- Монголын урлагийн тоглолтын нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг -
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, хатагтай Бан,
Ноён Ерөнхий Ассамблейн дарга аа, хатагтай Аль-Нассер,
Эрхэмсэг ноёд оо,
Хатагтай, ноёд оо,
Энэ жилийн “НҮБ-ын өдөр”-т зориулсан концертыг хариуцан зохион байгуулах нэр хүндтэй үүрэг хүлээх завшаан тохиолдсонд Монгол Улсын Засгийн газар туйлын баяртай байна. Жил бүр 10 дугаар сарын 24-нд бид НҮБ-ын өдрийг тэмдэглэж ирсэн ба чингэснээрээ дэлхийн энэ байгууллагад итгэл дүүрэн байдгаа нотлон илэрхийлдэг билээ. Энэ үдэш Соёлын олон төрлийнтухай түгээмэл тунхаглалаар хүлээн зөвшөөрсөн хүн төрөлхтний хамтын өв болох соёлын олон төрлийг тэмдэглэх ажиллагаанд бидэнтэй хамт оролцохыг урьж байна. Соёлын олон төрлийг хамгаалан хөгжүүлэх нь ирэх жил олон улсын нийгэмлэгийн онцлон хэлэлцэх тогтвортой хөгжлийн асуудлын цөм нь юм.
Өдгөөгөөс 50 жилийн тэртээх энэ өдөр Монгол Улс НҮБ-д 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элссэн нь манай орны хувьд түүхэн үйл явдал болсон юм. НҮБ-ын гишүүн болсноор бидэнд нийтийн сайн сайхны төлөө үйлсэд хувь нэмрээ оруулах, дэлхийн бусад улстай харилцах шинэ үүд хаалга нээгдсэн билээ. Өнгөрсөн тавин жилийн хугацаанд бидний олон талт хамтын ажиллагаа цар хүрээ, агуулгын хувьд өргөжин хөгжиж ирсэн. Хүний нөөц болон чадавхийг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгалийн гамшгийн эсрэг зохистой арга хэмжээ авах зэрэгт НҮБ-ын тусламж, дэмжлэг нэн чухал байв.
Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан-ы 2009 онд хийсэн айлчлал бидний хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгсөн билээ. Улаанбаатарт хийсэн Далайн гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх Олон улсын судалгааны төвийн нээлтийн ажиллагаа, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэрэг – цэнхэр малгайтнуудын оролцоо өсөн нэмэгдсэн зэрэг нь энэхүү айлчлалын бодит үр дүн юм гэдгийг би энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Монгол Улс ч өөрийн зүгээс олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үйлсэд хувь нэмрээ оруулахад чармайлт гарган ажиллаж ирсэн билээ. Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Улс түмэн энх тайван орших эрхийн тухай Тунхаглал, олон улсын яриа хэлэлцээ явуулах зарчим, чиглэлүүд, зэвсэг хураах долоо хоногийг жил бүр тэмдэглэж байх тухай, Бичигтэн болох НҮБ-ын 10 жилийг зарлах тухай болон хоршоолол, хөдөөгийн эмэгтэйчүүд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар холбогдох тогтоолуудыг баталж гаргасныг тэмдэглэхдээ баяртай байна.
Энэ үдшийн урлагийн тоглолт нь дэлхийн улс түмний соёл өөр хоорондоо ялгаатай, өвөрмөц онцлогтой хэдий ч хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл юм гэдгийг онцлон харуулахад бидний зүгээс оруулах бас нэгэн өчүүхэн хувь хандив юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын жагсаалтад орсон соёл, урлагийн хэд хэдэн гайхамшигт бүтээлээр дамжуулан Та бүхэн манай үндэсний уламжлалт соёлын онцлогоос мэдэрч таална гэдэгт найдаж байна. Эдгээрт байгалийн хөг аялгууг шингээж, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, өргөн уудам тал нутаг, ногоон бэлчээрийг дүрслэн илэрхийлэх хөгжим, урлагийн илэрхийлэлийн өвөрмөц хэлбэр болох морин хуур, монгол уртын дуу, хөөмэй, монгол тууль, монгол биелгээ орж байгаа болно.
Монголын үндэсний морин хуурын чуулга, Монголын ардын дуу, бүжгийн эрдмийн чуулгын олон улсад нэрд гарсан жүжигчдийн эрч хүч, сэтгэлийн дуудлага нь та бидэнд өөр өөрсдийн өвөрмөц онцлогийг хүмүүнлэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэх бас нэгэн давуу тал болгох талаар эргэцүүлэн бодох боломж олгоно гэдэгт би итгэж байна.
Та бүхэнд энэ үдшийг таалан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе. Баярлалаа.