Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс “Зөгийн үүр-2001” цахим уулзалт зөвлөлгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээ ажилч зөгийтэй зүйрлэн нарийн мэргэжил, хуримтлуулсан тэргүүний туршлага ноу хау-г нь нэвтрүүлэх, энэ бүхнийг түшиглэн улс орныхоо хөгжлийг эрчимжүүлэх, бас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү цахим уулзалтад Америк, Япон, Герман, Солонгост ажиллаж амьдарч буй ажилч “зөгийнүүдийн” төлөөлөл оролцож төр болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудтай дэлгэцээр шууд бие биенээ харан суугаад сонирхсон асуултууддаа хариулт авснаас гадна гадаадад ажиллаж амьдарч байсан, эх орондоо ирээд тэнд олж авсан мэдлэг, хуримтлуулсан туршлагаараа амжилттай ажиллаж буй олон “зөгий” оролцсон нь онцлог байлаа.
Энэхүү ажилч зөгийнүүдтэй ярилцсан уулзалтад “Зөгийн үүр” хөтөлбөрийг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлсэн юм. Тэрбээр эхлээд Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, ажлын байр бий болгох, иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа. Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа “Зөгийн үүр-2011” цахим уулзалт ч энэ арга хэмжээний нэг хэсэг юм.
Хилийн чанадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс Төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудаас 2011-2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөх боломжгүй байгаа нарийн мэргэжил, өндөр ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ шаардлагын талаар авсан судалгааны талаар товч танилцуулаад дэд бүтэц, барилгын салбарт- 6235, уул уурхай эрчим хүчний салбарт-165, эрүүл мэндийн салбарт-131, хөнгөн үйлдвэрийн салбарт-125, Хууль эрх зүй салбарт-61 ажлын байрны бодит хэрэгцээ байгааг Ерөнхий сайд хэллээ.
Мөн манай улсад нарийн мэргэжлийн тухайлбал, агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчилгээний инженер, биотехнологич, лабораторын эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, арьс боловсруулагч технологич инженер, банк, санхүү бизнес, маркетинг, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол, ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байгаа гэдгийг зөгийнүүдэд онцоллоо.
Гадаадад амьдарч байгаа иргэдээ бүртгэх ажлыг эрчимжүүлж, өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлон цаашид гадаадад байгаа иргэдэд чиглэсэн төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоор төлөвлөн ажиллаж тухайгаа Засгийн газрын тэргүүн С.Батболд мөн тэмдэглээд гадаадад амьдарч буй иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, бүртгэлийн нээлтийн үйл ажиллагааг БНСУ-аас гуравдугаар сард эхэлсэн. Бүсчилсэн хуваарийн Америк, Герман, Франц, Орос, Казакстан, Тайланд, Египет, Энэтхэг, Хятад зэрэг улсад сургалт зохион байгуулж, шинэчилсэн бүртгэлийн ажил 35 оронд суугаа ЭСЯ-нд явагдаж байгааг хэлээд бүртгэлд хамрагдахыг уриаллаа. Мөн ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцаагтус бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд нэрийн данс нээжэзэмшүүлэхээр болсон гэдгийг хэлсэн юм.
Хилийн чанадад эрх ашиг нь хөндөгдсөн, гачигдал зовлон учирсан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Иргэдэд туслах сан” Гадаад харилцааны яаманд ажиллаж байгааг ч мөн тэрбээр хэллээ. Ингэхдээ тус сангийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох зорилтыг ч ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Мөн тэрбээр хилийн чанадад үндэснийхээ уламжлал, хэл соёл, ёс, заншлаа хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх сурталчилгаа хийж төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын үйл ажиллагаанд Засгийн газар гүн талархал илэрхийлж, үйл ажиллагааг нь бүхий л талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийг нийгмийн даатгалд хамруулах ажилд анхаарлаа хандуулж Солонгос, Унгар Улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хамрагдах боломж бүрдсэн. Цаашид Европын холбооны хэд хэдэн улстай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гэрээ хэлэлцээр хийх ажлыг эрчимжүүлэн судалгаа, хэлэлцээр хийж эхлээд байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан Хөдөлмөрийн төв бирж үйл ажиллагаагаа 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн явуулж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, түгээх үйлчилгээг эрхлэж www.labornet.mn вэб портал нээсэн бөгөөд мэдээлэл хүлээн авч ажил олгогчид, мөн ажлын байрны болон ажил олгогчийн тухай мэдээллийг цуглуулах, онлайн мэдээлэл, зуучлалын үйлчилгээ явуулах боломж бүрдээд байгаа юм.
Энэхүү цахим уулзалтад оролцсон Монгол Улсдаа нэр хүнд бүхий хувийн хэвшлийн төлөөлөл энэ үеэр ямар ямар ажлын байгаа болон ажилч зөгийнүүддээ ямар боломж олгох талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн цахим уулзалтын үеэр facebook, twitter гээд онлайнаар гадаадад байгаа иргэд олон асуулт тавьж, холбогдох хүмүүсээс хариулт авч байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.