Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ-СЕМИНАРЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.14 /
Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэн, төр-ард түмний эргэх холбоог хангаж ажилладаг орон нутгийн удирдлагууд Та бүхэнтэй уулзаж байна. Манай Засгийн газрын гишүүд өөрсдийн эрхэлсэн салбар, хүрээний асуудал, 2010 онд баримтлах бодлого, чиглэлийнхээ талаар тодорхой мэдээлэл хийнэ. Тиймээс би салбарын шинжтэй асуудлыг хөндөхгүй, зарим зүйлийн талаар байр сууриа илэрхийлэн санал бодлоо хуваалцъя гэж бодлоо.

Өнгөрсөн онд явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдаж, сонгогдсон ИТХ, Засаг дарга нар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг жил, хоёр сар боллоо. Энэ хугацаанд Засгийн газрын болон өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд дэвшүүлсэн зорилтуудын эхлэлийг тавьж, цаашид бүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн гэж бодож байна. Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засаг дарга, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах төлөөллийн байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Та бүхний нягт хамтын ажиллагаа, бүтээлч санаачилгаас олон ажлын хувь заяа шалтгаална.

Манай Засгийн газар “Хүний хөгжил”-ийн төлөө бодлого боловсруулан хэрэгжүүлж, монгол хүн бүрээ ажилтай, орлоготой, боловсролтой болгох зорилт тавин ажиллаж байна. Бас Монгол төр иргэн бүртээ ойрхон байх ёстой. Тиймээс хүний төлөө, хүндээ ойрхон байхыг анхаарч ажиллах нь зүйтэй. Боловсролын салбарт Кембрижийн стандартыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх, эдийн засгийн салбарт хөрөнгийн зах зээлийн шинэчлэл хийх, дэд бүтцийн салбарт цогцолбор төслүүдийг эхлүүлэх, уул уурхайн салбарт Тавантолгой зэрэг стратегийн томоохон ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, байгаль орчны салбарт ногоон зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг бий болгох, нийгмийн хамгааллын салбарт халамжийн тогтолцоог өөрчлөхөөс гадна бусад олон салбарт шинэчлэл хийхээр зорьж байна.

Энэ бүхнийг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх явдлыг үйл ажиллагааныхаа үндсэн зорилтын нэгээр тодорхойлсон. Өнөөдөр иргэд идэж уух, өмсөж зүүхээр гачигдаж бухимдахаас илүүтэйгээр төрийн зарим байгууллага, албан тушаалтнаас жирийн иргэдэд хандах ялгавартай хандлага, тэдний ажил үйлчилгээнд саад болсон чирэгдэл, хүндрэл, төрийн албан хаагчдын ажил хэргийн мэдлэг, мэргэжлийн чадвар дутмаг, хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлгүй байгаад ихээр бухимдаж байна.

Аймаг орон нутгийн удирдлагууд хөшүүн хойрго, ард түмнээ алагчилж ялгаварладаг, дуу хоолойг нь сонсдоггүй, аливаа халамж үйлчилгээг хүрэх ёстой хүнд нь хүргэдэггүй гэсэн иргэдийн шүүмжлэл ихсэх боллоо. Энэ бүхнийг засаж залруулах, хариуцлагаа өндөржүүлэх шаардлагыг хаа хаанаа биелүүлэх хэрэгтэй байна. Тиймээс хууль тогтоомжийн биелэлтийг  өөр өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж хангах нь Та бүхний хэнтэй ч хуваахгүй үндсэн үүрэг мөн. Энэ талаар анхаарах зүйл цөөнгүйг онцлон хэлэхийг хүсч байна.

Чухамдаа иргэдийнхээ амьдралд нэн шаардлагатай асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэж, тэдний аливаа байр суурьт хүнд суртал, чирэгдэлгүй хандахыг зөвлөж хэлэхэд илүүдэхгүй. Төрийн ажлыг бүх шатанд ил тод, нээлттэй, олон нийтийн хяналтанд байлгах хэрэгтэй. Орон нутгаас ирж байгаа гомдол санал дотор тендерийн асуудал олонтоо давтагдах боллоо. Аливаа тендерийн шалгаруулалтанд иргэдийн хяналтыг бий болгож, төрийн бус байгууллагын түншлэлийг өргөн ашиглах хэрэгтэй. Энэ талаар Өвөрхангай аймаг багагүй туршлага хуримтлуулжээ.

