Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 24-ний өдөр Төрийн ордонд “Хүнсний аюулгүй байдал-2011” зөвлөгөөн болох гэж байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг бэлтгэл ажлаа 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүнд танилцууллаа. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлээс гадна 10 гаруй орны Элчин сайдын яам, 20 гаруй олон улсын байгууллагын нийт 150 гаруй хүн оролцож хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцэн зөвлөмж гаргах юм байна.
Дэлхийн улс орнуудын анхаарлыг хамгийн их татаж байгаа энэ сэдвээр нухацтай ярилцаж, тулгамдаж байгаа асуудлыг оновчтой шийдвэрлэх гарцыг хамтдаа олно гэдэгт итгэж байна гэж Ерөнхий сайд хэлэв. Манай улс “Атрын III аян” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломжтой болсон. Энэ жил үүнээс илүү ургац хураах төлөвтэй байна. Харин одоо хүнсний аюулгүй байдал, чанарт Засгийн газар онцгой анхаарч, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахын тулд чанар, тухайн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт гээд асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байгаа гэж тэрээр тэмдэглэлээ.
Иймээс салбарын болон бусад холбогдох яам, агентлаг, нийслэл хот, мэргэжлийн холбоо, иргэний нийгэм, олон улсын байгууллага ажлаа уялдуулж, “Хүнсний аюулгүй байдал-2011” зөвлөгөөнд санаачлагатай, идэвхтэй, хариуцлагатай оролцохыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Зөвлөгөөнийг Монголын хүнсчдийн холбоо голлон зохион байгуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.