Хүний хөгжил сан” дэвтэр болон маягтыг орон нутаг хүргэх тээврийн зардалд шаардагдах хөрөнгө, хүн ам олонтой сум, хорооны иргэдэд хишиг, хувь олгох ажил гүйцэтгэж, ачаалал ихтэй ажиллаж байгаа сум, хорооны нийгмийн болон гэрээт ажилтны илүү цагийн хөлсөнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэв. Мөн “Хүний хөгжил” сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, иргэдийн аюулгүй байдлыг хангах, сахилга дэг журмыг сахиулах талаар дэмжлэг үзүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Д.Сандаг-Очир/-д үүрэг болгов.
• “ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн яаралтай хамгаалах жагсаалтад Монгол Улсын соёлын өвийн жагсаалтыг нэр дэвшүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн заалтыг үндэслэн гаргуулах нь зүйтэй хэмээн үзэж, Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
• Судан Улсын Дарфур дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 60 хүний бүрэлдэхүүнтэй “Цэргийн хээрийн II шатны баг”-ийг оролцуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд ҮАБЗ-д оруулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгав.
• Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Макаогийн Засаг захиргааны Онцгой Бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарт олгов.
• Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг 2010 оны 3-р сарын 10-12-ны өдрүүдэд Швейцар Улсын Женев хотноо байрлах Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын удирдлагуудтай уулзах уулзалтад оролцохыг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар болов.
• Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын 2010 оны 02 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд ОХУ-д хийсэн ажлын айлчлалын дүнтэй танилцав.
• 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Дели хотноо болсон Улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарын хамтын ажиллагааны Монгол-Энэтхэгийн хамтарсан хорооны II хуралдааны дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Ё.Отгонбаярт даалгав.
Томилолт
• Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн саналыг үндэслэн Стандартчилал хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
• Нацагдоржийн Бямбасүрэнг Засгийн газрын хэрэгүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын даргын албан тушаалд томилов. Н.Бямбасүрэн 1968 онд төрсөн. Эрэгтэй. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 1986 онд ОХУ-ын Москва хотын Автомеханикийн дээд сургууль, 2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. 2008 онд БНСУ-ын Хандоны их сургуулийн магистрантурт элсэн суралцаж төгссөн. Механик-инженер, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, орос, англи хэлтэй. 1995-2000 онд газрын тосны “Баян Ойл” ХХК-д механик-инженер, 2000-2003 онд Азийн Хөгжлийн Банк, Нордикийн хөгжлийн сангийн санхүүжилттэй Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нэгжид мэргэжлийн боловсрол, сургалт хариуцсан мэргэжилтэн,2003-2008 онд “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д Техникийн мэргэжлийн сургалтын менежер, 2006-2007 онд Мянганы сорилтын сангийн төсөл боловсруулах нэгжид Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний шинжээч, 2008 оны 11 дүгээр сараас “Моннис Интернэшнл” ХХК-д Дэд ерөнхий менежерээр ажиллаж байна. Төрийн албанд 4 жил ажилласан.