Төрийн албаны төдийгүй Монгол Улсын нэр хүндийг авилгал хээл хахуулын асуудал унагаж байна. Улс орны хөгжлийн хурдыг албан тушаалтнуудын хүнд суртал, шударга бус байдал хойш нь чангааж байна. Хурдан нь удаанаа ялан дийлэх болсон цаг үе биднээс үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийнхээ хурдыг нэмж ажиллахыг шаардан сануулах болов. Азийн сангаас энэ оны 9 дүгээр сард явуулсан судалгаагаар орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын түвшинд авилга авах хандлагын үзүүлэлт 3.47 хувь байгаа нь анхаарал татсан үзүүлэлт юм. Тиймээс авилгатай тэмцэх ажилд иргэд, төрийн бус байгууллагын хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх, төрийн аливаа шийдвэрийг ил тод болгох асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Төрийн захиргааны ажлын арга барилыг шинэчлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тэдний хандлага сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байна. Боловсон хүчнийг таарч тохирох ажил дээр нь байршуулах явдал чухал. Удирдан зохион байгуулах авъяасгүй, мэдлэг чадваргүй хэн нэгнийг найз нөхөд, улс төр, танил тал харан албан тушаалд томилох явдал төрийн нэр хүндэд муугаар нөлөөлөх боллоо. Тиймээс боловсон хүчнийг сонгож шалгаруулдаг хууль, эрх зүйн хэм хэмжээг орон нутагт ил тод болгож мөрдөх хэрэгтэй. Саяхан орон нутагт ажиллахад мал, аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна. Орон нутагт байдал, төлөв амаргүй байгааг үзэж танилцлаа.

Аймгуудын удирдлагууд та бүхэн намар болохоор өвөлжилтийн бэлтгэлийг 90-ээс дээш хувьтай хангасан мэдээг Засгийн газарт ирүүлдэг. Тун удалгүй түрүүчийн цаснаар өвс тэжээл нэхэж эхэлдэг. Энэ жил ч ийм үйл явдал давтагдаж байна. Ганц удаа өвөл болж байгаа биш шүү дээ. Иймэрхүү арга барилаар бид асуудлыг шийдэхгүй. Засаг төр ч үүнд анхаарч ажиллах нь зүйтэй. Малчдад орлоготой байх үедээ малдаа хөрөнгө оруулалт хийх арга ухааныг зааж сургах, тийм нөхцлийг бүрдүүлэхэд туслах талаар орон нутагтаа тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх бодлого сайн биш байна.

Аймгуудын эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй байгаа энэ үед тус салбарын тогтвортой өсөлтийг хангах хэрэгтэй. Мөн мал аж ахуйг эрсдлээс хамгаалах, бэлчээрийн даацад тохирсон оновчтой тооны өндөр ашиг шимтэй мал сүргийг бий болгож, мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг зүй зохистой хөгжүүлэх асуудал цогцоор тавигдах болов. Тиймээс Засгийн газар 21 аймагт мах, сүүний үйлдвэр байгуулах талаар цогц бодлого боловсруулж ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн худаг ус гаргах, мал эмнэлгийн үйлчилгээнд өөрчлөлт оруулах талаар ч тодорхой бодлого хэрэгжүүлнэ.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь мал аж ахуйг тэжээлийн ургамлын тариалалттай хослуулахыг шаардаж байна. Гол, мөрний ай сав, худаг, булаг шанд, цас, борооны усыг хуримтлуулан ашиглах замаар аль ч нутагт тэжээлийн ургамал тариалах бололцоо их бий. Гагцхүү хийе гэсэн сэтгэл, уйгагуй хөдөлмөр, зөв зохион байгуулалтын үр дүнд л бодит ажил болох учиртай. Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх, энэ бүс нутгаас тал хээрийн болон говийн бүсийн аймгуудад өвс, тэжээл бэлтгэж нийлүүлдэг шууд харилцааг бий болгох талаар бүсийн зөвлөлүүдийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх, аймгуудын удирдлагуудын хооронд ийм зохион байгуулалт хийхэд боломжтой гэж бодож байна.

Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал хөдөөгийн ард түмний аж амьдралд хүндээр нөлөөллөө. Хямралыг даван туулах талаар аймаг, нийслэлийн удирдлагууд дотоодын нөөц бололцоогоо бүрэн дайчлан, тусгай төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэж  найдаж байна. Тухайлбал, Ховд аймаг санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, өөрсдийн нөөц боломжоо бүрэн ашиглах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай.

Манай улсын эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж эхэллээ. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг олгоход орон нутгийн удирдлагуудад эрх мэдлийг түлхүү олгосон. Энэ нь тухайн бүс нутагт оршин амьдарч байгаа иргэдийн эрх ашигт нийцүүлэхтэй холбоотой эрх мэдэл билээ. Гэтэл иргэд аймаг орон нутгийн удирдлагуудаа  ашигт малтмалын орд газрын зөвшөөрөлтэй холбогдуулан ихэд шүүмжлэх болсон. Тиймээс ашигт малтмалтай холбогдох аливаа зөвшөөрлийг олгохдоо иргэдийн оролцоотой шийдэж, байгаль орчныг хамгаалах бодлоготой нягт уялдуулах асуудлыг анхаарах хэрэгтэй байна.

