Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
...
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.11.20 /

Эрхэм журмын нөхөд өө,

XXVI Их хурал их бүтээн байгуулалтын зорилгод намын ажлыг чиглүүлэх талаар  гаргасан тогтоолдоо “Ирэх 20 жилийн хөгжлийн бодлогыг хүн амын хүсэл эрмэлзэл, орчин үеийн онолын сэтгэлгээ, нарийн тооцоо судалгаанд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж намын Бага хурлаар хэлэлцүүлэх” нь зүйтэй гэж заасан билээ. Та бид Их хурлынхаа энэ чухал шийдвэрийг хэрэгжүүлэхдээ туйлын хянуур, ул суурьтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь улс орноо хөгжүүлэх алсын бодлого буюу “Хөгжлийн мод”-оо зөв тодорхойлон томъёолно гэсэн үг юм.

Манай улсын “Хөгжлийн мод”-ны үндэс нь өмчийн олон хэлбэрийн зохистой найрсал, гол бие нь зах зээлийн эдийн засаг, салаа мөчир нь ашиг өгөөжтэй үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд, үр жимс нь хүн амын сайн сайхан амьдрал гэж томъёолж болно. Улс орноо, зорилтоо цогцоор нь бид ингэж харж байна. Энэ санааг баримталж улс орноо ойрын 20 жилд хөгжүүлэх бодлогыг томъёолсон төсөл, 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хамтад нь бэлтгэх тусгай ажлын хэсгийг Намын даргаар удирдуулан байгуулаад ажиллаж байна. Уг ажлын хэсэг боловсруулсан төслүүдээ дараа дараагийн Бага хурлын хуралдаанд оруулж Та бүхнээрээ хэлэлцүүлнэ.

“Хөгжлийн мод”-ыг төлжүүлэн ургуулж, тордон цэцэгжүүлэх шимт хөрс нь бүх иргэдийн оролцоо бүхий Их бүтээн байгуулалтын үйл хэрэг мөн. Их бүтээн байгуулалт өрнүүлж, нийгэм хүмүүнлэгийн болон эдийн засгийн зорилтуудыг хооронд нь найрсуулан уялдуулж, нэгдмэл цогц байдлаар хэрэгжүүлснээр бид нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг бүтээн байгуулж чадах болно. Одоогийн байдлаар манай оронд нийгэм, эдийн засгийн гэсэн хоёр салбар бүрэн уялдан найрсаж амжаагүй бөгөөд бие биеэ амжилттай харилцан тэтгэж хараахан чадахгүй байна. Иймд эл хоёр салбар бие биедээ нэвчин шингэж, шүтэн барилдсан тийм нийгэм-эдийн засгийн тогтолцоог улс орондоо бий болгоход манай нам их бүтээн байгуулалтын бодлогоо чиглүүлж байгаа юм. Мөн төрийн өмчид суурилсан зах зээлийн аливаа харилцааг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хариуцлагыг эрс дээшлүүлэх шаардлага гарч байна.

Зорьж байгаа их бүтээн байгуулалтаа монгол хүн бид л өөрсдөө хийнэ. Тэгж байж үр шимийг нь хүртэх болно. Ийм болохоор их үйлсэд хүнээ бэлтгэх нь бүтээн байгуулалтыг амжилттай болгох эхний бөгөөд шийдвэрлэх нөхцөл нь юм. Улмаар, их бүтээн байгуулалтаа шаргуу, олон талыг хамарсан, эрч хүчтэй болгохын тулд нийгмийн сэтгэл зүйн таатай уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Их бүтээн байгуулалтын талаар  зөвхөн манай намын хэмжээнд, ганц нэг хурлаар, эсвэл харьцангуй цөөн хэдэн хүний дунд ярьснаар зохих амжилтад хүрэхгүй нь мэдээжийн хэрэг. Бүтээлч сэтгэлгээ, бүтээн байгуулах нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэхэд уриалан дуудаж, урамшуулан хөхиүлэх, соён гэгээрүүлэх ажил хэрэгтэй. Манай намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонинд тийм түүхэн үүрэг дахин оногдож байна. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг энэ чухал ажилд анхаарлаа хандуулахыг намын Бага хурлаас уриалж байна.

