Монгол Улсын түүхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал онцгой байр суурь эзэлдэг. Энэхүү хувьсгалын үр дүнд Монгол Улсын тусгаар тогтнол дахин сэргэж, VIII Богд Жибзундамба хутагтыг тус улсын хаанд өргөмжлөн, анхны таван яам байгуулагдсан түүхтэй. Энэ онд дээрх яамдын үргэлжлэл болон ажиллаж байгаа эдүгээгийн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх алба, (Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Дипломат алба, (Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам) Санхүү, эдийн засгийн алба, (Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Хууль зүй, дотоод хэргийн алба, (Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам) Батлан хамгаалах алба (Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам) үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.
Энэхүү түүхт ойн хүрээнд өнөөдөр тэд “Анхны таван яам – 100” сэдэвт нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү өдөрлөгт оролцож хэлсэн үгэндээ 2007 оноос эхлэн манай төв, орон нутгийн төрийн байгууллагууд иргэддээ үйлчлэх, тэдний санал бодлыг сонсох нээлттэй өдөр зохиох ажил аль хэдий нь хэвшил болжээ. Ард иргэдийнхээ санал бодлыг сонсч, тэдэнд төрийн төрөл бүрийн үйлчилгээг газар дээрээс үзүүлж, урлаг, спортын тоглолт, түүхэн замнал, өнөөгийн үйл ажиллагаагаа сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Мөн тэрээр иргэдийг энэхүү нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцох, төрийн албан хаагчдыг олон нийтэд чанартай үйлчилгээ хүргэж, тэдний санал хүсэлтийг хүлээн авахыг уриалж байгаагаа хэллээ. Монгол Улсын орчин цагийн төрийн захиргааны төв байгууллагын эх суурь нь болсон энэхүү таван яамд эх орныхоо хөгжил дэвшлийг чанарын шинэ шатанд гарган ард олны сайн сайхан аж амьдралын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж өнөөгийн өндөрлөгт хүргэж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр хэлээд анхны таван яамдын хамт олон 100 жилийн ойгоо угтан байгууллагынхаа түүхэн замнал, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлаа шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ойн нэрэмжит спорт, урлагийн олон төрлийн ажил зохиох зэрэг томоохон зорилт дэвшүүлж идэвхи, санаачлага гарган ажиллаж байна гэлээ.
“Анхны таван яам-100” сэдэвт нээлттэй өдөрлөгийн үеэр дээрх таван яам нийслэлийн иргэд, олон нийтэд үйл ажиллагаа сурталчлах, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт болон бусад асуудлаар иргэдээс санал асуулга авахаас гадна Монгол Улсын Хүний хөгжил сангаас олгох оюутны сургалтын төлбөр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг хаана хэнд хандаж хэрхэн авах зэрэг зөвлөгөө мэдээллийг өгч байна.