Энд хүрэлцэн ирсэн Та бүхний амар амгаланг айлтгая.
Миний бие Ерөнхий сайдын албанд томилогдож, үүрэгт ажлаа хүлээн аваад нэг сар болж байна. Энэ хугацаанд боловсрол, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзаж, улс эх орныхоо хөгжлийн тулгуур бодлого, тухайн салбарын тулгамдсан асуудлын талаар ярилцсан. Саяхан орон нутагт ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцаж, хөдөөгийн иргэд, малчдынхаа саналыг сонслоо. Орон нутагт байдал, төлөв амаргүй байна. Мал, аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй ийм нөхцөл байна. Иргэдэд хүсэлт, хүлээлт их байна.
Цаг үеийн ажил, хөдөөгийн иргэддээ анхаарал тавих шаардлагатай нь харагдлаа. Орон нутагт ажил хариуцсан төрийн албан хаагчид, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, салбар хариуцсан яам, агентлагууд дор дороо хүлээх үүрэг, хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй. Энд цугласан Та бүхний үүрэг оролцоо ч энд бас чухал юм. Үнэт цаас, даатгалын салбарын үйлчилгээ, өгөөж хөдөөд хүртээлгүй шахам байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Бэлэн мөнгөний гачигдал, банкны зээлийн дарамт, байгаль цаг уурын хатуурхал хөдөөгийнхнийг маань хүндрүүлж байна. Энэ байдлаас гарах гарц, шийдэл, арга замын талаар бид тусгайлан ярилцахаар төлөвлөж байна.
Хатагтай, ноёд оо!
Хамтарсан Засгийн газрынхаа бодлогыг “Хүний төлөө хөгжил, хөгжлийн төлөө хүн” гэсэн хослол гэж товч тодорхой илэрхийлсэн. Энэ зорилгоо хэрэгжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, аж үйлдвэржүүлэлтийн шинэ эхлэл болох томоохон төслүүдийг ажил хэрэг болгох гараан дээр ирээд байна. Бидний хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөөд байгаа төслүүдийг бодит үр дүнд хүргэж, үр өгөөжийг нь хүртэхэд нэг талаас ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдана, нөгөө талаас ийм хөрөнгийн эх үүсвэр хомс байгаа нь бас бодит байдал юм.
Ийм нөхцөлд бид яах вэ?гэсэн асуулт гарч байна. Амжилтанд хүрсэн бусад орны бэлээхэн туршлагаас нэн даруй суралцах хэрэгтэй. Барууны өндөр хөгжилтэй орнууд хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны арилжааг эдийн засагтаа санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг хүчирхэг хөшүүрэг болгон хөгжүүлж, амжилтад хүрчээ. Олон улс орны хувьд хямд өртөгтэй, урт хугацаатай томоохон хөрөнгө оруулалтыг хөрөнгийн зах зээлээс бий болгох нь ихээхэн үр дүн өгч байна. Тиймээс дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах чадвартай хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь бий болгон хөгжүүлэх шаардлага тулгарч байна.
Монголын хөрөнгийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд өсөх хандлагатай байгааг үнэт цаасны арилжааны дүн дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 2.3 хувьтай тэнцүү байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Манай санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтын 95-96 хувийг Арилжааны банк, гадаадын зээл тусламж , үлдсэн 4-5 хувийг л хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн хөрөнгө оруулалт бүрдүүлж байна. Гэтэл дэлхийн жишгээс харахад энэ харьцаа 50:50 хувьтай байгаа юм. Зөвхөн банкны зээл хараад суух биш хөрөнгө босгох өөр асар их боломж байдгийг, бид юугаараа хоцрогдож байгааг, бас юуг яаж хийх ёстойг дээрх баримт харуулж байна. Ирэх онд дээрх хувийг наад зах нь 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллах шаардлагатай байна.
Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын хөрөнгийн үнэлгээ өсөхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байна. Түүнчлэн даатгалын сангуудад сул, чөлөөтэй хөрөнгө хуримтлагдаж буйн зэрэгцээ иргэдийн гар дээр болон хадгаламжийн хэлбэрээр 2.2 их наяд төгрөг байгаа гэсэн мэдээлэл байна. Үнэт цаасны арилжааны хэлбэрээр энэ бүхнийг эргэлтэд оруулах замаар хөрөнгийн зах зээлийг өргөтгөх, хөгжүүлэх боломж бүрэн байгаа.
Хөрөнгийн зах зээл бол Монгол улсад бол шинэхэн хөгжиж буй салбар юм. Өнгөрсөн 18 жилд өсөлтийн бэрхшээл, туршлагагүйн балчирдал байсан нь мэдээж боловч өнөөгийн бодит шаардлага Та биднээс илүү ихийг хүсэн хүлээж байна. Хөгжилтэй орнуудын иргэд гэрээсээ буюу гар утаснаасаа аль ч хөрөнгийн биржэд холбогдож, сонирхсон арилжаагаа хийх боломжоор хангагдах хэмжээнд хүрчээ. Манайд байдал ямар байна вэ? Хувьцаа худалдах худалдан авах сонирхол бүхий хүн аль нэгэн брокер дилерийн компанийг царайчлах шаардлага гардаг. Үүнийг дагасан хүнд суртлаас иргэд халширч, яваандаа сонирхолгүй болдог. Хийгдэж байгаа арилжаа нь Засгийн газраас гаргасан бондын хэдэн төгрөг, аль хэзээний цэнхэр тасалбараар хувьчлагдсан цөөхөн компанийн хэдхэн хувьцаа. Ийм байж өнөөдөр таарахгүй. Өнөөгийн дэлхийн жишгээс бид дэндүү хол байна.
Хөрөнгийн зах зээлд бидний өрсөлдөх чадвар ямар байгааг дараах баримтаас харж болно. Хонг-Конгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited” компани нийт 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27,0 тэрбум хонг-конг долларын санхүүжилтийг бий болгосон бол, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Оюутолгойн ордын эзэмшигч Айвенхоу майнз компани 424,9 сая ширхэг хувьцаа гаргаж 5,6 тэрбум канад долларын эх үүсвэрийг тус тус бий болгож чаджээ. Өнөөдөр Торонто, Лондон, Хонг Конг, Нью Йоркийн хөрөнгийн биржүүдэд Монгол улсын уул уурхайн ордтой хамааралтай 20 гаруй компанийн хувьцаа арилжаалагдаж байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын орд газрыг барьцаалан хөрөнгө босгож болоод байхад бид өөрсдөө яагаад хийж чадахгүй байгаа юм бэ? Тэдний туршлагаас суралцъя, өөрсдөө ч идэвхтэй ажиллая. Өөрсдийнхөө хөрөнгөнд эзэн болъё. Ийм боломж бүрэн бий. Гагцхүү идэвхи санаачлага, эрэл хайгуул, өрсөлдөх чадвар дутаж байна. Бид үүнд маш хурдан суралцах хэрэгтэй. Ингэснээр Оюутолгой, Таван толгой, Эрдэнэт, Монголросцветмет гэх зэрэг дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц томоохон төсөл, аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон улсын болон дотоодын бирж дээр шууд гарган арилжаалах боломж бүрдүүлэх явдал нэн чухал гэдгийг энэ ажил хариуцсан нөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн бас нэг шалтгаан нь түүнийг хэрэгжүүлдэг байгууллагуудын дэд бүтцийн хөгжил сул дорой байгаа явдал юм. Үнэт цаасны арилжааг дэлхийн жишигт хүргэхийн тулд хөрөнгийн зах зээлд оролцогчид, мэргэжлийн байгууллагуудыг бүхэлд нь хамарсан дотоодын нэгдсэн сүлжээг бүрдүүлж , гадаадын хөрөнгийн зах зээлтэй чөлөөтэй харьцах чадвартай дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавих хэрэгтэй. Монголын хөрөнгийн бирж болон Төлбөр тооцоо хадгаламжийн төвийн менежментийн үйл ажиллагаа, техник технологийн хоцрогдолын улмаас үнэт цаас нь хөрвөх чадваргүй, хөрөнгө оруулагчид мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах эрх нь олон шат дамжлагатай, өөрсдийн дансны үлдэгдлээ хянах ч боломжгүй нь энэ салбарт бид хэрхэн хоцрогдсоныг харуулж байгаа юм.
Энэ сэдвээр ярьж байхад хариуцлагын асуудлыг орхигдуулж болохгүй. Иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлыг ашиглан хувьцааг төвлөрүүлж удирдлагыг аваад компани, нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө бус хувийн эрх ашгийн төлөө өмч хөрөнгийг зарж үрэгдүүлэн компанийг алдагдалд оруулж дампууруулсан этгээдүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Хөрөнгийн биржийн бүртгэлийн шалгуурыг хангахгүй болсон компаниудыг хасах, үнэт цаасыг чанараар нь ангилан арилждаг болох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид дор бүрнээ одоогийн байдалд дүгнэлт хийж, дотроо хяналттай байж, өөрсдийн зах зээлээ өөрсдөө хамгаалж ажилладаг, бие биедээ харилцан ёс зүйн өндөр шаардлага тавьж чаддаг, хариуцлага хүлээлгэж чаддаг байх хэрэгтэй. Зах зээлд шаардлагатай байгаа дэд бүтэц болох хөрөнгө оруулалтын төрөл бүрийн сангийн тогтолцоог ч судалж санал санаачлага гаргаж ажиллахыг уриалж байна.
Түүнчлэн, хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад нягтлан бодох бүртгэл, үнэлгээ, аудит, улсын бүртгэлийн байгууллагын гүйцэтгэж буй үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нягтлан бодох бүртгэлийн арга, аргачлал нь олон улсад хэрэглэгддэг хөрөнгийн зах зээлийн онцлогийг тусгасан хэмжээнд хүрээгүй, бүртгэлийн тогтолцоо нь удаан, өртөг өндөртэй, үнэлгээ, аудитын байгууллага нь захиалгын шинж чанартай дүгнэлт гаргах замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаархлыг өөгшүүлдэг, эцэст нь гаргасан дүгнэлтийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байдлыг халах хэрэгтэй. Энэ талаар Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран холбогдох эрх зүй орчин, зохицуулалтын тогтолцоонд оруулах өөрчлөлтийн талаарх саналаа ойрын хугацаанд Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэхийг үүрэг болгож байна.
Хөрөнгийн зах зээлд ажиллах боловсон хүчний чадварыг дээшлүүлэх нь нэн чухал. Дэлхийн тэргүүний хөрөнгийн зах зээлийн чадварлаг боловсон хүчнийг урих, менежментийг оруулж ирэх нь зүйтэй. Чадварлаг боловсон хүчинтэй, чадварлаг менежментийн багтай байж гэмээн бид олон улсын стандартыг хангасан хөрөнгийн зах зээлтэй болж чадна. Үнэт цаасны төлбөр тооцоог банкны клирингээр явуулах олон улсын жишгийг мөрдүүлснээр хөрөнгө оруулагч харилцах банкаа сонгох бололцоотой болж, байршуулсан хөрөнгийн эрсдэл багасна. Хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөн тухайн цаг минутад хийгдэх боломжийг бий болгоно.
