Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр УИХ-ын чуулганы танхимдУлаанбаатар хотын авто замын сүлжээнд 2008-2011 онд хийж гүйцэтгэсэн ажил , цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл эдүгээ хэн хүний уур ундуу, цаг хугацааг барах болсон замын түгжрэлийг хэрхэн арилгах талаар тодорхой ажлуудыг төлөвлөж эхлүүлээд байгаагаа энэ мэдээлэлдээ дурьдсан юм. Юуны өмнө тээврийн хэрэгслийн ил, далд, олон давхар болон төлбөртэй зогсоолыг олноор байгуулахыг гол зорилгоо болгож байгаагаа Ерөнхий сайд мэдээлэлдээ дурьдаж байна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудын уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд олон түвшний огтолцол барих, явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барих, их багтаамжийн нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх зорилго тавьж байна.
Мөн хотын чанартай хурдны замыг барих, “ Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх авто замыг шинээр барьж байгуулах, нэг төвтэй одоогийн Улаанбаатар хотыг олон төвтэй болон дагавар хот, тосгон бүхий жигд тархсан суурьшилтай болгож өөрчлөх, нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Мөн нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх замыг төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан гүйцэтгүүлэх бодлогыг барьж байгаа ажээ. Ашиглагдаж байгаа гүүр, замын байгууламжуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлэх, зам барилга, засварын шинэ техник технологийг өргөнөөр нэвтрүүлэхээр болж байна.
Өнөөдрийн байдлаар манай Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын урт нь 650.4 км болоод байгаа аж. Үүний 70 орчим хувийг ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон, их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам эзэлж байгаа юм байна. Нийслэл Улаанбаатар хотын барилгажилтын хэмжээ 1980 оныхоос 3.5 дахин нэмэгдсэн байдаг ч авто замын сүлжээ бараг хэвээрээ байгаа нь гарцаа байхгүй бидний анхаарлаа хандуулах асуудал болж байна гэдгийг Ерөнхий сайд онцолж байна. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд улс, нийслэлийн төсвөөс Нийслэлийн авто замын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2010 онд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр болох өөрийн хөрөнгөөр гйүцэтгэн дараа төлөгдөх нөхцөлөөр анх удаа 50 км авто зам барих ажлыг эхлүүлж эдүгээ дуусах шатандаа явж байна.
Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж, Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тодорхой төслүүдийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх төслүүдийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 урт метр гүүрийг шинээр, 19.3 авто зам, 75 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж төмөр зам дээгүүр шинээр нэг гүүрэн, нэг нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр
- Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барих,
- Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчлэх,
- Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц барих,
- Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух гүүрэн гарц барих,
- Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих,
- Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцол барих
зэрэг 6 томоохон төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт нийслэлийн авто замыг сайжруулах ажил нэг томоохон хэсэг нь болон тусгагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212 км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар төлөвлөсөн.
2011 онд Засгийн газрын 105 тоот тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх 17 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. Эдгээр 17 төсөл, арга хэмжээний хүрээнд олон түвшний огтлолцол 1-ийг, 48.7 км авто замыг шинээр барих буюу өргөтгөнө.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг 6 шинэ хорооллыг нэн түрүүнд барихаар төлөвлөсөн. Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт 83 км авто замыг цогцоор нь барина.
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хийлээ. Ийнхүү хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө нийслэл Улаанбаатар хотын авто замыг сүлжээг шинэчлэн өргөтгөж, хоёр түвшний уулзвар, гүүрэн болон нүхэн гарц, авто зогсоол барихаар тусган үе шаттайгаар хэрэгжүүлж байна.