2010 оны улсын төсвийг УИХ-аар баталж, Та бүхэн салбарын сайдуудтай хамтран ажиллах, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулна. Салбарын яамдаар дамжуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зардлыг бололцоотой хэмжээгээр олгоно. Орон нутгийн төсвийн зардал 2010 онд энэ оныхоос 35.7 хувиар буюу 72.6 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Батлагдсан төсвийн хөрөнгийг зардлыг санхүүжүүлэхэд бус үр дүнгийн төлөө зарцуулах тогтолцоог бий болгох, төсвийн орлого бүрдүүлэх, татварын баазыг өргөжүүлэх талаар санаачилга гарган ажиллах хэрэгтэй. Хөдөө орон нутагт хөрөнгө мөнгө шаардагдсан олон асуудлууд бийг бид ойлгож байна.

Улсын төсвийн хөрөнгийг зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд үр ашигтай зарцуулахын зэрэгцээ барилга байгууламж, хөрөнгө оруулалтын ажилд тавих хяналтыг сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Урьд өмнөх сургамжаас харахад тендер будилдаг, чадваргүй гүйцэтгэгчээр чанаргүй ажил хийлгээд дараа нь дахиад л мөнгө нэхдэг зуршил түгээмэл бий. Үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Энэ бол ажил хариуцсан хүмүүсийн ажилдаа ямар сэтгэлээр ханддагийн илрэл юм. Нөгөө талаар хариуцлагын тогтолцоо илт үгүйлэгдэж буйг сануулж байгаа болно.

Засгийн газар иргэн бүрээ ажилтай болгох том зорилт тавин ажиллаж байна. Орон нутгаас ажилгүйдэл ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгоход хөрөнгө санхүүгийн эх үүсвэр олддоггүй тухай асуудлыг байнга тавьдаг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор 2009 онд 30.0 тэрбум, 2010 онд мөн адил хэмжээний мөнгийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох болсон. Энэ ажлын зарим үр дүн гарч 350-иад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулагдаж, 960 үйлдвэр техник, технологоо шинэчилж, нийт 5200-аад ажлын байр бий болсон гэсэн мэдээ байна. Цаашид үүнийг үргэлжлүүлж бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах нь та бидний хамтын зорилт байх болно.

Төр засаг сүүлийн жилүүдэд орон нутгаас тавьсан асуудлуудыг шийдвэрлэх, авто зам, эрчим хүчний байнгын эх үүсвэр гээд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр нэмэгдүүлж байгаа. Орон нутгийн төсвийн давсан орлого, томоохон аж ахуйн нэгж, компаниудаас үзүүлж буй дэмжлэг, олон улсын төсөл хөтөлбөрийн  хөрөнгөөр  хийгдсэн хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол нилээд тоо гарна. Энэ их хэмжээний хөрөнгө оруулалтын үр ашиг юугаар хэмжигдэж байгааг ч бас тооцох шаардлагатай. Олдсон хэмжээгээр нь зараад байх биш бидний эцсийн зорилго болсон ард түмний амьдралын түвшин сайжирч байна уу, тийм зорилгод зарцуулагдаж байна уу гэдгийг эргэн харах шаардлагатай.

Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах асуудал ихээхэн яригдаж байгаа. Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн эхэн үед эдийн засаг санхүүг төвлөрүүлж үр ашигтай зарцуулах, нөгөө талаар төрийн захиргааны зүгээс нэгдсэн бодлогоор нийгмийн харилцааны хэм хэмжээг тогтоох зайлшгүй шаардлагаар санхүүгийн болон захиргааны төвлөрөл бий болсон. Хөгжлийн өнөөгийн түвшингээс эргэн харахад олон жилийн өмнө бий болгосон төвлөрөл нь зарим талаар чөдөр тушаа болж эхэлжээ. Энэ нь улс орны хөгжил, шийдвэр гаргах түвшний хурдыг саармагжуулах, асуудлыг шийдвэрлэхэд төвөг учруулж байна.

Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төвлөрлийг сааруулах тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Төвлөрлийг сааруулах асуудлыг засаг захиргааны эрх мэдлийн төвлөрөл, төсөв санхүүгийн төвлөрлийн чиглэлээр авч үзэж болох юм. Төсөв, санхүүгийн төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд улсын төсөв, орон нутгийн төсөв хоёрын хоорондын зүй зохистой харилцааг бий болгох хэрэгтэй байна. Энэ асуудлыг авч үзэхдээ аймаг хоорондын, бүс хоорондын орлогын зөрүүтэй байдал гүнзгийрэхээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулалтын, ажил эрхлэлтийн, бизнесийн орчны, хүний хөгжлийн зэрэг ялгаатай байдлыг багасгах зэрэг олон асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлага тавигдаж байна.

Санхүүгийн төвлөрлийг сааруулна гээд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийг хүчингүй болгосноор асуудал шийдэгдэхгүй. Харин энэ хуулийн ямар зүйл заалт нь амьдралд тохирохгүй саад тотгор болоод байна гэдэг дээр мэргэжлийн талаас дүн шинжилгээ хийж хандах хэрэгтэй. Төсвийн төлөвлөлт, зарцуулалтын эрх мэдлийн хуваарилалтыг засаглалын түвшин хооронд оновчтой тогтоох тухай асуудлыг бид илүүтэй авч үзэх ёстой. Харин засаг захиргааны эрх мэдлийн төвлөрлийг аль болох багасгаж, орон нутагт эрх мэдлийг өгдөг тогтолцоонд шилжинэ.

Эцэст нь хэлэхэд Засгийн газрын байгууллагууд бүх түвшинд үг яриа нь үйл хэрэгтэйгээ нэгддэг, хариуцлагатай ажилладаг байх ёстой. Төрийн албанд хууль бус үйлдэл, ёс зүйн гажуудал зэрэг хүнд суртлын аливаа илрэлийг гаргахгүй байх, хэрэв ийм гажуудал гаргасан албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх нь шударга ёсонд нийцнэ. Аливаа ажил болгон эзэнтэй байж, амжилт ололт гаргасныг нь урамшуулдаг, алдаа дутагдал гаргасанд нь хариуцлага тооцдог зарчмыг тогтмол мөрдөж ажиллахыг та бүхэнд онцлон анхааруулж байна.

Өнгөрсөн жил Ерөнхий сайдаас Та бүхэнд төрийн үйлчилгээг хүндээ ойртуулах, удирдлагууд сум, баг бүхэнд хүрч олон нийтийн гүнд орж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахаар өгсөн үүргийн хэрэгжилт сайнгүй байна. Түүнчлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээллээр хангах, тэднийг шийдвэр гаргахад татан оролцуулах талаар санаачилга муутай байна. Та бүхний олон нийттэй ажилладаг арга хэлбэр аймгийн төв дээр явагддаг FM радио, орон нутгийн телевизийн суваг, цөөн тоогоор хэвлэгддэг хэдэн сонин, жилдээ ганц нэг удаа ард иргэдтэй хийдэг уулзалт, хурлын хэлбэрээс хэтрэхгүй байгаадаа дүгнэлт хийхийг онцлон анхааруулъя.

Өнгөрсөн 7 хоногт зарим аймгуудын дарга нар Солонгос Улсад сургалтанд хамрагдлаа. Цаашид орон нутгийн хурлын болон төрийн захиргааны ажилтнуудын чадварыг сайжруулах, хөгжүүлэх үүднээс сургалт семинар зохион байгуулах талаар Засгийн газар анхаарч ажиллана. Орон нутгийн нутгийн удирдлагуудад Та бүхэн гадаад, дотоодод  явагдаж байгаа сургалт, семинар, томилолтод сайн хамрагдаж чадаж байгаа боловч сум, дүүрэг, баг, хороонд хүрч ажиллах талаараа анхаарал бага тавьж байна. Иймд засаг захиргааны анхан болон дунд шатны нэгжүүдэд хагас, бүтэн жилдээ хүрч ажиллаж байх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хяналтаа тавьж байвал зохино. Би өөрөө ч гэсэн Ерөнхий сайдын хувьд ирэх жилд бүх аймгуудад очиж ажиллахаар төлөвлөж байна.

Энэхүү уулзалт семинараас тодорхой албан даалгавар гаргана. Та бүхэн хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллаарай. Хөдөө орон нутагт шийдлээ хүлээсэн олон асуудал байна. Энэ бүхнийг бид хамтдаа шийдвэрлэж чадна. Та бидний зорилго, үйл ажиллагаа нэгдмэл, үр дүн, амжилт бүтээл хамтынх байх ёстой.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засаг дарга нарын семинар болж байна
ЕРӨНХИЙ САЙД САХИЛГА, ДЭГ ЖУРАМ, ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХААР ҮҮРЭГ ӨГЛӨӨ
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Ерөнхий сайд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ, ХҮРЭХ ҮР ДҮН” УУЛЗАЛТАНД ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарт ажиллав
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан