Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж эдийн засгийн өсөлтийг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулах, аж ахуй бизнес эрхлэх орчныг бүрдүүлж хүн бүрийг, өрхийн 1-ээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 70 мянга гаруй ажлын байрыг бий болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал энэ онд улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн хүрээнд зам, тээвэр, барилгын салбарт нийтдээ 22944 ажлын байр шинээр нэмэгдэхээс барилгын салбарт 13500 нь хэрэгтэй байгаа юм. Харин Эрдэс баялаг эрчим хүчний салбарын хувьд уул уурхай, газрын тосны салбарын ажлын байрны захиалгаа нийлүүлээд 13000 орчим, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам салбарынхаа хэмжээнд 4700 гаруй ажлын байр гарах судалгаа байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд сум, дүүрэг, баг, хороонд амьдарч байгаа ажилгүй иргэдийг нэг бүрчлэн бүртгэж, хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй ур чадварыг нь мэргэжлийн боловсрол сургалтын болон үйлдвэрлэл дээрх сургалтаар сургаж ажилд зуучлах, хувиараа аж ахуй хөдөлмөр эрхлэхийг дэмжин сургаж жижиг зээл олгох, нийтийг хамарсан ажлаар ажлын түр байр бий болгох зэргээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих идэвхтэй бодлогыг хэрэгжүүлж эхний ээлжинд 22,6 тэрбум төгрөг зарцуулан ажиллахаар төлөвлөн, энэ ажлыг уялдуулах, зохион байгуулах талаар ажлын хэсгүүд хэд хэдэн удаа хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гарсан. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг даалгаврыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгосон.
Дээрх жилийн ажлын хүрээнд “Хөдөлмөрийн хаврын яармаг” өнөөдөр зохиогдлоо. Яармагт Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар зэрэг 60 шахам төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцож байна. Засгийн газрын тэргүүн яармагийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнтэй болгон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, шаардлагатай санхүүжилтийн асуудлыг үндсэнд нь шийдвэрлэснээ дуулгаад аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг хэсгийн дарга, ахлагч нараас, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэддээ хүрч ажиллах, улмаар өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бизнесийнхэнтэй хамтарч шаардлагатай ажлын байранд өөрийн иргэдийг сургаж бэлтгэн ажиллуулах арга хэмжээ авахыг хүслээ.
Мөн тэрээр энэ бүхний үр дүнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн уялдаа холбоо шуурхай хангагдаж, олон мянган иргэн ажилтай хөдөлмөртэй болно гэж бодож байна. Тиймээс хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүр энэ жил идэвхтэй, хичээл зүтгэлтэй байхын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хороотой хамтран ажиллаж амьдрал ахуйгаа дээшлүүлэх өргөн боломж нээгдэж байгааг ашиглахыг хүсээд үүний үр дүнд хичнээн хүн ажилтай болсон тухай тоон статистик чухал. Шинээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амьдрал ахуй яаж дээшилсэн гэдэг чанарын үзүүлэлт статистик мэдээнээс илүү чухал байна.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлын үр дүн ард, иргэдэд хэрхэн хүрч байгаад Үйлдвэрчний Эвлэл, иргэний нийгэм хяналт тавьж Засгийн газартай хамтран ажиллах болсонд таатай байна. Энэ нь Засгийн газар бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа иргэд, иргэний нийгмийн төлөөллийг өргөн хүрээнд оролцуулж байгаагийн нэг илрэл, хамтын ажиллагааны бодит үр дүн юм гэж хэллээ.
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйлчилгээг олон нийт, ажил олгогч, ажил хайгч иргэдэд сурталчлах, иргэдэд мэдээллийг нэг цэгээс хүргэх, хөдөлмөрийн зах зээлийн төрөл бүрийн мэдээлэл, зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг олон нийтэд танилцуулах зорилгоор хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна. Иргэн та хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг www.labornet.mn веб хуудас болон бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороодод байрлуулж байгаа мэдээллийн цахим самбараас авах боломжтой юм байна.