Улс төрийн нээлттэй, харилцан ойлголцсон, тогтвортой байдлыг хангах нь их бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлэх бас нэг чухал нөхцөл мөн. Улс төрийн хүчнүүдэд үзэл бодлын ялгаа зөрүү байгаа бол хэлэлцэн зөвшилцөж, ирээдүйтэй, улс орондоо ашиг тустай зөв хувилбарыг олох ёстой. Бодит амьдралын хэрэгцээнээс гадуур, түүнээс дээгүүр улс төржилт улс оронд ашиг тусаа өгөхгүй. Бэрхшээлийг хөөрөгдөж тогтворгүй байдал үүсгэх зорилгоор нийгмийн сэтгэл зүйгээр тоглох гэж оролддог, мэдэгдэл хийдэг, уриалга гаргадаг үйлдлүүд сайн зүйл авчрахгүй. Харин ч улс орны, ардчиллын хөгжилд чөдөр тушаа л болно гэдгийг бодит амьдрал бидэнд харуулж байна. Иймд манай нам нийгмийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого дээрээ цаашдаа ч тууштай зогсох ёстой.

Төрийн байгууллагууд болон төрийн албан хаагчдын ажлын ур чадвар, сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх нь их бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэх бас нэг чухал нөхцөл юм. Төрийн захиргааны албаны шат дамжлага олширч, орон тоо өсч, иргэдэд чирэгдэл учруулах, хүнд суртал гаргах, авлига хээл хахуульд орооцолдох, ажил үүрэгтээ сэтгэлгүй хандах явдал гаргасаар байгаа нь хүн амыг бухимдуулж, төр засгийн бүхий л үйл ажиллагааны үр нөлөө, ач холбогдлыг бууруулдаг тухай иргэдийн шүүмжлэлийг буруутгах үндэс байхгүй. Хариуцлага, тайлагналын тогтолцоо устаж, хөндлөнгийн хяналтын байгууллагуудын бие даасан байдал хангагдаагүй учир үйл ажиллагаа нь үр өгөөжтэй болж чадахгүй байна. Ийм байдлыг засч өөрчлөх нь манай нийгмийн чухал хэрэгцээ юм. Төрийн алба, төрийн захиргааны шинэтгэл нь манай намын бодлогын нэг салаа мөчир мөн.

Иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэг, оролцоо их бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэх бас нэг чухал нөхцөл болно гэж үзэж байна. Нийгмийн дэвшилд хувь нэмрээ оруулахаас өөр зорилготой иргэний нийгмийн байгууллага гэж хаана ч байх ёсгүй. Бид ардчилсан нийгэмд шилжээд эдийн засгийн шинэчлэл, улс төрийн нээлттэй байдлыг амжилттай хэрэгжүүлсэн. Харин одоо иргэний нийгмийн хөгжил төлөвшилд илүү их анхаарах хэрэгтэй байна. Энэ зорилгоор Засгийн газраас “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ыг гаргахаар ажиллаж байна. Энэхүү бодлого нь иргэний нийгмийг хөгжиж төлөвших суурь болно гэж бодож байна.

Их бүтээн байгуулалт эрх зүйн таатай орчныг ч шаардах болно. Улс оронд маань эрх зүйн шинэ тогтолцоо бүрэлдэж 400 гаруй хууль үйлчилж байна. Гэвч зарим хууль болон түүнтэй уялдан гардаг журмуудын чанар, уялдаа холбоо муу гэсэн шүүмжлэл байдгийг анхаарч ажиллах ёстой. Иймд хууль, журмуудыг ширхэгчлэн судалж хоорондынх нь уялдаа холбоог олж, зөрчил, хийдлийг нь арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж манай нам үзэж байна. Хамгийн гол нь хууль, журам хэрэгждэг, үйлчлэл нь тэгш шударга байх нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүйн хариуцлагын хэсгүүдийг шударга ёсонд нийцүүлэн сайжруулахад онцгой анхаарах ёстой.

Эдгээр болон бусад нөхцөл, хүчин зүйлүүд бүтээн байгуулалтыг амжилттай өрнүүлэхэд шаардагдана гэдгийг алхам тутамдаа бодож тооцож ажиллах учиртай.

Эрхэм журмын нөхөд өө,

Дээр ярьсан бүхнээс манай намын ажлын тулгамдсан зорилтууд урган гарч байна. Юуны өмнө долоон сарын дараа болох сонгуульд бэлтгэж, ялах нөхцөлийг хангахад бид онцгой анхаарах ёстой. Өнөөгийн шинэ нөхцөлд Та бид сонгуульд амжилттай оролцохын тулд намыг хагалан бутаргахыг амин сонирхлоо болгогсодыг дийлж гарахын тулд намынхаа дотоод амьдралын байдлыг сайтар оношилж шинжлэн үзэх нь чухал болж байна.  

Энэ оношилгоо, шинжилгээ нь намын маань дотоод байдал, гишүүдийн, ялангуяа ахмадуудын маань санаа сэтгэл, ажилтнуудын ахуй амьдрал, хүсэл бодол, намын нэрээр сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын ажил хэрэг нь ямар байна вэ, тэд маань намын хувь заяаны төлөө юу бодож, хариуцлагаа юу гэж ухаарч байна вэ? гэсэн асуултуудад үнэн бодитой хариу олоход чиглэгдэх ёстой. Энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж, нарийвчилсан судалгаа хийж үр дүнг гарган холбогдох бүх арга хэмжээг авах хэрэгтэй байна. Монгол Ардын Нам цаашид ямар дүр төрхтэй байхыг, ямар хувь тавилантай учрахыг намын маань дотоод байдал ихээхэн хэмжээгээр тодорхойлж өгнө.  

Бидний ярьж буй энэ оношилгоо намаас итгэл найдвар хүлээлгэхээр шилж сонгогдох нөхдүүд маань ямар ёс суртахуунтай, намдаа хир элэгтэй, намын төлөө юу хийсэн, хариуцуулсан ажлыг нэр төртэй гүйцэтгэж чадах мэдрэмж, мэдлэгээр ямар вэ, эдгээр нь намд яаж нөлөөлөх зэргийг нэг бүрчлэн гаргаж ирвэл зохино. Ер нь хүний байдал зөвхөн ажил хэргээр нь л шалгагдана. Манай бүх шатны боловсон хүчин, жирийн гишүүд маань ч шударга түвшин зарчимтай, хүмүүнлэг, улс төрийн хувьд хоёргүй сэтгэлтэй байж, эрхэлсэн ажил үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чадаж байгаа цагт нам маань хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх болно.

Хувийн сонирхлоор намын дотор хэрүүл маргаан өдөөх, олон саналаар тогтсон бодлогыг ойлгож хэрэгжүүлэхийн оронд зөрүүдэлж өөрийн аминч алдаатай санааг сөргүүлэн тавих, ганцаарчилсан тоглолт хийх гэсэн бусармаг оролдлого бидний дунд байж болохгүй. Улмаар улс орны болон нийгмийн эрх ашигт нийцсэн намын бодлого, байр суурийг бүлэглэлийн юмуу хувийнхаа явцуу ашиг сонирхлын үүднээс элдвээр өөнтөглөн мушгин гуйвуулах нь манай намд төдийгүй, улс оронд хортой. Намын гишүүдийн дунд шүүмжлэлд өртөөд байгаа ийм оролдлогыг цаашид газар авахуулахгүй шууд таслан зогсоож хариуцлага ногдуулах нь шударга хэрэг болно гэж Намын даргын хувьд үзэж байна.

Боловсон хүчний ажлын хариуцлага, санаачилга, идэвхтэй үйл ажиллагаанаас намын ажлын үр дүн шууд хамаарч байгаа юм. Иймд намын бүх шатны байгууллагын  сонгуульт ажилтнууд, тухайлбал, дарга, дэд дарга, тэргүүлэгчид, намын нэрээр сонгогдож, томилогдон ажиллаж байгаа гишүүд намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, төрийн өмнө хариуцсан ажлаа сайн гүйцэтгэхийн төлөө чин зүтгэл гаргаж ажиллахаас өөр замгүй. Аливаа ажлыг аргаар, хэцүүг эвээр зохицуулах ухаан албан хаагч бүрт байх ёстой.

Ард түмэн, Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл гарган ажиллаж ирсэн, намынхаа даалгаврыг ажил бүтээлээрээ, сэтгэлээрээ биелүүлдэг, хүндэтгэн дагадаг шударга зарчимч, эх оронч гишүүд, журмын бусад нөхөд, иргэдийнхээ итгэлийг дааж намын нэрээр сонгогдож, томилогддог ажил албанд тэнцэнэ гэж үзэж байна. Намаас нэр дэвшиж сонгогдож, томилогдсон ажил албаа ч сайн хийдэггүй, өөрийг нь дэмжиж тусалж гаргаж ирсэн нам, журмын нөхдөө хүндэтгэдэггүй зөвхөн хувийн нэр, зорилгоо урдаа тавьдаг хүн манай намд төдийгүй улс төрийн бусад хүчинд ч хэрэггүй бизээ. Нийгэм хөгжихийн хэрээр тийм хүнд улс төрийн орон зай байхгүй болж байна.

Намын нэрээр сонгогдож, томилогдох боловсон хүчний асуудалд танил тал, нутаг ус харах, найз нөхөд болон бизнесийн холбоо, ашиг сонирхлын үүднээс хандах бус, харин иргэний, намын  шударга шүүлтүүрээр шилж сонгох, томилох бодлого, зарчим, тогтолцоог бий болгохыг чухалчлан анхаарч ажиллавал зохино. Цаашдаа намын нэрээр сонгогдож, томилогдох гишүүдэд тавих гол шалгуур, шаардлагуудыг намын дүрэмд тодотгон оруулах хэрэгцээ ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Төрийн албанд бусдын хүсэлт, дэмжлэгээр, тохиолдлын байдлаар санамсаргүйгээр томилогдох бус, тухайн салбартаа өөрийгөө нээж, чадвар чансаагаа харуулж чадсан нэгнийг дэвшүүлэн ажиллуулах зарчмыг баримтлан ажиллах болно.

Төрийн өмнө хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа хүмүүст хугацаа алдалгүй хариуцлага тооцож байхыг намын эрх ашиг хэзээ хэзээнээс илүү шаардах боллоо. Намын боловсон хүчинд тавьж байгаа, бидний шаардлага, шалгуур ийм байх юм. Дээрх асуудлуудтай холбогдуулан энэ Бага хурлаар Монгол Ардын Намаас санал болгож улс төрийн албан тушаал болон намын бүх шатны удирдлагад сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн дүрмийн төслийг хэлэлцэн батална. Эдүгээ сонгогч түмэн намуудын улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдон ажиллаж буй боловсон хүчний чадвар чансааг, ёс зүйгээр нь үнэлдэг болж байна. Сүүлийн үеийн судалгааны дүнгүүд ч үүнийг харуулж байна. Цаашдаа улс төрийн намуудын гол өрсөлдөөн энэ хүрээнд өрнөх төлөвтэй байна.

Сүүлийн үед улс төрийн амьдралд гарсан таатай бус нэгэн үзэгдэл нь хэсэг хүн “МАХН” нэрээр үйл ажиллагаа явуулж буй явдал юм. Улс төрийн намуудын тухай хуулийн тодорхой заалтын талаар Үндсэн хуулийн цэц хоёрдмол утгагүй шийдвэр гаргасаар байтал шүүх хууль зөрчиж бүртгэл хийснийг Та бид мэдэж байгаа. Монгол Ардын Нам бол Монгол Ардын Хувьсгалт намын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл гэж Дээд шүүх манай намын уугуул нэрийг зөвшөөрч баталгаажуулсан атлаа “МАХН”-ыг бас давхар бүртгэсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл юм. “МАХН” нэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүс Монгол Ардын Намын дэмжигчдийн саналыг хуваах зорилготой нь илт юм. Ялангуяа манай намын ахмад гишүүдэд элдэв аргаар нөлөөлөх ажил хийж буйг бүх шатны байгууллага, идэвхтэн сонгуультнууд анхааралдаа авах ёстой. МАХН гэгч нь Дээд шүүхийн шийдвэрээр 19 дэх улс төрийн нам болон шинээр байгуулагдсан бөгөөд 5 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж буй юм. Энэ нам нь Монгол Ардын намын үнэт зүйл, өмч хөрөнгө, 90 жилийн түүхтэй холбоогүй болохыг нийт ард иргэд, гишүүд, дэмжигчиддээ намын даргын хувьд зориуд цохон тэмдэглэж хэлье.

Дээд шүүхийн шийдвэрээр “шинэ” гэж тодотгогдон 19 дэхь намаар бүртгэгдсэн МАХН гэгч нь манай намын үнэт зүйл, өмч хөрөнгө, 90 жилийн түүхтэй холбоогүй болохыг нийт ард иргэд, гишүүд дэмжигчиддээ намын даргын хувьд зориуд цохон тэмдэглэж хэлье. Энэхүү маргаантай асуудлын талаарх хууль, Үндсэн хуулийн цэцийн болон намын XXVIИх хурлын шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ сурталчлах ажлаа эрчимжүүлж, үнэнийг мушгин гуйвуулах аливаа оролдлогод баримт, нотолгоотой хариу өгч, хүн бүрт хүрч ажиллах шаардлагатай байна. Энэ нь бусадтай сөргөлд гэсэн үг биш. Харин бусдаас илүү хурдтай, мэдрэмжтэй, сахилга зохион байгуулалтай, өргөн далайцтай ажиллахыг намын даргын хувьд сануулж буй хэрэг юм.

Ер нь манай намыг дотроос нь хагалан бутаргах, гишүүдийн хооронд маргаан тэмцэл үүсгэх гэсэн аливаа оролдлого үргэлж л бүтэлгүйтэж байсан. Цаг үеийн тийм сорилт болгонд Монгол Ардын Нам ямагт бат цул, нэгдмэл байж улс орныхоо төлөө зүтгэсээр ирсэн. Өнөөдөр ч тийм байна. Үүнд манай намын хүч чадал оршдог юм.

Бага хурлын гишүүд ээ,

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа хаяанд тулж ирлээ. Бүх ажлаа сонгуультай уялдуулах цаг боллоо.  Манай нам сонгуульд оролцохын тулд биш ялж гарахын төлөө ажиллаж ирсэн уламжлалтай. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, сайн сайхны төлөө түүхэн үүрэг хүлээдэг Монгол Ардын намд үүнээс өөр сонголт байхгүй.

Намын XXVIИх Хурлаас УИХ-ын сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгохыг намын дарга, Удирдах зөвлөл, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгт үүрэг болгосон. Намын Удирдах Зөвлөл 2011 оны 6 дугаар сард энэ асуудлыг тусгайлан хэлэлцэж, сонгогчдын санал, бодолд нийцүүлэн мажоритор давамгайлсан холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлийг Намын бүлэгтээ өгсөн. Энэхүү чиглэлийг манай намын бүлэг удирдлага болгон ажиллаж Ардчилсан намын бүлэгтэй зөвшилцөн 48:28 гэсэн хувилбар дээр тохиролцож УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батлах бэлтгэлийг бүрэн хангаад байна. Энэ зөвшилцөлд хүрэх зам амаргүй байсныг дурьдах нь зүйтэй.

Зөвшилцөл мухардалд орлоо гэж зарим хүн дүгнэж байсан үед манай нам уг асуудлыг ард түмний санал асуулгаар шийдвэрлүүлэх хувилбарыг дэвшүүлж байсныг Та бүхэн тодхон санаж байгаа бизээ. Хатуу, зөөлнийг хослуулах, гэхдээ үндсэн шугамаасаа хазайхгүй байх гол зарчмыг энэхүү зөвшилцөх ажилдаа мөрдлөгө болгож ирлээ. Парламентад зонхилсон хоёр намын төдийгүй бусад улс төрийн хүчний саналыг ч анхааран үзэж хуульд тусгахыг эрхэмлэсэн гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Сонгуулийг шударга явуулах, орон нутгийн төлөөллийг бүрэн хангах, сонгогчдын саналыг гээгдүүлэхгүй байх, бэлэн мөнгө тараах, үл биелэх амлалт өгдгийг бүрмөсөн хориглох, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлж хориос доошгүй хувьд хүргэх, автоматжуулсан системээр бүртгэл, тооллого хийх, иргэний “ухаалаг” үнэмлэхээр сонгогчдын бүртгэлийг гүйцэтгэх, төрийг бэхжүүлэхийн тулд улс төрийн намуудын үүргийг дээшлүүлэх, сонгуулийн бүх үе шатанд иргэд олон нийтийн хяналтыг хүчтэй болгох үндсэн зарчмуудыг сонгуулийн хуульд бүрэн тусгаж өглөө. Манай намын эрх ашигт нийцсэн хууль болж чадсан уу хэмээн зарим хүн асууж байна.

Ийм асуултын оронд сонгогчдын эрх ашигт нийцсэн үү, улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадахаар байгаа юу гэвэл харин би тийм гэж хариулах болно. Зөвхөн сонгуулийн хуулиас болж манай нам ялна, эсвэл ялагдана гэх нь өрөөсгөл ойлголт юм. Сонгууль ямар ч хуулиар явагдсан манай нам ялна гэсэн итгэлтэй байх ёстой. Хуулиас гадна, өмнөх сонгуулийн үед өгсөн амлалтаа биелүүлэх, ард түмний эрх ашигт нийцсэн сайн хөтөлбөр дэвшүүлэх, зөв хүмүүсээ сонгож өрсөлдүүлэх, намынхаа нэр хүндийг өсгөх, эв нэгдлийг хангах, стратеги, тактик, менежмент нь бодлоготой, оновчтой байх зэрэг олон хүчин зүйл ялалтад нөлөөлдгийг маш сайн тооцож бэлтгэлээ хангах учиртай.

Тиймээс сонгууль хүртэл бидний хийх ажил маш их байна. Бид сонгуульд бэлтгэх үйл ажиллагаагаа улам оновчтой, далайцтай болгохын тулд олон түмний дунд ажиллах арга барилаа өөрчлөн сайжруулах нь чухал боллоо. Энэ чиглэлд холбогдуулж зарчмын хэдэн санаа хэлье. Юуны өмнө гишүүдийнхээ дунд ажиллах арга барилыг шинэчилж тэднийгээ идэвхтэй, дайчин, гүн гүнзгий итгэл үнэмшилтэй болгох талаар шинийг сэдэн нэвтрүүлэх хэрэгтэй байна. Энэ нь нийт гишүүдээ бүх талын мэдээллээр бүрэн хангах олон төрлийн үйл ажиллагаанаас бүрдэх ёстой.

Дэмжигчдийн дунд ажиллах арга барилыг бас өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай болгох нь чухал. Уг ажил дэмжигчдийн маань итгэл үнэмшлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн байвал зохино. Мөн гишүүд, дэмжигчдийн хамтын ажиллагаа бол намыг хөгжүүлэх, хүчирхэг болгох, шинэчлэх, идэвхжүүлэх  үндсэн хөшүүргийн нэг юм. Түүнчлэн нийт иргэд, ард олныхоо санаа бодлыг намын бодлого, үйл ажиллагаанд тусгах нь нэн чухал. Энд намын дэргэдэх судалгаа шинжилгээний байгууллага, бодлогын байнгын хороодын шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай зөвлөмж чухал.

Намын бүх шатны байгууллагууд тэдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд туйлын анхаарал, санаачилгатай хандвал зохино. Намын ажлаа цаашид улам идэвхжүүлэхийн тулд зохион байгуулалтын дараах арга хэмжээг авах болно. Үүнд:

Намын анхан шатны бүх байгууллагаас төлөөлөл оруулсан Намын анхан шатны байгууллагуудын улсын зөвлөлгөөнийг 2012 оны Iулиралд нийслэлд хийнэ.

Намын Удирдах Зөвлөлийн хурлаар аймаг, нийслэлийн намын хороодын дарга нарын;аймаг, нийслэлийн намын хороодын тэргүүлэгчдийн хурлаар сум, дүүргийн намын хорооны дарга нарын;сум, дүүргийн намын хороодын тэргүүлэгчдийн хурлаар намын үүрүүдийн дарга нарын тайлан мэдээллийг хэлэлцүүлж, намын Удирдах Зөвлөлөөс холбогдох тодорхой шийдвэр гаргана.

Мөн Намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, идэвхтэн сонгуультны санаачилга идэвхийг өрнүүлэх үүднээс намын Удирдах Зөвлөлөөс болзолт уралдааныг 2 үе шаттай зарлана. Энэ талаар сургалт семинарын үеэр тодорхой ярилцаж, санаа оноогоо хэлэлцэнэ.  

Намаас олон түмний дунд ажиллах арга барилыг шинэчилж, цар хүрээг өргөтгөхөд намын дэргэдэх төрийн бус байгууллагууд чухал үүрэгтэй. Өнөөдөр Монгол Ардын Намын үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг дэмжигч, бие даасан статус бүхий дөрвөн төрийн бус байгууллага хууль, тогтоомж, намын дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилүүдэд намын дэргэдэх төрийн бус байгууллагууд давхардсан тоогоор 100 гаруй томоохон арга хэмжээг хариуцан зохион байгуулсан нь олон нийтийн зүгээс дэмжлэг, талархал хүлээжээ. Манай намын дэргэдэх төрийн бус байгууллагууд одоогийн хэвшсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ дараах санаа бодлыг ч бас харгалзан үзэж байх нь чухал юм.

Нэгд: Намын шат шатны байгууллага ялангуяа анхан шатны байгууллагуудтай  үр ашигтай хамтран ажиллах чиглэл, арга барилаа оновчтой, тодорхой байдлаар тогтоох,

Хоёрт: Намынхаа бодлого, үйл ажиллагааг гишүүд, дэмжигчдийнхээ хүсэл, сонирхлын онцлогт тохируулан сурталчилж, дэмжүүлэх,

Гуравт: Гишүүдийнхээ хүсэл зориг, эрх ашигт нийцсэн, агуулгын хувьд тодорхой чиглэсэн зорилготой, үр нөлөөтэй, хэлбэрийн хувьд олон талтай, сонирхолтой, анхаарал татсан  арга хэмжээг  орон зай, цаг хугацааг нь зөв олж зохион байгуулах,

Дөрөвт: Ижил чиг үүрэг бүхий иргэний нийгмийн байгууллагуудтай холбоо тогтоон, гишүүдийнхээ хүч, оролцоонд тулгуурлан  үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөж, нэр хүнд, нөлөөг  дээшлүүлэх.

Мөн намын бүх шатны байгууллагууд ч төрийн бус байгууллагынхаа санал, санаачилгыг хүлээн авч, дэмжиж байх нь зүйтэй. Ийм арга хэлбэрээр ажиллаж байж л төрийн бус байгууллагууд маань намынхаа олон талт үйл ажиллагааны түшиг тулгуур болж бүрэн чадна.

Намын Бага хурлын эрхэм гишүүд ээ,

Намынхаа ажил байдал, тулгамдсан зорилтуудын талаар миний хэлэх зүйл үндсэндээ ийм байна. Та бүхний маань хичээл зүтгэл, нийт гишүүд, дэмжигчдийн санаачилга, чармайлтаар, ард түмний маань дэмжлэгээр манай намын ажил үйлс өөдрөг сайн бүтэж байна. Бидний ажилд зарим дутагдал доголдол  байгаа ч гэсэн тэр нь амжилт ололтоос маань яагаад ч илүү гарахгүй ээ.

XXVI Их хурал болон энэ Бага хурлынхаа шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж санаа бодол нэгтэйгээр, эв нэгдэлтэйгээр сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан орцгооё.

Та бүхэндээ эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Тусгаар Тогтнолын Ордон

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ОН ГАРСААР 64 МЯНГА 635 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ
ГУРИЛЫН ҮНЭ БУУРЧЭЭ
Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна
Хөдөлгөөний түгжрэл ингэж арилна
Түгжрэлийг багасгах цогц арга хэмжээ авч эхэллээ
Кувейтын Сангийн сайдыг хүлээн авч уулзлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан