Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ эхэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.17 /
Монгол Улсын Засгийн газар “Атрын 3” аян зарлаж, хэрэгжүүлснээр газар тариалангийн салбар сэргэж, эх орны хөрсөнд ургасан улаан буудай, төмс, хүнсний ногоогоор хэрэгцээгээ 100 хувь хангаж чадахаар болоод байгаа. “Атрын 3” аянтай зэрэгцүүлэн “Таван-Эрдэнэ” арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд санаачлан эхлүүллээ. Тавантолгойтой зэрэгцэх “Таван-Эрдэнэ” ч хэмээн тодотгож болох юм. Энэхүү арга хэмжээний эхлэл болсон “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн” өнөөдөр буюу 2011-09-17-нд Соёлын төв өргөөнд болж монгол орны өнцөг булан бүрээс ирсэн малын эмч, мэргэжилтэн, малчдын 1400 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус зөвлөлгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Хөрөнгийн урсгал уул уурхай, аж үйлдвэрлэл рүү чиглэлээ. Үүнийг дагаад ажиллах хүч хийгээд хүн амын шилжилт хөдөлгөөн энэ зүг хошуурах боллоо. Энэ буруу зүйл биш ээ. Гэхдээ бид ганцхан уул уурхай гээд уламжлалт эдийн засгийн үндэс суурь болсон мал аж ахуйн бодлогоо орхигдуулж, цалгардуулж болохгүй ээ. Ингэвэл “Уулын буга хараад унасан морио мартав” гэгчээр эцэстээ буга ч үгүй, морь ч үгүй болж хоосроно. Ийм байдалд орохгүйн тулд байгалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломж бидэнд байгаа гэлээ.

Олон зуун жилийн байгалийн шалгарлыг даван туулсан манай мал сүрэг манай улсын эдийн засгийн суурь, ард түмний амьжиргааны гол эх үүсвэр, баталгаа нь болж ирсэн. Мөн улс орны Дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод тодорхой байр суурийг эзэлдэг. Тийм ч учраас бид мал сүргээ эх орны шавхагдашгүй баялаг, “Таван-Эрдэнэ” хэмээн тодотгож байгаагаа тэмдэглээд үндэсний баялаг болсон мал сүрэгтээ онцгой анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлээ эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай салбар болгоход нь төрийн төдийгүй малын эмч нар ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Ингэхдээ тэрбээр хүний эмч бол хүнийг эмчилнэ, малын эмч бол хүн төрөлхтнийг эмчилдэг гэдэг үгийг иш татаж байлаа.

Малын эмч, мэргэжилтнүүд эрсдэлтэй хүнд хэцүү нөхцөлд, өөрөөр хэлбэл дөрвөн цагийн эргэлтэд малыг эрүүлжүүлэх, өвчлөлийг нь бууруулах, сэргийлэх чиглэлээр ажилладаг. Энэ нь малаасаа өвчин эмгэг авахад нөлөөлж байгаа гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцлоод тиймээс ч малын эмч нарыг хүнд хөдөлмөр эрхэлдэг гэсэн ангилалд оруулах талаар тодорхой арга хэмжээ авна гэдгээ дуулгасан нь мал аж ахуйн салбарын хөгжлийн тулгуур болсон малын эмч нарыг баярлуулсан мэдээ байлаа. Малын эмч нарын ажлын үр дүнгээс хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн хувь заяа, цаашилбал үндэсний боловсруулах үйлдвэрүүдийн ирээдүй шууд хамааралтайг мартаж болохгүй гэдгийг тэрбээр мөн сануулж байсан. 

Засгийн газар хөдөө аж ахуйн салбартаа ихээхэн анхаарч ирсний нэг илрэл нь өнөөдрөөс хэрэгжүүлж эхлүүлэх “Таван Эрдэнэ” арга хэмжээ юм. Энэхүү “Таван эрдэнэ” бодлогын хүрээнд гурван жил дараалан нийт мал сүрэгт вакцинжуулалт, угаалга, туулгалтын үнэ төлбөргүй арга хэмжээг төрөөс хариуцан хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан гэж Зсгийн газрын тэргүүн хэллээ. Энэ нь “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл гэдгийг ч тэрбээр тодотголоо. Малыг эрүүлжүүлэх нь зөвхөн малд зориулсан, малчдад өгөөжтэй арга хэмжээ биш юм. Энэ бол нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, улс орны эдийн засгийг тэтгэх өргөн хүрээтэй бодлого шийдвэр билээ. Мал эрүүл байж хүнс эрүүл байна. Хүнс эрүүл байж хүн ам маань эрүүл байх учиртайг Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ.

Баягалийн баялгаасаа ч, мал аж ахуйгаасаа ч ашиг олж, дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөөнд хос морьтой явах боломжийг бий болгох зорилго бүхий “Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлэхэд, ажил хэрэг болгоход малын эмч мэргэжилтнүүд гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү зөвлөлгөөнийг санаачлан хийлгэж байгаа юм.

“Монголын малын эмч нарын зөвлөлгөөн нь хөдөө орон нутагт өнөөдөр мал эмнэлэг, малын эмч нар ямархуу байгаа болон хүнд хэцүү байдал, түүнээс гарах арга зам болон хойшид ямар арга хэмжээ хэрэгжүүлбэл зөв зүйтэй байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн санал шүүмжлэл өрнөсөн халуухан арга хэмжээ болсон юм. Төлөөлөгчдийн хэлсэн санал, зөвлөмжийг нэг бүрчлэн тэмдэглэн авч хойшид хэрэгжүүлэх ажилдаа тусгаж, хийх ажлаа төлөвлөхийг  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зөвлөлгөөнийг зохион байгуулагчдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улсын бүх мал сүргийг, угаалга, туулгалт, вакцинжуулалтад 3 жил дараалан үнэ төлбөргүй хамруулна
Монгол бөх Геннисийн амжилтын төлөө
Мал сүргийг эрүүлжүүлэх “Таван-Эрдэнэ” арга хэмжээ малчны хотонд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Монголын малын эмч нарын зөвлөлгөөн”-д хэлсэн үг
Засгийн газрын хуралдаан 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Сэлбэ гол сэргэж, Улаанбаатарчууд өнгө төрхөөр сэлбэгдэнэ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан