Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ, ХҮРЭХ ҮР ДҮН” УУЛЗАЛТАНД ХЭЛСЭН ҮГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.13 /
2009 оны 12 дугаар сар 13.         Улаанбаатар хот.            ХХААХҮЯ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, аймаг орон нутгийн удирдлагууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Улиран одож буй 2009 он манай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд амжилт ололтоор дүүрэн, арвин ургац хурааж, мал сүргээ өсгөсөн сайхан жил болон өнгөрч байна. Манай улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн  салбар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 40 шахам хувийг үйлдвэрлэж, нийт ажиллагсдын 60 гаруй хувийг тогтмол ажлын байраар хангадаг бодит эдийн засгийн томоохон салбар билээ.

Засгийн газраас “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг боловсруулан гаргасан бөгөөд тариаланчдын нөр хөдөлмөрийн үр дүнд эхний хоёр жилд тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд төрөөс газар тариалангийн салбарт 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр парк шинэчлэлийг нэмэгдүүлж, техник үйлчилгээний нэгжүүдийг байгуулах, хор, үр, бордооны үнэд хөнгөлөлт үзүүлсэн нь тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд хөрөнгийн хуримтлал бүрдүүлэх боломж болсон.

Төрөөс тус салбарт үзүүлэх ийм их хэмжээний дэмжлэг, туслалцаа цаашид удаан үргэлжлэх боломжгүйг анхаарч, аж ахуй эрхлэгчид өөрсдийн бий болгосон техник, санхүү, үрийн нөөцөө ухаалагаар захиран зарцуулах, арвижуулан өсгөх бодлоготой ажиллах ёстой. Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд энэ онд  392.9 мянган тонн үр тариа, 156.0 мянган тонн төмс, 81.4 мянган тонн хүнсний ногоо хураан авлаа. Энэ үзүүлэлт бол манай улсын сүүлийн 15 жилд хүрсэн хамгийн өндөр амжилт  гэдгийг бид бахархан ярьж байна.
 
Улсын хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар нийт төллөх малын 81 хувь нь буюу 15,2 сая толгой мал төллөсөн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.3 хувиар илүү бөгөөд  гарсан төлийн 91 хувь нь бойжиж байна. Танай яамнаас гаргасан мэдээллээс үзвэл манай улсад энэ өвөл нийт 48 сая гаруй мал өвөлжиж байна. Үндэсний статистикийн хорооноос явуулж буй малын тооллогын урьдчилсан дүн удахгүй гарснаар бид илүү тодорхой тоо мэдээлэлтэй болно.

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын нөлөөгөөр манай улсын зарим салбарын үйлдвэрлэл буурч байгаа боловч мал аж ахуй 10 хувь, газар тариалан 30 хувь, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл  8 орчим хувиар өсөхөөр байгаа нь томоохон амжилт юм. Амжилтынхаа энэ буухиаг ирэх жилүүдэд ч улам бүр өсгөж бататгана гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд бид мал аж ахуй, газар тариалангийн салбартаа уламжлалт арга барил, зохион байгуулалтаа хэрэглэхийн зэрэгцээ шинэ менежмент, шинэ арга технологийг өргөн далайцтай нэвтрүүлэх шаардлагатай.

Та бүхэнтэй уулзаж байгаа энэ боломжийг ашиглаж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн зорилт, түүнд хүрэх арга замуудын талаар санал бодлоо хуваалцъя.

Газар тариалангийн салбарын хөгжлийн талаар:

“Атрын III аян” хөтөлбөр өмнөө тавьсан томоохон зорилтдоо хүрч, газар тариалангийн салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргахад зохих нөлөөгөө үзүүлж, үр дүнгээ өгч байгаа. Гэвч хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд  хүргэх шаардлага байгааг анхаарч ажиллах ёстой. 

Энэ салбар зөвхөн төрийн дэмжлэгээр бус газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, тариаланчдын өөрсдийнх нь хичээл зүтгэл, идэвх санаачилгаар өрнөн хөгжих учиртай гэдгийг энд зориуд тэмдэглэж байна. Түүнчлэн “Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д заасны дагуу газар тариалангийн салбарын зах зээлд бие даан өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадавхийг бэхжүүлэх, эрчимжүүлэх, мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлэх, даатгалд хамруулахад онцгой анхаарах хэрэгтэй.
 
Товчхон хэлэхэд, шинжлэх ухааны ололтод тулгуурласан, шинэ технологи, ноу-хау-г шингээсэн, орчин үеийн шинэ менежмент бүхий газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх шаардлага зүй ёсоор урган гарлаа. Ийм шинэ менежмент, технологийг нэвтрүүлж, үр дүнд хүрч байгаа бодитой жишээ ч бидэнд бий. Тухайлбал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, өндөр технологийг хослуулан хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг цогцолбороор нь Сэлэнгэ  аймгийн Цагаан нуур сумын нутагт явуулж буй “Баяндулаан уул” ХХК-ийн хүрсэн  амжилт, үр дүнгийн жишээг ч энд дурьдаж болохоор байна. 
 
Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хуурайшилт нь манай хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд улам бүр сөргөөр нөлөөлөх болж байна. Жилээс жилд хур тундасны давтамж алдагдаж усны хомсдол, хуурайшилт нэмэгдэж, газар тариалангийн үндсэн суурь болсон хөрсний элэгдэл, эвдрэл нэмэгдлээ.

Хойд Америкт 1930-аад оны үед газар тариалангийн үйлдвэрлэлийг тодорхой бодлого, төлөвлөгөөгүй эрхэлснээс тариалангийн талбайн хөрс маш ихээр элэгдэлд орж, фермерүүд нь эрүүл мэндийн хувьд ихээхэн хохирол үзэж байсан түүх бий. Гэсэн хэдий ч тэд энэ тулгарсан асуудлаа өөрсдөө засаж залруулан дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлснээр газар тариалангийн салбар нь эрчимтэй хөгжиж өнөөдөр дэлхий нийтэд үлгэр жишээ болохуйц түвшинд хүрсэн сайн жишээ, бодит туршлага байна.

Манай улстай байгаль цаг уурын хувьд ижил төстэй нөхцөлд оршдог Канад зэрэг орны өндөр бүтээмжтэй, эрчимжсэн газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи, менежментээс суралцах, хэрэгжүүлэх зүйл бидэнд их байгаа юм. Тэдний туулсан замаар явах биш харин бэлэн туршлага, стандартаас нь шуурхай, үр бүтээлтэй суралцаж, аль болох дөтлөх арга замыг хаана хаанаа бодох ёстой. Сүүлийн жилүүдэд тэжээлийн ургамлын тариалалт эрс багасч, өвлийн цагт орон нутагт малын тэжээлийн хомсдол байнга нүүрлэх боллоо. Энэ талаар холбогдох хүмүүс бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй.
 
Манай оронд газар тариалан эрхлэх боломжтой уудам газар нутаг олон бий. Түүний нэг нь Халх голын сав газар юм. Судалгаа дүгнэлтээс үзэхэд Халх голын бүс нутаг бол үржил шимт хөрстэй, тэгш сайхан 270 мянган га талбайтай хөдөө аж ахуйн үүц газар мөн. Энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, экспортын зориулалттай тарималуудыг тарьж гадаад зах зээлд гаргах, Хятад, Солонгосын хойгийн зах зээлийг хангах томоохон төсөл хэрэгжүүлэх ажлыг ирэх оноос зохион байгуулбал зохино. Халх голын бүс нутагт “Атрын IV аян”-ыг эхлүүлэх, хөдөө аж ахуйн эдэлбэр газар болгох асуудлыг нийтээрээ хэлэлцэж шийдвэрлэцгээе. Энэ асуудлыг судалж танилцуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгаж байна. 
 
Мал аж ахуйн салбарын хөгжлийн талаар:

Монголчууд бид мал аж ахуй эрхэлж ирсэн олон мянган жилийн баялаг уламжлал, туршлагатай. Гэвч байгаль дэлхийн ааш араншин энэ салбарын бодлогыг эргэж харахыг сануулах боллоо. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын өөрчлөлт манай малчдын аж амьдрал, эрхлэж байгаа аж ахуйд  ч ихээхэн нөлөөлж эхэллээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, үр ашгийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх гол арга зам бол эрчимжсэн аж ахуй мөн. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх бус харин сайжруулах улмаар тэнд ажиллаж буй малчдын нийгмийн асуудалд түлхүү анхаарч туслах, хот суурин газруудын ойролцоо суурин, хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийг яам, орон нутгийн удирдлагууд баримтлах нь зүйтэй. 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэг гол үндэс, орчин нөхцөл болсон бэлчээрийг зохистой ашиглах асуудалд малчид өөрсдөө санаачилга гарган ажиллавал зохино. Манай эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь ямар  нэг хэмжээгээр доройтсон гэсэн судалгааны дүн гарсан байна. Тиймээс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, худаг, уст цэгийн тоог нэмэгдүүлэх, огтоно, мэрэгчидтэй тэмцэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан \2.3.7-д\ эрчимжсэн мал аж ахуйн болон газар тариалангийн бүс нутгийг зааглан тогтоох ажлыг хэрэгжүүлж  эхлэх шаардлагатай байна. Үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаад 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байхад энэ асуудлаар салбарын яамны зүгээс нарийн тооцож төлөвлөсөн бодлого, төлөвлөгөөгөө гаргаж Засгийн газарт танилцуулаагүй байгаадаа дүгнэлт хийх ёстой.

Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ихээхэн унаж, ноос, арьс шир үнэгүйдэх боллоо. Мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэд хүргэх нь малчдад төдийгүй эдийн засагтаа, улс орондоо хэрэгтэй зүйл болно. Тиймээс ноосыг үнэтэй болгох, боловсруулалт хийх, дэлхийн зах зээлд гаргах гэх мэт санал, санаачилга чухал байна. Малчид маань малын гаралтай түүхий эдээ борлуулахдаа хэн нэгэн ченжийн гарыг хараад суух биш айл хотлоороо, баг сумаараа нэгдэж, нөхөрлөл, хоршоо үүсгэн хамтын хүчээр зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг орлоготой сайхан амьдрах өргөн боломж байна.

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Мерси-Кор, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагууд ийм хэлбэрийн хамтын аж ахуй, нөхөрлөл, хоршоо байгуулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэнд бид талархдаг. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу хөдөө аж ахуйн түүхий эдийг арилжаалах биржийн сүлжээг бий болгох, мал, малын түүхий эд болон малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах оновчтой тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа билээ.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар саяхан хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Хуулийг батлан гаргаснаар түүхий эдийн арилжааг зүй зохистой арга хэлбэрээр явуулах болно гэсэн үг. Харин энэхүү дүрмийн дагуу биржийн үйл ажиллагааг зохион байгуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам одооноос урьдчилсан бэлтгэлийг сайтар хангаж, зохион байгуулах шаардлагатай.

Засгийн газраас “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг  боловсруулж  Улсын Их Хурлаар батлуулан энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр бид малчдынхаа эрүүл мэнд, боловсрол, амьдрал ахуйн түвшинг дээшлүүлэх таатай орчин бүрдүүлэх бодлогын баримт бичигтэй боллоо. Энэ бол малчдын хувьд мөнгөөр хэмжигдэхээргүй томоохон хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна.

Энэ бодлогын хүрээнд “Монгол мал” хөтөлбөрийг шинээр боловсруулсан. Уг хөтөлбөрийн зардалд 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад байна. Хэрэгжүүлэхтэй нь холбогдсон тодорхой шийдвэр, төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай. Малыг эрүүлжүүлэх талаар төр засгаас тодорхой анхаарал тавьж байна. Ирэх оны улсын төсөвт мал аж ахуйн арга хэмжээний зардлыг өмнөх оныхоос нэмэгдүүлж  20 гаруй тэрбум төгрөгт хүргэсэн.
 
Мал сүргээ эрүүлжүүлж, Олон улсын Мал амьтны эрүүл мэндийн байгууллагын дүрэм, журам стандартын дагуу баталгаажуулах ажлыг цэгц дараалалтай, үе шаттай хэрэгжүүлбэл зохино. Бид дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын байгууллагын тогтоосон дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлж байж манай бүтээгдэхүүн гадаад зах зээлд саадгүй гарах үүд хаалга нээгдэх болно.

Манай оронд ган зуд, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, хүйтэн бороо, мөндөр, үер болон хүн, мал, амьтан, ургамлын гоц халдварт өвчин, ой хээрийн түймэр зэрэг байгалийн гэнэтийн үзэгдэл, гамшиг үе үе тохиолдож, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, эдийн засаг, байгаль орчинд багагүй сөрөг нөлөө үзүүлсээр байна.  Өвөл болдогоороо болж, цас ордогоороо орно. Биднээс хамаарахгүй байгалийн элдэв бэрхшээл ч тохиолдож мэднэ. Тиймээс бид энэ бүх бэрхшээлийг даван гарах шинэ техник, технологи, тооцоо судалгаа, арга зүйг өргөн нэвтрүүлэх цаг боллоо. Мөн хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдэрлэлийн салбарт эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачдын чадавхи, нөөц бололцоог бүрэн дайчлан ашиглах өндөр технологийг нэвтрүүлэх зайлшгүй хэрэгтэй байна.

Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн харъялалын тухай асуудлыг ч нухацтай авч үзэх шаардлагатай юм. Газар тариалан, мал аж ахуйн салбарын онцлог, улирлын шинж чанар, эрсдэлийн түвшнээс хамаарч эдгээр салбарт хэрэгжүүлдэг даатгалын тогтолцоо ихээхэн онцлогтой байдгийг олон улсын жишээ харуулж байна. Ийм онцлог бүхий даатгалын тогтолцоог цаашид улам хөгжүүлэх, өргөжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, ХХААХҮЯ-ны зүгээс тодорхой санал, санаачлага гаргах хэрэгтэй байна.

Хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжлийн талаар:

Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хэрэглээ, эрэлтэд нийцсэн, хагас боловсруулсан буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох зэргээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг түүхий эдэд нь тулгуурлан аймаг, сумын түвшинд барьж байгуулах, экспортлох, хил орчмын бүс нутгуудад байршуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай байна. Мөн зах зээлээс  алслагдсан аймаг, орон нутгийн хөгжил, малчид, иргэдийн амьжиргаанд ч сайнаар нөлөөлнө.

Энэ үйл ажиллагаанд зориулан 2009 онд жижиг, дунд үйлдвэрийг өргөтгөх, шинээр байгуулахаар улсаас 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргасан бол 2010 онд мөн ийм хэмжээний хөрөнгөөр дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байна. Саяхан Атрын 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллах үедээ үндэсний хэд хэдэн үйлдвэрийн газруудтай биечлэн танилцлаа. Бид санаачлагатай, тодорхой үр дүнд хүрэхүйц бизнес төлөвлөгөөтэй ажиллаж байгаа үйлдвэрлэл эрхлэгчидээ зөв арга хэрэгслээр дэмжин тусалж чадвал зорилт болгон дэвшүүлээд буй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого маань бодитой, үр дүнтэй хэрэгжиж эхэлсэн жишээ цөөнгүй байна.

Хөдөө орон нутагт байгаа малчид, тариаланчид, ногоочдын бүтээж, бий болгож байгаа түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг хот, суурин газрын хэрэглэгчдэд хүргэх зүй зохистой ложистик сүлжээг бий болгоход анхаарч ажиллая. Энэ нь өмнөх жилүүдэд хэрэгжүүлэхээр оролдоод төдийлөн амжилтад хүрч чадаагүй бөөний худалдааны сүлжээг дахин сэргээнэ гэсэн үг биш юм шүү.

Ийм ложистик сүлжээ нь эдийн засаг, санхүү, үнэ ханшийн ямар орчин нөхцөлд илүү урт хугацаанд оршин тогтнох боломжтой болохыг сайтар судалж, боловсруулсны үндсэн дээр манай орны онцлог нөхцөлд тохирох, цагийн шалгуурыг давж гарах тийм л тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх уул уурхайн томоохон төслүүдийг даган бий болох дэд бүтцийн сүлжээг хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлоготой уялдуулж, уг дэд бүтцийг бүтээгдэхүүн, түүхий эдийн арилжааны шинэ тогтолцоонд хэрхэн ашиглах талаар ч бодож, төлөвлөсөн байх шаардлагатай.

Өмнөх жилүүдийн зорилт болж байсан хүнсний аюулгүй байдал, үйлдвэржүүлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэснээр хүн ардын хүнсний хэрэгцээг эрүүл, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнээр хангах, улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх нь манай Засгийн газрын нэг чухал зорилт мөн. Уулзалтын төгсгөлд хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбарын удирдлага, нийт хамт олонд ойрын жилүүдэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа зарим асуудлаар дараах үүрэг чиглэл өгье. Үүнд:

Нэгд. Өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, орчин үеийн технологитой үйлдвэрлэлийн төвүүдийг 21 аймаг, томоохон хот суурингуудад бий болгож, хүн амыг баталгаат мах, сүүгээр хангах  зорилтыг бүрэн шийдвэрлэх;

Хоёрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг тодорхой бодлого, төлөвлөгөөтэй, олон улсын жишиг, стандартын дагуу хэрэгжүүлэх, улмаар экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүний хэмжээг эрс нэмэгдүүлэх;

Гуравт.  Газар тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, “Атрын III аян”  зорилтыг бүрэн хэрэгжүүлж, үр тариа, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хураан авч буй ургацын чанар, стандартын шаардлага хангахуйц түвшнийг дээшлүүлэх, Халх голын бүс нутагт экспортын чиглэлээр “Атрын IV аян”-ыг эхлүүлэх санаачилгыг судалж шийдвэрлэх;

Дөрөвт. Мал аж ахуй, газар тариалангийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх тогтцолцоог  чанаржуулах, салбартаа ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, ур чадварыг шинэ технологи, менежментийн арга ухаанд давтан сургах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн орчин үеийн аргачлалыг эрчимтэй нэвтрүүлэх зэрэг асуудлаар тодорхой бодлого, төлөвлөгөө боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт ажилтан, албан хаагчид та бүхэн цаашид “Атрын аян”, “Аж үйлдвэржүүлэх”, “Хүнсний баталгаат байдал” хөтөлбөр болон удахгүй батлагдан гарахаар төлөвлөгдөж байгаа “Монгол мал” хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэн, биелүүлэхийг хүсэж байна. 

Бид хамтдаа дээрх бүх тулгамдсан асуудлуудыг даван туулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлж чадна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ-СЕМИНАРЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Засаг дарга нарын семинар болж байна
Ерөнхий сайд Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарт ажиллав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН “ДЭД БҮТЭЦ БА ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд залуучуудын чуулга уулзалтад оролцов
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан