Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД: ӨНГӨРСНИЙГ ШҮҮХЭЭ БОЛЬЁ. МӨРӨӨДӨЛ ЯРИХАА ЦЭГЛЭЕ. УРАГШАА Л ХАРЪЯ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.08 /
НАМЫН УДИРДЛАГЫН ХҮРЭЭНД ЯМАР НЭГЭН ЗӨРӨӨТЭЙ, ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ

-МАХН гэсэн нэрийг өөрчлөх тухай яриа олон жил дуншсаны эцэст Таны үе дээр хийгдлээ. Ярьсан ч хийхгүй яваад байсан нь тодорхой хэмжээний эрсдэл байна гэж үзсэнийх байх. Та, таны нөхөд эрсдэлээ тооцсон уу, эрсдэлээс болгоомжлоогүй юу?

-Эрсдэлгүй юм гэж амьдралд байхгүй л дээ. Эрсдэлгүй амьдаръя гэвэл юу ч хийхгүй зүгээр сууж бай л гэсэн үг. Гэхдээ эрсдэл хийж байна гээд байгаагаа нураагаад байвал болохгүй. Чиг хандлага зөв гэдгээ мэдрэх, тооцоо судалгаа үндэслэлээ сайтар гаргах учиртай. Бүгдээрээ ярьж буруугүйг тогтоож, олонхийн байр суурийг баримталбал эрсдэл тэгж айгаад байх зүйл биш. Дийлэнх олонхийнхоо санаа бодолд захирагдаж явдаг нь ардчиллын нэгэн үнэ цэнэ. Үзэл бодлын зөрөө байж болно оо. Гэхдээ олонхдоо захирагдах ёстой. Бүр эсрэг тэсрэг санаа бодолтой нь өөрийнхөөрөө амьдарч ч болно.

Манай нам нийгмийнхээ ардчилалтай хамт ардчилагдаад, шинэчлэгдээд, түүх уламжлал, ахмад, дунд, залуу үеийнхээ хэлхээ холбоосыг зангидаад явж байгаа улс төрийн хүчин. Шинэчлэгдэж чадаж байгаа нь дотоод ардчилалтай байгаагийн шинж. Ардчилалтай намаас орж гарах, зарим хэсэг нь бүрмөсөн орхиод шинэ нам байгуулах энэ тэр нээлттэй асуудал шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд манай намын гишүүд энэ өөрчлөлтийг бүрэн дүүрэн дэмжиж хүлээж авсан. Манай намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүд хөдөө орон нутагт, намын анхан шатны байгууллагууд дээрээ сая очиж ажиллахад энэ байдал тодорхой байна.

Намын нэр сольсонтой холбоотойгоор ямар нэгэн эрсдэл гарах, нам 2012 оны сонгуульд хүссэн үр дүндээ хүрэхгүй бол намын даргын хувьд хариуцлагыг хамгийн түрүүнд хүлээнэ гэдгээ би Их хурлын индэр дээрээс гишүүддээ хандаж хэлсэн. Саяхан намын бат илэрхийлэхээ солилоо. Энэ үеэр намын гишүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа нь бидний өөрчлөлтийг иргэд дэмжиж байгаагийн нэг илрэл мөн. Цөөн тооны хүн гарч байгааг яриад байгаа хэрнээ орж байгааг нь ярихгүй, анзаарахгүй байна л даа.

- Арав гаруй мянган хүн шинээр элслээ гэж ярьж байсан байх аа?

-Арав биш ээ, хорь гарч байгаа байх. 90 жилийн ойн хоёр гуравхан хоногт л гэхэд 3000 гаруй гишүүд шинээр орсон байна лээ. Тэрний өмнө 14.000 гэсэн тоо байсан.

-Гарсан нь 269 бил үү?

-Албан ёсоор гарсан  нь 269. Илүү олон хүн гарсан гэж ярьж байгаа. Тоо баримтад л тулгуурлах хэрэгтэй шүү дээ.

Шинээр элсэгчид цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Үзэл бодлын зөрүү, хувь хүний элдэв асуудлаас болоод намаас гарсан, түдгэлзсэн хүмүүс буцаж орж ирж байна. АИХ-ын дарга байсан Ж.Гомбожав гуай намдаа эргэж ирлээ. Бавуугийн Лхагвасүрэн гуай надтай уулзаад “Би намдаа эргэж орно оо” гэсэн. Ойрын үед нэлээд хэдэн хүн, тэр дотроо төр нийгмийн томоохон зүтгэлтэн хүмүүс эргэж орохоор саналаа тавиад байгаа.

-Намаас гишүүн нь гарч, өөр нам байгуулж болох байх л даа. Гэтэл тэрийг нь танай намын дарга байсан, энэ намаас дэвшиж Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүн толгойлоод, санаачлаад явж байгаад Та хэрхэн хандаж байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд ойлгохгүй л байгаа. Ардчилсан нийгэмд өөрийнхөө жам ёсны эрхийг эдлээд гарна аа гээд гарч байгааг нь хүндэтгэх хэрэгтэй ч Н.Энхбаяр дарга гараад явж байгааг ойлгохгүй байгаа. Яагаад ийм ойлгомжгүй алхам хийснийг нь өөрөөс нь асуувал дээр байх.

-Та 2-3 удаа уулзсан гэсэн. Юу ярьж байх юм бэ?

-Та нартай зарим асуудлаар үзэл бодлын зөрөөтэй байна аа л гэж байна лээ.

-Ер нь бол таныг улс төрд хөтөлж оруулж ирсэн хүн Энхбаяр гуай мөн үү?

-Намайг бизнес хийж байгаад шууд улс төр лүү ороод ирсэн юм шиг төсөөлдөг юм шиг байгаа юм. Би сургууль төгсөөд төрийн албанд 6-7 жил ажиллаж байсан тухайгаа дээр хэлсэн. Тэрний дараа бизнесийн салбарт 7-8 жил хүч үзсэн. Тэр үедээ улс төрийн идэвхтэй байр суурин дээр байсан. Дундаж давхарга зонхилсон нийгэм илүү хөгжин дэвших боломжтой, илүү аз жаргалтай нийгэм байдгийг Герман, Швед, Канад, Норвеги гэх мэтийн нийгмийн чиг баримжааг орхигдуулаагүй, төрийн зохицуулалт давамгайлж байгаа улс орнуудын жишээ харуулж байна. Энэ тогтолцоог би зөв гэж боддог. Энэ чиглэлд миний үзэл баримтлал бүрэлдсэн гэж хэлж ч болох юм. Ийм үзэл баримтлал 2000 онд дэд сайд болоод л бий болчихсон юм биш л дээ.

Би 1995-1996 оноос эхлээд улс төрийн үйл ажиллагаанд оролцож ирсэн. Л.Түдэв гуайн охин Дарьбумтай би хамт ажиллаж байлаа. Тэр хүн намайг анх МАХН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулж байлаа. Л.Түдэв гуай ч урьж уулзаж байсан. Нэг удаагийн залуучуудын байгууллагын хурал дээр У.Хүрэлсүх даргатай танилцаж байснаа санаж байна. 1996 оны сонгуулийн дараа МАХН-ын талыг баримтлагч компани гэгдэж, бас жаахан нүд үзүүрлэгдэх байдалд хүртэл орж байсан.

Намынхаа улс төрийн үйл ажиллагааг дэмжиж, амаргүй бэрхшээлтэй байх үед нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байв. 1997 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын шинэ жилийн арга хэмжээн дээр талийгаач Л.Энэбиш гуайтай нэг ширээн дээр хамт сууж таарлаа. Энэбиш гуай “Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг юм даа, хө. Намыг дэмжээд нэг томоохон хөгжмийн аппарат хэрэгсэл аваад өгчихөөч. Үзэл суртлын, олон нийтийн арга хэмжээ явуулах юмгүй болчихлоо” гэлээ. Тэгэхээр нь нэлээд том, гудамж талбайд арга хэмжээ явуулахад шаардлагатай хөгжмийг 1998 оны зун хандиваар өгөхөд Л.Энэбиш гуай, Ө.Энхтүвшин, С.Баяр, Н.Энхбаяр дарга, талийгаач У.Уламбаяр нар хамт хүлээж авч байсан. Одоо энэ Энхбаярынх гэгдээд байгаа “Зууны мэдээ” сониныг гарч эхлэхэд санхүүгийн дэмжлэг бас үзүүлж байсан.

Бас улс төрийн намуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, өөрсдийн дуу хоолойг нэмэрлэх зорилгоор хэсэг залуучууд нийлээд нам бусчуудын хөдөлгөөн байгуулж байлаа. Ц.Мөнх-Оргил гишүүн, Танхимын С.Дэмбэрэл, би гэх мэт хүмүүс тэнд нэгдэж байсан юм. Тэр үед би намд элсээгүй байсан үе. Намын үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг энэ нөхдийг татаж, дэмжиж ажиллах нь зүйтэй гэж тухайн үеийн намын удирдлагууд үзээд Н.Энхбаяр, Л.Энэбиш, Ө.Энхтүвшин, С.Баяр дарга нар бүгдээрээ сууж байгаад уулзаж байсан. Үүнд нь би одоо ч талархалтай ханддаг. Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил, би гэх мэт олон залуус орж ирснээр намын үйл ажиллагаанд шинэ өнгө аяс, арга барил бий болгоход тодорхой хувь нэмэр болсон байх гэж боддог.

Хэн нэгэн хүн хөтлөөд л, түүнд нь хөтлөгдөөд л явж байсан гэж хэлэхэд хэцүү л дээ. Ерөөсөө энэ нийгмийн харилцаа чинь хүн хоорондын харилцан хүндэтгэл дээр тогтдог гэж би боддог юм шүү дээ.

- Одоогийн намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх та хоёрын харилцаа ямар байдаг вэ? Хүрэлсүх нь намын даргынхаа үгэнд орохгүй, дураараа аашилдаг, нэг талд нь У.Хүрэлсүх, Шадар сайд М.Энхболд хоёр суучихаад Батболдыгоо буланд шахчихдаг гэсэн яриа гадуур байх юм байна шүү дээ?

-Намын үйл ажиллагаа дүрмийнхээ дагуу л явдаг. Нам дүрмээрээ ажиллах ёстой гэж би үздэг. Намын дарга гаргах шийдвэрээ гаргаж, хийх ёстой ажлаа хийж байгаа. Энд ямар нэг зөрчил, гажуудал огт гараагүй, гарах ч үгүй. Яагаад гэвэл манай нам өөрийн гэсэн түүх уламжлалтай, зарчимтай, манай намын бодлого, боловсон хүчний нэг давуу тал үүндээ байдаг. Хүрэлсүх даргын хувьд энэ шалгуурыг бүрэн дүүрэн хангаж чадаж байгаа, эрч хүчтэй, намын лидер боловсон хүчний нэг. Хувь хүний хувьд зарим үед, тодорхой нөхцөл байдалд байр сууриа шулуухан, хатуухан хэлбэрээр илэрхийлэх үе байдаг л даа. Түүнийг нь дөвийлгөх, хэвлэлийн сенсаац сэдэв болгож хөөсрүүлэх оролдлого байх юм байна шүү дээ.

М.Энхболд даргын хувьд нам дээрээ ч, Засгийн газарт ч миний түшиг тулгуур болж, санаа сэтгэлээ бүрэн ойлголцож, бие биенийг дэмжиж, нөхөж ажиллаж байгаа хүн. Ерөөсөө намын удирдлагын хүрээнд ямар нэгэн зөрөөтэй бөгөөд зөрчилтэй асуудал огт байхгүй.

“ЧИ ЧАДНА АА” ГЭСЭН. БИ “ЗА, БИ ХИЧЭЭЕ ЭЭ” ГЭСЭН

- Таныг нэлээд зөөлөн аядуу байр суурьтай хүн гэсэн дүгнэлт байдаг. Олон нийтийн зүгээс намын дарга, Засгийн газрын тэргүүн хүн хааяа захиргаадчихдаг, зандарчихдаг байх ёстой гэсэн уламжлалын ч  юм уу шаардлага тавих нь бий. Нөгөө талаар төрийн байгууллага, өндөр дээд албан тушаалтанд тооцох хариуцлага чанга байх ёстой гэх нь бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Би өөр бодолтой байдаг шүү. Дарга байхаар бужигнаад л, гараад явахаар нь нам жим болчихдог, дарга чангахан дуугарахаар яралзтал ажиллаад, дуулгавартай гүйцэтгэгчийн царай гаргаад байх арга хэлбэр буруу гэж боддог. Үүрэг хариуцлагатаа л эзэн бай. Өөрийнхөө хариуцсаныг ямар нэгэн даргын ташуургүйгээр хийж л байх ёстой.

Хариуцлага хүлээх, хүлээлгэхийн тухайд асуудлыг арай өөр өнцгөөс харах ёстой. Тогтолцооных нь хувьд янзлах ёстой зүйл бий. Төрийн албанд меритократын буюу карьерийн тогтолцоог оруулах нь зөв гэж би үздэг. Гэнэт нэг нөхөр гарч ирээд яамны газрын дарга болдог, ялсан намын сайдын ойрын хүн албан тушаалын шатаар алгасч харайдаг, эсвэл тодорхой эрх ашгийн төлөөлөл болчихдог энэ гажуудлыг арилгах ёстой. Төрийн албаны шинэчлэл урагшилж байгаа ч гэсэн зөрчил байна аа. Яаманд наад зах нь таван жил ажилласан хүн газрын дарга болох ёстой.

