Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар манай улсад айлчилж байгаа ХБНГУ-ын Холбооны Канцлер, эрхэмсэг хатагтай А.Меркелийн айлчлал үргэлжилж байна. Энэ айлчлал ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний хэмжээнд манай улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой бөгөөд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг илтгэн харуулсан үйл явдал болж байна гэж хоёр тал үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркел нар Монгол Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Уг ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талаас ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Германы талаас ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт төлөөлөгч Петер Шаллер, тус улсын Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Иохен Хооманн нар, мөн Уурхайн гэрээт олборлогчдын тухай Эрдэнэс Тавантолгой компани, ББМ Оперта групп хоорондын гэрээнд Монголын талаас Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Германы талаас ББМ Оперта группийн Ерөнхийлөгч Вольфган Петерс нар гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах тухай Эрдэнэс тавантолгой компани, Сийменс компани хоорондын ерөнхий гэрээнд Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Сийменс компанийн Эрчим хүчний үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Маркус Таке нар гарын үзэг зурлаа. Улаанбаатар хотод шинээр баригдах суурьшлын бүс дэх усны тогтвортой ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ХБНГУ-ын ГАУФФ инженеринг компанийн хоорондын хэлэлцээрийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, ГАУФФ инженеринг компанийн Ерөнхийлөгч Увэ Гауфф нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Линдао Нобелийн шагналтнуудын Зөвлөл, Констанс нуурын эрэх дээрх Линдао Нобелийн шагналтнуудын уулзалтын сан хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын ШУА, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тохиролцоонд Монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Германы талаас Герда Хенкелийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Микел Ханслер нар гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.