Монгол Улс технологиороо дэлхийд тэргүүлсэн “Майкрософт” компанитай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн илэрхийлсэн. Тэгвэл Ерөнхий сайд С.Батболдын дээрх саналыг дэмжиж талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн тус компанийн ерөнхийлөгч ноён Стив Болмерын захидлыг “Майкрософт”-д 10 гаруй жил программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаа Л.Бат-Өлзий хэмээх залууөнөөдөр гардуулан өглөө. Тэрээр Улаанбаатар хотноо Мэдээлэл технологийн улсын зөвлөлгөөнд оролцохоор иржээ.
Монгол залуусын нэр хүндийг өндөрт өргөж дэлхийн жишигт хүрч ажиллаж байгаа та бүхнээр бид бахархаж байна. Монгол залуус бүхий л салбарт ажиллаж чаддаг юм байна гэдгийг өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа тэд харуулж чадаж байна хэмээн Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ. Мөн тэрээр манай улсын хувьд Мэдээлэл технологийн давуу талыг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, программ хангамжийн лиценз зөвшөөрлүүд, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг мэдээлэл технологийн салбарт цогц бодлого боловсруулах, системчлэх шаардлага тулгарч байгаа гэдгийг онцлоод, энэ бүхнийг хийхэд “Майкрософт” компанитай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэлээ.
Ерөнхий сайдын хэлсэн лицензтэй программыг цаашдаа ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн саналыг дэмжиж байна гэдгээ “Майкрософт” компанийн хэлтсийн дарга Л.Бат-Өлзий хэлээд Монголын 12 залуу одоо “Майкрософт”-д ажиллаж байна. Сүүлийн хоёр сарын дотор хоёр ч залуу шинээр ажилд орсон гэдгийг дуулгалаа. Энэ бол монгол залуус хаана хэнээс ч дутахааргүй ажиллаж, өсч хөгжиж, манлайлж байгаагийн тод жишээ юм. Сурсан мэдсэнээ нутаг эх орон иргэддээ тустайгаар ашиглаж Монгол орныхоо хөгжил дэвшилд улам илүү хувь нэмэр оруулна гэдэгт илтгэлтэй байна хэмээн Засгийн газрын тэргүүн хэллээ.