Хөрөнгө оруулагчдын хувьцаа худалдан авахаар байршуулсан хөрөнгийг цөөн тооны арилжааны банкуудад байршуулдаг нь эрсдэлийг дагуулж байна. Гэтэл манайхтай зэрэгцэж зах зээлийн эдийн засагт шилжсэн Орос, Казакстан, Словени улс хөрөнгийн зах зээлийн хувьд олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж чаджээ. Тэд шинээр юу ч зохиогоогүй гагцхүү дэлхийн тэргүүлэх орнуудын хөрөнгийн зах зээлийн системийг үр ашигтай нутагшуулж чадсанд л гол амжилт нь оршиж байгаа юм.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай зэрэг хуулийг өргөн барих, батлах ажил удаашраад байгааг түргэтгэмээр байна. Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн менежмент, үйл ажиллагааг чанарын шинэ шатанд гаргаж дэлхийн санхүүгийн гол төвүүдтэй холбох арга хэмжээг ойрын хугацаанд авах шаардлагатай. Хөрөнгийн биржийн өмчлөлийн асуудлыг ч бодож үзэх хэрэгтэй. Монголын Хөрөнгийн Бирж нь Лондон, Нью-Йорк, Торонто, Токио, Хонг-Конг, Сингапур зэрэг аль нэгэн биржид өөрийн 20-оос 30 хувийг өмчлүүлэх замаар шинэ менежментийн арга барил, технологийг оруулж Монголдоо нутагшуулах асуудал ч байж болно шүү дээ. Үндэсний хэмжээний томоохон компанийн хувьцааг дотоодод төдийгүй гадаадад нэгэн зэрэг борлуулах хөрөнгийн биржийн давхар бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх асуудлыг ч нэн даруй шийдвэрлэхэд анхаарвал зохино.
Эдгээр шинэчлэлтийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчид болон Монгол улсын иргэд нэгэн адил арилжаанд оролцох боломж нээгдэх юм. Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрээс манай компаниудын хувьцаа, Засгийн газрын бондыг худалдан авахыг сонирхсон хөрөнгө оруулагчдын санхүүгийн эрсдлийн болгоомжлол арилж манай хөрөнгийн зах зээл олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй болно. Үүний тулд юуны өмнө хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг Сангийн яам, Төрийн өмчийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хамтран боловсруулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг тусган, ойрын хугацаанд Засгийн газарт оруулахыг үүрэг болгож байна.
Эрдэс баялгийн ордууддаа түшиглэсэн төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх, Монгол улсын нэрийн хуудас болох, дэлхийд өрсөлдөх чадвартай уул уурхайн активыг нэгтгэсэн МОНГОЛ ЭРДЭС, эрчим хүчний активууд, шинэ төслүүдийг нэгтгэсэн МОНГОЛ ЭРЧИМ, дагалдах дэд бүтцийн төслүүдийг нэтгэсэн МОНГОЛ ДЭД БҮТЭЦ компаниудыг байгуулж, хувьцааг нь үндэсний болон Олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж арилжаалан санхүүгийн шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх талаар бид ярьж байгаа. Үүний зэрэгцээгээр хөрөнгийн зах зээлийн санхүүгийн чухал хэрэгсэл болсон бонд буюу өрийн бичиг гаргаж санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг өргөжүүлэх шаардалагатай байна.
Өнөөдөр бондыг зөвхөн төсвийн цоорхойг нөхөх үед амь тариа байдлаар гаргаж байгаа нь сонгодог утгаараа буруу юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, зээлжих чадварын зэрэглэлийг тогтоож, зах зээлд бенчмаркийн тогтолцоог буй болгох нь зүйтэй. Ингэхдээ олон улсын нийтлэг жишгийн дагуу Засгийн газрын бондын зах зээлийг төлөвшүүлж, компаниудын зээлжих, эх үүсвэр татах чадварын эрэмбийг тогтоодог болох хэрэгтэй. Засгийн газрын бондыг нээлттэй болгож, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид уг бондоос авах боломжтой байдлаар холбогдох журмаа өөрчлөхийг Сангийн яаманд үүрэг болгож байна.
Төрийн өмчийн зарим компаниудаас нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох буюу IPO хийх замаар хувийн хөрөнгө оруулалтыг татах талаар зоригтой алхам хийвэл зохино. “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-д их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр дутагдаж, техникээ шинэчилж чадахгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан нэмэлт хөрөнгө оруулалт хийж техникийн шинэчлэл, өргөтгөл хийх, санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор шинээр хувьцаа гаргаж нийтэд санал болгон хөрөнгийн зах зээлд арилжаалах замаар шаардлагатай хөрөнгийг бий болгож уурхайг өргөтгөх, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажилд цаг алдалгүй орох нь зүйтэй. Ингэснээр компанийн сайн засаглалыг хэвшүүлж, буй болгосон хөрөнгийн эх үүсвэрийг тухайн компанийн өсөлт, хөгжилт, цаашдын үйл ажиллагаанд зарцуулснаар ашиг орлогыг өсгөх бололцоо бүрдэх болно.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр энд зайлшгүй ярих нэг сэдэв бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, тэдгээрийн үйл ажиллагаа, үр дүн, засаглалын асуудал юм. Өнөөгийн байдлаар түлш, эрчим хүч, уул уурхай, авто зам засвар, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарт төрийн өмчит 90 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна.
Аливаа бизнесийн байгууллагын гол зорилт нь ашиг олох, өмч хөрөнгөө арвижуулахад оршдог байтал 2009 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 72,7 хувь нь алдагдалтай ажилласан байна. Энэ бол байж боломгүй зүйл. Гэвч бодит байдал дээр ийм байгаа нь хачирхалтай гэхээс өөр хэлэх үг алга. Энэ бол хариуцлагагүй байдал. Үүнд дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй, түүнрүү түлхэж болох олон бодит гадаад дотоод хүчин зүйлүүд нөлөөлсөн нь мэдээж боловч аж ахуйн нэгжүүдийн засаглал, менежерүүдийн ур чадвартай бас холбож тайлбарлахаас өөр аргагүй юм.
Өмчийн эзэн хөрөнгийнхөө өгөөжийг ноогдол ашгийн хэлбэрээр хүртдэг. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг удирдаж, цалин авч, хангамж эдэлж байгаа атлаа төрийн өмчийн эзний өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа менежерүүдтэй хариуцлага тооцох шаардлагатай. Ер нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх талаар санаачлагатай бас бусдад үлгэр жишээ үзүүлэн ажиллахыг шаардах болно.
Эцсийн дүнд төрийн өмчийн компаниудийн менежмент нийгмийн шаардлагаас хоцорч байгаа нь эдгээр компаниудын үнэ цэнэ алдагдах, үйл ажиллагаа нь доголдох, үр ашиг нь буурах, зах зээлийн өрсөлдөх чадваргүй болгоход хүргэж байна. Иймээс манай компаниудын удирдлага, менежментийг сайжруулах, үүнийг жинхэнэ утгаар нь нээлттэй болгосноор эдгээр дутагдлаас ангижирч болно гэж үзэж байна. Үүний тулд юуны өмнө дараах зүйлд онцгой анхаарууштай.
Нэгд: Компанийн гүйцэтгэх удирдлагын зорилго, хүрэх ёстой үр дүнг нээлттэй, ойлгомжтой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг заавал биелүүлэх ёстой зорилго болгож, тэр дотроо хүрвэл зохих доод үзүүлэлт, хүрэхийг эрмэлзэх ёстой дээд үзүүлэлтийг зааж өгөхийн хамт хөрөнгө оруулалтын үр ашиг, зээл-өөрийн хөрөнгийн харьцаа гэх мэт үзүүлэлтүүдийг гэрээндээ маш тодорхой тусгаж өгснөөр хариуцлага, үр дүнг тодорхой тооцох боломжтой болно.
Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг төлөвлөх, хянах, хэмжих, дүгнэх ажиллагааг зах зээлийн орнуудад хэрэглэж байгаа нийтлэг жишигт нийцүүлэх шаардлагатай. Өнөөдөр хөгжингүй орнуудад компанийн үйл ажиллагааг төлөвлөх, дүгнэхдээ зөвхөн санхүүгийн хэдхэн үзүүлэлтээр биш хүний нөөц, дотоод үйл ажиллагаа, хэрэглэгч гэсэн өргөн хүрээний үзүүлэлтүүдийг цогцоор нь хэрэглэдэг туршлагыг төрийн өмчийн компаниудын ажилд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёрт: Компанийн хүний нөөцийн бодлогыг өрсөлдөөнтэй, ил тод, нээлттэй байлгавал зохино. Төрийн өмчийн компанийн удирдлагад мэргэшсэн, үр дүнтэй, шударга ажиллаж чадна гэдгээ үйл ажиллагаагаараа нотолсон, орчин үеийн менежментийн арга барилыг сайтар эзэмшсэн менежерүүдийг өрсөлдөөний зарчмаар ил тод сонгодог болгох хэрэгтэй. Сүүлийн үед төрийн өмчийн компанийн удирдлагын томилгоо энэ зарчмаас гажиж, зарим талаар улс төрөөс хамааралтай байгаа нь эргээд компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Энэ гажуудлыг өөрчлөхийн тулд бусад улс орнуудад дээрх асуудлыг шийдэж байгаа арга хэлбэрийг судалж, хэрэгжүүлэх шаардлагатай юм. Компаниудын ТУЗ-ийн дэргэд “Нэр дэвшүүлэх, шагнал урамшуулалын дэд хороо” ажиллаж зохих шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулж нэрийг нь дэвшүүлдэг. Энэ жишгийг өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэглэж болмоор санагдаж байна.
Төрийн өмчийн компаниудын удирдах боловсон хүчний нөөцийн мэдээллийн санг бий болгохыг Төрийн Өмчийн Хороонд үүрэг болгож байна. Үүндээ /head hunting буюу/ боловсон хүчний нөөц бүрдүүлэхэд мэргэшсэн олон улсын компаниудын үйлчилгээг ч ашиглаж болох юм. Менежментийн багийг гадны дотны гэж ялгалгүйгээр авч ажиллуулдаг туршлага манай хувийн хэвшилд нэвтэрч үр ашигтайгаа нотлоод байна. Сүүлийн жилүүдэд манай залуучууд төрийн сангийн зээлээр болон хувиасаа хөрөнгө мөнгөө гарган гадаадад өндөр боловсрол эзэмшиж, тэдний тоо жил тутам нэмэгдэж байгаа нь нэн сайшаалтай үзүүлэлт юм. Энэ асар их нөөцийг компанийн менежментийг сайжруулахад ашиглах ёстой. Компанийн удирдлагын цалин урамшууллын системийг оновчтой болгон, хувийн хэвшлийн жишигт нийцүүлэн удирдлагын багийн ажлыг үр дүнтэй нь шууд уялдуулан дүгнэх, хариуцлага тооцох ил тод, ойлгомжтой механизмыг бий болгох нь чухал юм.
Гуравт: Компанийн засаглалын орчинг нээлттэй, олон улсын жишигт хүргэх шаардлагатай байна. Компанийн сайн засаглалын гол хянагч болох төлөөлөн удирдах зөвлөл нь өнөөдөр сонгодог утгаараа ажиллаж чадахгүй, зарим тохиолдолд тухайн компанийн захирлын буруу зөрүү шийдвэрийг хаацайлагч болж байгааг нуух хэрэггүй. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд, шудрага, ил тод явуулж, хараат бус, бие даасан, улс төрийн нөлөөллөөс ангид ажилладаг байх ёстой. Гэтэл зарим тохиолдолд дээрх компанийн үйл ажиллагааг төрийн нэрийн өмнөөс хянан зохицуулах үүрэг бүхий байгууллагуудын ажилтнууд төлөөлөн удирдах зөвлөлд орох нь удирдлага хяналтын гол зарчмыг алдагдуулж, ашиг сонирхолын зөрчилдөөнийг бий болгож байна.
Төрийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд эдийн засаг, хууль эрх зүй, менежментийн талаар өндөр мэдлэгтэй, ажлын дадлага туршлагтай, тухайн салбартаа мэргэшсэн хараат бус гишүүдийг гаднаас хөлслөн ажиллуулдаг журамд шилжих асуудлыг судалж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороонд даалгаж байна. Компанийн сайн засаглалд Төлөөлөн удирдах зөвлөлөөс гадна хувь нийлүүлэгчдийн идэвхи оролцоо нэн чухал үүрэгтэйг хэлье. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлдэг хамгийн гол хэлбэр болох хувьцаа эзэмшигчдийн жилийн тайлангийн хурлыг нийт компаниудын 50 шахам хувь хийгээгүй байна. Энэ бүхэн бидний байнга ярьдаг ил тод нээлттэй байх, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, компанийн сайн засаглал бий болгох гэх зэрэг зүйлүүд амьдрал дээр ямар байгааг харуулж байна.
Дэлхийн олон улс оронд компаниуд нь хуулиас гадна компанийн засаглалын стандарт, дүрмийг мөрдөн ажиллаж байна. Тухайлбал, Эдийн Засгийн Хөгжил, Хамтын Ажиллагааны Байгууллагаас гаргасан олон улсын нийтлэг жишгийг бид сайтар судалж, нэгбүрчлэн дагавал зохино. Бусад орнуудын эдгээр туршлагаас судалж, сайн засаглалын хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо анхаарч ажиллавал зохино.
Саяхан Дэлхийн банкнаас Компанийн засаглалын зарчмыг Монголын компаниуд түүний дотор хувьцаа нь нийтэд арилжаалагддаг компаниуд хэрхэн биелүүлж байгааг судалсан байна. Энэхүү судалгаагаар компанийн засаглалын 6 зарчмын 32 үзүүлэлтээс дөнгөж 2 үзүүлэлтийг нь хэрэгжүүлж 7 үзүүлэлтийг огт хэрэгжүүлдэггүй гэж дүгнэсэн байна. Эндээс манай компаниудын дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар ямар байгаа нь тодорхой. Жилийн жилд оны эцэст бид ажлаа дүгнэдэг. Олон, олон амжилтын эздийг, компанийг, шилдгүүдийг тодруулдаг. Ингэхдээ цаашид дэлхий дахины нийтлэг үзүүлэлт, жишиг стандартаар амжилт ололтоо үнэлж, дүгнэх шаардлагатайг энэ дашрамд хэлье.
Бид үр ашигтай байхын тулд бүхий л үйл ажиллагаагаа олон улсын нийтлэг дэг журмаар явуулж, нэг хэлээр ярьж, тэнд үйлчилдэг зарчим, дүрмийг шууд авч хэрэгжүүлэх нь өнөөгийн зайлшгүй шаардлага болоод байна. Ингэж байж л бид өснө, өрсөлдөх чадвартай болно. Дээр дурьдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох талаар тодорхой санал боловсруулж, саналаа Засгийн газарт хүргүүлэхийг Төрийн өмчийн хороо болон холбогдох байгууллагад үүрэг болгож байна.
Үгийнхээ эцэст би хөрөнгийн зах зээлийн сонгодог оролцогч нэгэн салбарын тухай хэдэн үг хэлье. Бизнесийн эрсдэл, хохирлыг бууруулах хүчин зүйл болох даатгалыг зах зээлийн жаягаар нь хөгжүүлэх явдал нэнчухал болж байна. Манайд ерээд оноос үүссэн шинэ үеийн даатгалын компаниудын сүүлийн жилүүдийн борлуулалт жилд 20-30 хувиар өсч, нөөцийн сан хуримтлагдаж байгаа ч хөрөнгийн зах зээлийг хурдацтай хөгжүүлэх шаардлагын талаас харвал анхаарах зүйл байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр Монголд нийт 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр компаниудын нийт актив нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 0.7 хувийг эзэлж байгаа нь зах зээл хөгжсөн улсуудын дунджаас даруй 8 дахин бага байна. Хэдийгээр энэ нь даатгалын зах зээл манайд хөгжин торниж чадаагүйг илтгэж байгаа боловч бид цаашид энэ салбарын шинэтгэлийг эхлүүлэх шаардлага амьдралаас зайлшгүй урган гарч байна. Даатгалын салбарт сайн дурын ердийн даатгалаас гадна урт хугацааны даатгал, заавал даатгал, амьдралын даатгал зэрэг даатгалын бусад төрлийг хөгжүүлж чадаагүй, хөрөнгө оруулалт, эрсдлийн удирдлага, хөндлөнгийн хяналт шалгалтын талаарх эрх зүйн заалтууд үгүйлэгдэж байна. Зах зээл хөгжсөн бусад орны даатгалын хохирол нөхөлтийн дундаж түвшингээс манайх 2-3 дахин доогуур үзүүлэлттэй байна.
Даатгалын зах зээл хөгжсөн орон, олон улсын даатгалын хөгжлийн жишгийн нэгэн адил даатгалын салбарын гол цөм болсон урт хугацааны амьдралын даатгалын тогтолцоог Монголд төлөвшүүлэн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд амьдралын даатгалын актуар тооцоо судалгаа хийх мэргэжлийн актуарчдыг нэн даруй сургаж бэлтгэх хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ажил үйлчилгээгээ дотоодын даатгалын компаниудад хэсэгчлэн даатгуулах эсхүл огт даатгуулахгүй байх явдал байсаар байна. Даатгалын салбарын энэ талын зохицуулалт дутмаг байгаа тул гадны хөрөнгө оруулалттай компаниуд манайд даатгуулахгүй, гадаадын даатгалын байгууллагад шууд даатгуулах явдлыг манай улсын эрх зүйн зохицуулалтанд бүрэн хамруулдаг болох шаардлагатай байна.
Нийгмийн болон арилжааны даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хөрөнгийн зах зээлд оруулах эрх зүйн боломжийг нээх, шинээр гаргах үнэт цаасны эрсдлийг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалттай болон манай компаниудын бизнесийн үйл ажиллагааг үндэсний даатгалд даатгуулах боломжийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний зэрэгцээ бизнесийн томоохон эрсдлийг даатгалын 2 болон түүнээс дээш компани хамтран даатгах, бас давхар даатгалын тогтолцоо буй болгох талаар холбогдох байгууллагууд илүү санаачлагатай ажиллавал зохино.
Монгол Улс бол өгөөж баян байгаль, эрдэс баялгийн арвин нөөцтэй улс. Энэхүү баялгаа бид зөв удирдаж, эзний ёсоор хандаж сурах шаардлагатай. Хөрөнгө оруулагчид Монголыг маш ихэд сонирхох болсон энэ цаг үед бид тэрхүү хөрөнгийг оруулж ирэх сувгуудыг нь нээж өгч, үр ашигтай хуримтлуулдаг, өсгөн үржүүлдэг, зөв зарцуулдаг механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийг шинэчлэх, компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, даатгалын салбарын шинэтгэлийг хэрэгжүүлэх цогц зорилтыг хамтын хүчээр нэн даруй хийхийг та бүхэндээ уриалж байна. Тулгамдсан асуудал, тавигдсан зорилтыг шийдвэрлэхэд бидний уйгагүй хөдөлмөр, хамтын хүчин чармайлт нэн чухал юм.
Та бүгд хичээн ажиллах хэрэгтэй. Бидэнд боломж байна
БИД ҮҮНИЙГ ХАМТДАА ХИЙЖ ЧАДНА
Анхаарал тавьсанд баярлалаа. Монгол улс маань хөгжин бадрах болтугай