Үүнийг нь хуульчилж өгөх хэрэгтэй. Түүнтэйгээ хариуцлагын асуудлыг давхар уяж өгөх нь зөв болно. Карьерийн тогтолцоон дээр байгаа хүнд бүх зүйл тодорхой байна. Анх төрийн албанд орох асуудал нь сонгон шалгаруулалтаар хийгддэг, цаашаа ажилласан жил, туршлага, чадвараараа дүрэм журмынхаа дагуу албан тушаалын шатаар өгсдөг болох нь зүйд нийцнэ. Энд бас л стандарт хэрэгтэй. Төрийн алба, төрийн албаны харилцааг стандартад оруулах ёстой.

Гэхдээ тогтолцооны өөрчлөлтийг хүлээгээд суулгүйгээр хариуцлага тооцох, өөрчилж солих асуудал байна аа. Ажил аваад нэг жил гаруй болж байна. Яамд, хөдөө орон нутгаар нэлээд явлаа. Бодлого зорилтоо тодорхойллоо. Түүнийг хэрэгжүүлэх үйл явцад хэн нь яаж хандаж байна, аль нь хариуцлагагүй, чадваргүй байна гэдэг нь ил болж эхэллээ. Гарч байгаа дүгнэлтийг үндэслээд хариуцлага тооцох шаардлага гарч байна. Тэгэхээр ойрын үед хэд хэдэн салбарууд дээр энэ асуудлыг ярина.

- Та санамсаргүй байдлаар Ерөнхий сайд болсон хүн. Өмнөх Ерөнхий сайд биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх болоод Танд санал тавьснаар шийдэгдсэн. Тэр үед юу бодогдож байв? Нөгөө талаар С.Баяр даргын нөлөөн дор таныг байдаг гэх нь ч бий. Намыг ч, Засгийг ч хэрэг дээрээ С.Баяр л өөрийнхөө гарт барьж байна гэж бичдэг…

- Танай хэвлэлийнхний хардлага л даа. Өмнөх Ерөнхий сайд ажлаа өгөх болохдоо намайг сонгосон нь тохиолдлынх биш болов уу. Би яамны жирийн мэргэжилтнээс хэлтсийн дарга, дэд сайдаас сайд хүртэл алба хашсан, бизнесийн хүрээний туршлагатай, эдийн засгийн гадаад харилцааг хариуцдаг Үйлдвэр худалдааны сайд, гадаад бодлогын асуудал хариуцдаг Гадаад харилцааны яамыг толгойлж, төрийн албыг төвшин төвшинд нь хийсэн, тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн хүн болов уу гэж боддог юм. Өөрийгөө магтаж байгаа хэрэг биш шүү. Тэдгээрт хуримтлуулсан туршлага маань төрийн энэ өндөр албан тушаалыг хашихад чухал хөшүүрэг болж байна.

Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үгэндээ би гол зорилгоо тодорхойлсон. Өгүүлбэр болгонд нь хийх ажлын зорилт тусгагдсан, нэг ёсны миний мөрийн хөтөлбөр юм. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө өгүүлбэр өгүүлбэрийн араас хөөцөлдөөд явж байна даа. Гоё сайхан, ерөнхий үг ярьж олонд таалагдахын тулд биш хэрэгтэй, ажил болох үг хэлэхсэн гэж боддог. Товчоор хэлбэл хэлэхийн төлөө хэлэх биш, хийхийн төлөө хэлэх юмсан гэж хичээдэг.

Баяр даргын хувьд бол өөрийнх нь хэлсэн нэг үг бий шүү дээ. “Авч чадсан юм, өгч чад. Байхын тулд байх биш, чадахын тулд бай. Бүү зууралд, цагаа мэдэр. Явахдаа явсан шиг яв” гэсэн байх аа. Хэлсэн үгэндээ байж чаддагаа олон юман дээр харуулсан хүн. Эргэж орооцолдоод л, нөлөөлөө хадгалах гээд ч юм уу, Батболд оо наадах ажил чинь яаж байна, тэрийг нэг бодоорой, энэ хүнийг ингэчихмээр байна гэх мэтээр нэг ч удаа хандаагүй. Анх ажил өгөхдөө би иймэрхүү юм хийх гэж зорьж байсан юм, ийм ажлыг эхлүүлсэн, ингэвэл зүгээр болов уу гэж нэг хэлж байсан. Тэрнээс хойш бид хоёр Ерөнхий сайдын, Намын даргын ажил төрлийн талаар огт яриагүй. Намайг дуудаад “Би өөрийг чинь Ерөнхий сайдад санал болгох гэж байна. Чи чадна аа” гэсэн. Би “За, би хичээе ээ” гэсэн. Тэгээд л хаячихаад яваад өгсөн шүү дээ.

-Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадах уу. Засгийг огцруулах санаархал, сөрөг үзэл бодол Засгийн газар байгуулагдсан өдрөөс хойш л дагасаар өнөөг хүргэлээ. Ер нь хамтарсны оноо, алдаа юундаа байна вэ?

-Ямар ч намын үндсэн зорилго улс орноо хөгжүүлэх, иргэдийнхээ сайн сайхан амьдралын баталгааг бүрдүүлэхэд оршдог.  Намууд энэ зорилгоо хэрэгжүүлэхдээ өөр өөр байр сууринаас хандаж сөргөлдөж, үзэлцэх үе байдаг. Сонгуулиар жишээлбэл өөрсдийн үзэл баримтлалаар өрсөлдөх ёстой нь ойлгомжтой. Өрсөлдөөн шударга байх ёстой. Түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх ёстой. Энэ хүрээнд парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох чиглэлд зөвхөн эрх баригч, парламентад суудалтай нам биш нийт намуудын хийх зүйл бий. Өргөн хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа.

Хамтарснаар алдаж байгаа бол шүүмжлэх, тэр ч байтугай огцруулах асуудал хөндөх нь зөв. Хэрвээ болж бүтэж байгаа бол түүнийг дэмжих, түших ёстой. Зөвхөн сөргөлдөхийн тулд сөргөлдөгч, эвдлэн нураахын тулд огцруулагч байх учиргүй. Түүнчлэн тэврэлдсэнээр бүх юм бас сайхан болчихгүй л дээ. Хамтраад Засгийн эрхээ барьсан, барьдаг жишиг ардчилсан орнуудад зөндөө л байна. Манайд хамтарсан Засгийн газар ажилласнаар олон чухал асуудлыг гацаанаас гаргаж, боломж нөхцөл бүрдүүлснийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа.

Засгийн газар улс орны хэмжээний томоохон зорилтууд, дэвшүүлсэн бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ урагшлуулахын тулд нэгдэж хамтарч түүнийхээ үр дүнг үзэх ёстой. Засгийн газар 2012 оны сонгууль хүртэл хамтарч ажиллах нь зөв гэсэн байр суурийг би хувь хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч, МАН-ын даргын хувьд ч баримталж байгаа. Амаргүй зүйлүүд нам дотор ч, нам хооронд ч бий. Гэхдээ бид том эрх ашигтаа захирагдаж чадаж байгаа. Энэ байдал цаашид ч үргэлжилнэ гэж бодож байна.

-Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу? Гэргийг тань монголчууд танина. Бас нэг нөхөр “Morgan Stanley”-д ажилладаг, компанийнхаа эрх ашгийг төлөөлж, аавдаа нөлөөлж магадгүй гэсэн яриа гарснаас бусдыг тэр бүр мэдэхгүй байх.

- Ажил төрөл нь өөдрөг яваа эр хүний ард үнэхээр багана түшиг болсон эмэгтэй хүн байдаг гэдгийг би сайн мэднэ. Амьдралаараа ч үүнийг ойлгож байна. Эвсэг дулаан, өнөр өтгөн, бахархаж болох сайхан гэр бүл надад бий. Гэргий Отгонтуяа маань уг нь эдийн засагч хүн. Бас соёл урлагийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Бизнесийн гэхээсээ илүү нийгэм, соёлын чиглэлд, хүний оюун сэтгэлгээнд гэгээ гэрэл нэмэх гэсэн эрмэлзэл санаачилга гарган ажиллаж байгаа. Урлаг, соёлыг дэмжих “Төгөлдөр” сан байгуулж, нэлээд ажил өрнүүлж, цаг заваа зориулж байгаад олон нийт талархалтай хандаж байх шиг байдаг. Дэлхийн сонгодог болон үндэсний урлагийн хөгжлийг дэмжихэд голлон анхаардаг.

Хүүхдүүдээ хүн болгож төлөвшүүлэх нэргүй хэрнээ нөр их ажлын гол ачааг гэргий маань үүрдэг. Сонирхолтой хэрнээ ээдрээтэй тэр ажил их чухал. Эхнэр маань сүүлийн үед “Өсвөр насны бурхад” гэсэн Америкт бестселлер болсон цуврал сонирхолтой ном, өөр хэд хэдэн бүтээл орчуулж хэвлүүлэх гэж байгаа. Гэр бүлийн үнэт зүйл, хүүхэд-аав ээжийн харилцааг хөндсөн, монгол ээж, аавд хэрэгтэй, их чухал, сонин ном байна лээ.

Том хүү АНУ-д сургуулиа дүүргээд нэг жил хэртэй “Morgan Stanley”-д ажилласан нь үнэн. Гэхдээ хэвлэлд гарсан шиг юм болоогүй. Болох ч боломж байхгүй. Дэлхийд нэр хүндтэй том компанид монгол залуу ажиллана гэдэг нэр төрийн хэрэг биз дээ. Би миний хүүг ажилд аваач гэж гуйгаагүй нь ойлгомжтой. Баттүшиг маань боловсрол, мэдлэг, чадвараараа тэндхийн тэр том шалгуурт тэнцээд ажилласанд аавын хувьд баярладаг. Сая Америкийн нэр хүндтэй нэг том сургуулийн мастерт шалгалт өгөөд тэнцэж, сургуульдаа орж байгаа. Хоёр дахь хүү Самади Англид сурдаг. Одоо Парист боловсролын солилцооны хөтөлбөрөөр оччихсон байгаа. Гурван бага нь эндээ, аав ээжтэйгээ ерөнхий боловсролын дунд сургуульд сураад, бужигнаж байна даа.

            -Та ярилцлагынхаа төгсгөлд монголчууддаа, манай сонины уншигчдад хандаж товч үг хэлэхгүй юү?

- Бид ихээхэн хариуцлагатай үед ирээд байна. Улс орны хөгжил урагшаа явна аа. Энэ бол ойлгомжтой зүйл. Хүнээс хамаарахгүй юм ч байна, хамаарах нь ч байна. Хүнээс хамаарах тал дээр нь үйл явцыг хурдлуулах, дэм өгөх, хичээн шамдах нь чухал. Хурдлуулах шаардлага байна аа гэдэг нь нийгмийн хүсэмжлэл болоод байна. Шийдвэр гаргах төвшиндөө үүнийг ойлгож, эрмэлзэж зүтгэж байгаа нь сайн хэрэг. Амьдралаа сайжруулж, нөгөө яриад байгаа дундаж давхарга гэдгийг бодитоор бий болгомоор байна. Ядуурал, ажилгүйдэл, авлига гэж ярьсаар, амтай болгоны эх орон, ард түмэндээ жигтэйхэн хайртайгаа харуулахын тулд барьдаг лоозон боллоо шүү дээ. Энэ бүхнийг шийдэх хэрэгтэй. Шийдэхийн тулд ярих биш, хийх хэрэгтэй.

Ажил хийх боломж хамтарсан Засгийн үед, өнөөгийн түүхэн нөхцөлд илүү таатай байдлаар тохиож байна. Нөгөө талаар илүү хариуцлагатай байх сорилтын өмнө бид иржээ. Нээлттэй засаглалыг бид хөгжүүлэх ёстой. Шилжилтээс хөгжил дэвшил рүү алхаж орох цаг ирсэн. Эдийн засгаа чанарын өөр төвшин рүү, өрсөлдөх чадвартай байх чанар луу шилжүүлье. Хатуу болон зөөлөн дэд бүтцээ яаж хөгжүүлэх вэ гэдгээ тодорхой болгоё. Асуудлын цөмд хүн байх ёстой. Хүнээ хөгжүүлж чадвал зорилго, үйл ажиллагаа тодорхой болно, зорьсондоо хүрэх зам нээлттэй болно. Тиймээс бүгдээрээ дор бүрнээ хичээе гэж хэлмээр байна даа.

Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг ерөөе.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хэлсэн үг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
ЗАВХАН АЙМАГТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА
С.БАТБОЛД : АЖИЛ ХИЙЖ ЯДУУРЛААС ГАРАХ ЁСТОЙ
ТАЙШИРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН УУЛЗАЛТАНД ХЭЛСЭН ҮГ
АЛТАЙЧУУД АВАХ УРГАЦАА 1000 ТОННООР НЭМЭГДҮҮЛНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан