Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Унаач хүүхдэд хамгаалалтын хувцас өмсгөөгүй бол морийг нь бүртгэхгүй байхыг Шадар сайд үүрэг болголоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.01 /

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга М.Энхболд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн байр, Хүй долоон худаг дахь морь барианы газрын тохижилт бэлтгэлийн ажилтай танилцлаа. Мөн наадмын өмнө ашиглалтад орох засвар үйлчилгээ хийж байгаа болон шинээр тавьж буй замын ажилтай танилцсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам Хүннү гүрэн байгуулсны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн тэгш ойтой давхцаж байгаа. Иймээс өмнөх жилийн наадмуудаас өргөн дэлгэр хийхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо бэлтгэж байгаа.

Өнгөрсөн жилийн наадмын нээлтийн арга хэмжээний үеэр сул суудал байхгүй, дүүрчихдэг байснаас тасалбар авсан хэдий ч цэнгэлдэхэд нэвтэрч чаддаггүй гомдолтой үлддэг хүмүүс болон байсан. Энэ удаад цэнгэлдэхийн суудлыг дугаарласан тул ийм тохиолдол гарахгүй гэж зохион байгуулагчид үзэж байна. Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэлэхдээ, цэнгэлдэх 12377 суудалтай болсон. Тасалбар авсан наадамчид баяр наадмын нээлтийн тоглолт эхлэхээс өмнө ирж, тасалбар дээрх дугаарын дагуу суудлаа эзэлсэн байх ёстой гэдгийг хэлээд таваас дээш насны хүүхэд тасалбар авч үзэх ёстой гэлээ. Хэрэв ингэж чадвал ямар нэгэн гомдол чирэгдэл гарахгүй гэсэн тайлбар өглөө.

Тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ үеэр түүхэн болон тэгш ой олонтой онцлог наадам болж байгаа гэдгийг хэлээд наадмын бэлтгэл ажил графикийн дагуу явж байгаа. Зөвхөн улсын наадам гэлтгүй аймаг, сумын наадмыг ч сайхан тэмдэглүүлэхийн төлөө анхаарч орон нутгийн удирдлагуудад чиглэл өгч ажиллаж байгаа гэлээ. Энэ жилийн наадмын хувьд наадмын түрүү бөх, сур шагайн түрүү, түрүү морины шагналыг нэмсэн. Монголын эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэж монгол наадам дэлхийд данслагдсаны дараа болж байгаа анхны наадам. Энэ болоод үндэсний спортоо сурталчлах, үнэлэмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор тухайлбал, түрүү бөхийн шагналыг 10 дахин өсгөж 15 сая төгрөгөөр шагнахаар болсон гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. Долдугаар сарын 10, 11, 12-нд монгол адуу уралдана, харин уяачдын наадмаар эрлийз морьдыг уралдуулна. Эдгээр морьдыг ялгах ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг хэллээ.

Баяр наадамд морь унах унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлагад стандарт тогтоон баталсан. Олон улсын стандартад тохирсон малгай, цээживч, хантааз, мөрний хамгаалалт, өвдгөвч, нүдний хамгаалалтыг унаач хүүхдэд зүүлгээгүй бол морьдыг бүртгэхгүй байхыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Хурдан морины салбар хорооны дарга, Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүүд үүрэг болголоо. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар үйлчилгээний ажил 75 хувьтай байгаа талаар Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Ч.Бат танилцуулаад Төв цэнгэлдэх дотор болоод гадаа талбайд нийт дөрвөн дэлгэц байрлуулна гэлээ. Мөн цэнгэлдэх орчимд зөвхөн нийтийн хоол, хүнсний худалдаа эрхлэгчдэд үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгож байгаа, тиймээс өнгөрсөн жилүүдийнх шиг барааны зах гарахгүй гэлээ.

Сур, шагайн талбайн хувьд ч энэ жил засвар сайн хийж байгаа талаар салбар хорооны дарга нар мэдээлэл өгч байлаа. Тухайлбал, сурын талбайг энэ жил 400 гаруй сая төгрөгөөр засч байгаа бөгөөд “Ийгл” зэрэг телевизээр сурын харвааг шууд дамжуулан хүргэхээр бэлтгэж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд энэ өдөр Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 2,4 км автозам, 22-ын товчооны чиглэлийн 10,6 км замын шинэчлэлттэй танилцлаа. 22-ын товчооны чиглэлийн 10,6 км автозамаас наадмын өмнө 5 шарын уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртлэх 6 эгнээ бүхий 21 метр өргөнтэй 1 км зам нь ашиглалтад орно. Тиймээс Хүй долоон худагт очих наадамчин олонд зориулж тус замыг түр нээх бөгөөд ул шороог нь ашиглан зорчих хэсгийг өргөсгөх юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЭНЭТХЭГ УЛСТАЙ БҮХИЙ Л САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИНА
Э.АМАРТҮВШИНГ 52 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад дахь ажилч “зөгийнүүдтэйгээ” онлайнаар ярилцлаа
“Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан