Махны үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг өнөөдөр ярилцлагад урьж, махны нийлүүлэлт хэвийн байхад махны үнэ яагаад өсөөд байгааг, сар шинийн баяраар иргэд хямдхан мах худалдаж авах боломжтой эсэх, ууцны мах 300 мянгад хүрч байгаа нь үнэн үү гэдэг асуултад хариулт авлаа. Мөн энэхүү уулзалтын бас нэг зорилго нь Засгийн газраас 2011 оныг хүнсний аюулгүй байдал, хангамжийг нэмэгдүүлэх чанаржуулах асуудлыг гол зорилтоо болгон ажиллаж байгаатай холбоотой юм.
Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, хотын мэр Г.Мөнхбаяр нар ч хүрэлцэн ирсэн байв. Мөн түүнчлэн маргааш болох хүнс хөдөө аж ахуйн улсын зөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд ч уг уулзалт болж байгааг Засгийн газрын тэргүүн тодотгож байлаа. Мөн зуд болоход хүн бүр л анхаарч сонсдог, бас монгол хүн бүрт хамааралтай сэдэв болохоор уулзалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч нуусангүй.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд товч мэдээлэл хийхдээ, Монгол улсын засгийн газраас хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах чиглэлээр олон хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт бодитой өсөлтүүд гарч байгааг дурьдаад, энэ салбарын бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн оныхоос 27.5 хувиар өсч, 454.4 тэрбум төгрөгт хүрснийг тэмдэглэлээ.
Ерөнхий сайдын асуултад салбарын сайд хариулахдаа ууцны мах 300 мянга хүрсэн гэх хэвлэлд гарч байгаа мэдээллийг няцаав. Ууцны махыг гурав ангилж байгаа бөгөөд жижгэвтэр нь 90.000-100 мянга, дунд орчим нь 100.000-150.000,харин том нь 150.000-200.000 орчим төгрөг байгааг дуулгасан. Харин махны үнэ өссөн шалтгааныг зүүн аймгууд болон Төв аймгийн зүүн сумдаас ирэх махны нийлүүлэлт зогссоноос үүдэлтэйг тайлбарлаж байлаа. Энэ сарын 15 –наас эхэлж нөөцийн махыг нийлүүлж эхэлсэн болохоор хэвийн байдалд орох болно гэдгийг ч дуулгалаа.
Харин нөөцийн махыг хичнээн цэгт ямархуу байдлаар борлуулж байгаа , иргэдэд хямд мах очиж чадаж байгааг сонирхсон Ерөнхий сайдын асуултад Улаанбаатар хотын Ерөнхий менежэр Ч.Бат дараах хариултыг өглөө. Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд 2011 онд 12000 тонн нөөцийн мах бэлтгэж нийлүүлэх аж. Нэгдүгээр сарын 17-ны байдлаар мах бэлтгэлийн ажил 11.5 тонн буюу 96 хувьтай байгаа юм байна. Нийслэлийн нөөцийн махны бэлтгэлд 14 компани оролцож байгаа ажээ.
Нөөцийн махыг нийт 267 цэгээр нэгдүгээр сарын 15-наас эхэлж борлуулж байгаа бөгөөд 0.5 түүнчлэн 1 болон 3 кг-аар савлан, хонины махыг 3000, Үхрийн махыг 3500, Ямааны махыг 2400 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа юм байна. Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд нийтдээ 30 мянган тонн нөөцийн махыг борлуулаад байгааг ч дурьдлаа. Нөөцийн ийм хэмжээний мах нийлүүлэхэд үнэ нь харьцангуй тогтворжсон болохоор үлдсэн хувь нь гарахад цаашид улам тогтвортой, хэвийн болно гэдгийг албаны хүмүүс амаллаа.
Нэг дүүргийн хоёр дэлгүүрт нөөцийн махыг худалдаж байгаа бөгөөд энэ тухай хорооны даргад нь ч дуулгасан гэдгийг мэдээлээд, сар шинээр иргэд ченжийн гар дамжсан үнэтэй мах бус, нөөцийн хямдхан мах худалдаж авах бололцоотойг хэллээ. Мөн энэ сарын 20-доос эхэлж нийслэлийн Баянгол,Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт мах болон цагаан идээний үзэсгэлэн яармагыг зохион байгуулах болсныг ч энэ үеэр дуулгаж байв. Ямартай ч ирэх долдугаар сар хүртэл махны үнэ тогтвортой байхыг нийслэлийн удирдлагууд амалж байна.
Харин мах үйлдвэрлэгч нарын зүгээс цас зудтай байсан энэ үед 12000 тонн мах бэлтгэж чадсан нь том амжилт гэдгийг хэлээд, малчдад татаасыг нь өгчихдөг болчихвол махны үнэ өсөхөөс эхлээд жилийн жилд яригддаг эдгээр асуудлууд арилах болно гэдгийг дурьдлаа. Мөн малд тоон систем тавих туршилтыг энэ онд хоёр аймагт туршихаар болсон чимэгтэй мэдээг ч хэлсэн. Мөн Засгийн газрын дэвшүүлж байгаа төрийн зарим үүргийг мэргэжлийн холбоодод хариуцуулж өгч байгаа шийдвэрийг тэд тун сайшаалаа. Тодорхой үр дүнгүүд гарч байгааг жишээ гарган тайлбарласан.
Малыг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, бас татаасын талаар ямар бодолтой байгааг сонирхсон Ерөнхий сайдын асуултад тодорхой бодлого боловсруулж байгааг хэлээд, харин малчдад татаасыг нь шууд өгчихдөг болчихвол хүнсний аюулгүй байдлаас эхлээд хулгайн асуудал, түүнчлэн мехнаник үйлдлүүд зогсох болно гэж байв. Бас мал бэлддэг зардлаа ч хэмнэх боломжтой гэнэ.
Энэ мэт мал, махыг тойрсон олон асуудал энд яригдлаа. Малын тооллого бодитой эсэх, гааль дээр байгаа гахайн өөх МХЕГ-ын даргын асуудлаас болж орж ирэхгүй байна. Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол цагаан сараар хиам үнэд орж мэдэх нь гэдэг асуудлыг Хиам үйлдвэрлэгчдийн холбоо сануулаад авсан. Атрын аян амжилттай өрнөсөн, одоо хөдөө аж ахуйг энэ жишигт хүргэх хэрэгтэйг ч дуулгалаа. Зарим нэг үйлдвэрлэгчдийн амнаас гарсан нүүрсэн дор мах нууж гардаг гэх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын дарга бүхий л нотолгоо баримтаар эрс няцааж, ийм боломжгүй зүйл ярих нь үнэнд нийцэхгүй гэж байлаа.
Т.Бадамжунай сайдын хэлснээр махны экспортын асуудал харьцангуй хөдөлгөөнд орсон, одоо малыг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх эргэлтэд оруулахад энэ жил том ажлууд хийгдэх болно гэлээ. Харин энэ бүгдийн дараа Ерөнхий сайд хэлэхдээ уулзалтаас олон чухал санаа гарсныг дурьдаад, ярьснаа ажил хэрэг болгож үр дүнд хүрэх, үйлдвэрлэгч малчид ямар үүрэгтэй байх юм гэдгийг тодорхой болгож, энэ асуудлыг боловсруулж эргэж танилцуулахыг холбогдох яаманд үүрэг болголоо.
Мөн өнөөдрийн ярилцлагад хамгийн их хөндөгдсөн эргэлтийн хөрөнгийг тодорхой хэмжээгээр шийдэж, шийдвэр гаргахаа, Засгийн газар өөрийн талаас хамаарах бүх зүйлийг хийж, хамтдаа үр дүнд хүрэх болно гэдгийг ч мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагад дуулгалаа.
2011 онд гурилын үнэ тогтвортой байна гэдэгт Засгийн газар, гурил үйлдвэрлэгчид санал нэгтэй байна
Хүнсний хангамж, чанар ньдэлхий нийтийн төдийгүй манай улсын хувьд ч хамгийн чухал болоод байгаа. Монголчууд бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд гол жин дардаг гурил, махны нийлүүлэлт, үнэ ханш, чанарын асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд ажлын нэг өдрөө зориуллаа. Эхлээд тэрбээр Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбоо болоод гурил үйлдвэрлэгч томоохон компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан юм.
Засгийн газар 2011 оныг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, үндэсний аюулгүй байдлыг хангахад илүү анхаарал тавьж, энэ чиглэлээр үйлдвэрлэлүүдийг, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьж ажиллаж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг өрөөндөө хүлээн авч уулзахдаа хэллээ.Энэ уулзалтын үеэр гурил үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болсон хоёр асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нааштай хариу өгсөн нь 2011 онд гурилын үнэнд өөрчлөлт оруулахгүй байж болохоор шийдэлд хүргэлээ.
Өөрөөр хэлбэл, жил бүрийн 4-р сарын 01-ээс 7-р сарын 01 хүртэлх хугацаанд гаалийн импортын татвар 15-5 хувь болж буурдаг. Үүнээс шалтгаалан гурилын үнэд хэлбэлзэл гардаг. Гурилын гаалийн татварын хувь хэмжээг улирлын ялгаваргүй болгох болон дотоодод үйлдвэрлэж байгаа гурилыг НӨАТ-аас 2011 оны долдугаар сар хүртэл хугацаанд чөлөөлсөн. Энэ хугацааг сунгаж өгөх саналыг гурил үйлдвэрлэгчид Засгийн газрын тэргүүнд тавьсан юм.
Ерөнхий сайд С.Батболд тэдэнд хандаж хэлсэн үгэндээ, Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг үзүүлнэ, ийм үүрэгтэй. Үе шаттайгаар арга хэмжээ авна. Ингэж байж чанартай, аюулгүй хүнсээр ард иргэдээ хангана гэлээ. Тиймээс тэрбээр, гурилын гаалийн албан татварын хувь хэмжээг улирлын ялгаагүй болгооч ээ гэсэн тэдний саналыг нухацтай авч үзнэ гэдгийг хэлээд тохиромжтой хувь дээр нь тогтоон барих боломжтойгэлээ. Энэ чиглэлээр асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээ амлалаа.
Мөн дотоодод үйлдвэрлэсэн гурилыг НӨАТ-аас энэ оны 7 дугаар сар хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн. Засгийн газар НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ хугацааг сунгах асуудлыг боловсруулж УИХ-д тавьчихсан байгаа. Ойрын хугацаанд шийднэ гэсэн таатай мэдээллийг гурил үйлдвэрлэгчдэд дуулгалаа.
ХХААХҮ-ийн сайд болон нийслэлийн удирдлагууд, гурил үйлдвэрлэгч томоохон компаниудын удирдлагууд оролцон гурилын үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, төр засгийн ямар дэмжлэг хэрэгтэйг талаар илэн далангүй ярилцсан энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гурил үйлдвэрлэгч нар сайн ажиллаж байгаа. Гурилын хангамжид асуудал үүсэхгүй, үнэ ханшийн хувьд ч харьцангуй таатай, тогтвортой байгааг тэмдэглээд ард иргэдийнхээ хэрэглээ, эрх ашгийг хамгаалж, чанартай бүтээгдэхүүнээр хангахын зэрэгцээ үнийг тогтвортой барьж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ нь төр засаг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурил үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байгаагийн сайн жишээ энэ юм гэж Ерөнхий сайд гурил үйлдвэрлэгчдийг сайшаалаа.
Засгийн бодлогыг дэмжиж үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлж чанартай үйлдвэрлэл явуулж чадаж байгааг Ерөнхий сайд мөн онцлоод ажлаа улам өргөжүүлж дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ экспортод гаргах том боломж энэ салбарт байгааг энэ үеэр дуулгалаа. Мөн үндэсний үйлдвэрлэгчид борлуулалтын мэдээллээ үнэн зөв гаргаж өгч байх шаардлагатай гэсэн асуудал ч энэ уулзалтын үеэр хөндөгдлөө.
Гурил үйлдвэрлэгчдийг төлөөлж “Алтан тариа” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн хэлэхдээ, ОХУ, Казахстанд нэг тн улаан буудайн үнэ 300-350 мянган доллар. Өмнөд хөрш Хятададч мөн ийм ханштай байна. Үүнтэй харьцуулахад манай улсад улаан буудайн үнэ харьцангуй хямд, 350 мянган төгрөг буюу 280 орчим мянган доллар байна гэж хэллээ. Тэрбээр мөн улаанбуудайн үнэ ийм хямд байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атрын 3 аян”-ы үр дүн. Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц үр тариа, буудай тарьж байгаагийн баталгаа. Өмнөх жилүүдэд манайд улаанбуудайн үнэ хойд хөршийнхөөс ямагт өндөр байдаг байсан бол энэ жилээс ханш нь буурсан. Энэ хэрээр ард иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлж байгааг тэрбээр тэмдэглэсэн юм.
Мөн төр засгаас гурил үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж байгаа гурилын үйлдвэрт тушаасан буудайн тoнн тутамд 2008 оноос урамшуулал олгож эхэлсэн, гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон НӨАТ-аас 2011 оны 12 сар хүртэлххугацаанд чөлөөлүүлсэн, гурилын үйлдвэрүүдэд дотоод хяналтын лаборатори байгуулахад нь хүүгүй зээлийн дэмжлэг үзүүлж байгаа, дотоодод үйлдвэрлэгдэж буй гурилыг НӨАТ-аас 2011 онын 07 сар хүртэл хугацаанд чөлөөлүүлсэн, хүн амын дундах бичил бодисын дутлаас сэргийлж, баяжуулсан гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор баяжуулагч бодис /примекс/-ыг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа зэрэг ажлын үр дүнд гурил үйлдвэрлэгч компаниуд хөл дээрээ баттай зогсож байгаа гэдгийг тэд хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд нийт холбоодынхоо түвшинд уулзалт хийж ярилцах шаардлага байна. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын үүрэг хариуцлага, эрх оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого,хууль боловсруулахад саналбодлыг сонсдог, авдаг больё гэсэн бодлого барьж байна. Идэвхтэй оролцоорой гээд ийм арга хэмжээг уламжлал болгоно. Эндээс л үр дүн, бодит ажил гарна гэдгийг тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.