Төрийн албанд чадалтайсайн хүн томилогдлоо гэдгийг ярьдаггүй мөртлөө тэрний хүн оччихож гэж ихэнхдээ хэлдэг. Ийм сэтгэлгээ бидэнд тогтсоноос гадна гудамжинд явж байсан хүн аль нэг яамны хэлтсийн дарга болж байгаа нь бидний нийтлэг л асуудал болсон шүү дээ. Хуулийн цоорхой байгаа учир ийм зүйл гараад байна. Тиймээс ядаж мэргэжлээрээ 5-10 жил сайн ажилласан хүнийг хэлтсийн дарга болгох ийм тогтлолцоо руу бүгдээрээ зоригтой шилжье. Монгол төрийн албыг мэргэжлийн, дархлаажуулсан, ур чадвартай болгох алхмыг хийх цаг болсон .....
Ингэж Ерөнхий сайд С.Батболд онцлон тэмдэглэж байна. Төрийн албаны шинэтгэлийг удирдах хорооны анхдугаар хуралдаан дээр тэрбээр ийн хэлээд, төрийн албаны хүнд суртлыг амтай бүхэн шүүмжилж 20 жил боллоо, одоо үүнийг халах цаг болсон гэлээ. Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо байгуулах шийдвэрийг саяхан Засгийн газраас гаргаж, анхны хуралдаан болж байгаа нь энэ бөгөөд хорооны дарга нь Ерөнхий сайд ажээ.
Төрийн албаны шинэтгэлийг эрс эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах шаардлага байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, хөгжиж ирсэн улс орны удирдлагын туршлага ч тийм байгааг дурьдлаа. Дугуйг дахин шинээр бүтээлгүй сайнаас нь олныг авах ёстой гээд, Канад, Украйны туршлагыг ч жишээндээ онцолж байв. Мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх, улс төрөөс ангид ур чадвартай, манлайлагч удирдагчдыг төрүүлэх нь төрийн албаны шинэтгэлийн цаашдын гол зорилт гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байна.
Түүнчлэн боловсон хүчний талаарх томилгоо нээлттэй, өрсөлдөөнтэй ил тод байх, төсвийн байгууллага, улсын үйлдвэрийн газрын ерөнхий менежэр, менежэрүүдийн удирдлагын ур чадвар, манлайллыг эрс нэмэгдүүлэх хариуцлагыг өндөржүүлэх , төрийн бүх үйлчилгээ хүнд зориулагдсан хүртээмжтэй байхын чухлыг онцоллоо. Үүний тулд үндэсний хэмжээнд чуулж, цаашдын чиглэл стратегаа тодорхой болгох шаардлагатайг тэмдэглэлээ.
Төрийн албаны шинэтгэлийг удирдах хорооноос Төрийн албаны Үндэсний чуулганыг ирэх зургадугаар сарын эхний арав хоногт багтаан хийх, тус чуулганы бэлтгэлийг хангах, чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг удирдамжийн хамт баталлаа. Үндэсний чуулганы бэлтгэлийг бүх талаар хангаж, тус чуулганыг өндөр түвшинд зохион байгуулж явуулахыг ажлын хэсгийн ахлагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.