Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын
Монгол Ардын Намын Бага хурлын IIхуралдаанд тавьсан
“Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал ба Монгол Ардын Намын зорилтууд” сэдэвт илтгэл
Бага хурлын эрхэм гишүүд ээ,
Журмын нөхөд өө,
Хатагтай, ноёд оо,
Намын XXVI Их хурлын 801-н төлөөлөгчдийнхөө итгэл найдварыг хүлээн сонгогдсон Та бүхнийг Бага хурлынхаа II хуралдаанд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Удирдах зөвлөлийнхөө өмнөөс болон хувиасаа халуун дотно мэндийг дэвшүүлье.
Бага хурлын энэ удаагийн хуралдаан бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 87 жилийн ойн өдрүүдэд тохиож, шинээр сүндэрлүүлэн босгож, нээлтээ хийсэн Ардын намынхаа төв байр “Тусгаар Тогтнолын Ордон”-ныхоо саруул сайхан танхимд анхлан чуулж байгаад бэлгэшээж байна. Монголын ард түмэндээ, намын бүх гишүүд, дэмжигчиддээ “Тусгаар Тогтнолын Ордон”-ыхоо хүндэт индэр дээрээс, Монгол Ардын Намынхаа нэрийн өмнөөс баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олж авах, бататган бэхжүүлэх их үйл хэргийг манай нам бүтээсэн. Цаашид ч гэсэн үеийн үед тусгаар тогтнолоо хамгаалан баталгаажуулах, тууштай бодлого чин хүсэл эрмэлзэлтэй улс төрийн хүчний хувьд Монгол Ардын Нам шинээр босгосон энэхүү өргөөгөө “Тусгаар Тогтнолын Ордон” хэмээн нэрийдэхээр шийдвэрлэсэн билээ.
Монгол Ардын нам, түүний мянга мянган гишүүд бүтэн, хагас жарны турш улс үндэстнийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тугч нь, оюун санааны манлайлагч нь, хөгжил дэвшлийн хөтөч нь, их бүтээн байгуулалтын бүтээгч нь байж ирлээ. Ахмад үеийнхний алтан амь, асгаруулсан хөлс, Ардын намын зөв чигч бодлогын үр дүнд манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнол баталгаажиж, ард иргэд нь эрх чөлөөтөй, эдийн засаг нь өсөлттэй, хүний хөгжил, нийгмийн ардчиллыг эрхэмлэсэн улс шиг улс болж чадсаныг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байна.
Энэ бол Монгол Ардын нам, түүний гишүүдийн бахархах ёстой гавъяа түүх, бас цаашид хамгаалж бататгах, хөгжүүлэн тордох ололт амжилт мөн. Өнгөрсөн 90 жилийн түүх сургамждаа тулгуурлаж, улс орныхоо ирээдүйг бүтээлцэхэд өнөөгийн Монгол Ардын нам илүү үүрэг хариуцлага хүлээж, бүтээснээсээ ихийг бүтээх түүхэн үүрэг даалгавар оногдож байна.
Нэг жилийн өмнө хуралдсан намын XXVI Их хурал энэ талаар түүхэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд намынхаа өмнө хамгийн гол ачааг нь үүрч хариуцлага хүлээх ёстой гишүүд нь Та бид мөн. Үүгээр дамжиж манай нам улс эх орон, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж байгаа хэрэг юм. Иймд улс орны урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого стратеги зорилттой уялдуулан намынхаа бодлогыг тодотгон хэлэлцэхээр Та бид чуулж байна.
Ингээд Та бүхэнд толилуулах илтгэлээ:
- Улс орны нийгэм, эдийн засгийн байдал цаашид баримтлах бодлого,
- Намын шинэчлэл, үйл ажиллагаа, боловсон хүчний бодлого, түүнд тавигдах шалгуур, хариуцлагын асуудал,
- Сонгуулийн хууль, намаас сонгуульд бэлтгэх ажлын явц гэсэн үндсэн хэдэн асуудалд тулгуурлан бэлтгэлээ.
Эрхэм журмын нөхөд өө,
XXVI Их хурлаас хойш намын ажлыг их бүтээн байгуулалтын зорилгод чиглүүлэн зохион байгуулж ирлээ. Үр дүнд нь улс орны маань нийгэм-эдийн засгийн байдалд зарим тодорхой ахиц гарлаа.
Манай эдийн засгийн бүтцэд чанарын өөрчлөлт гарч, аж үйлдвэр тэр дундаа уул уурхайн салбар гол жин дарах боллоо. 2008 оноос хойш гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар нийт 56 шинэ уурхайашиглалтадорж энэ салбарт 50 орчим мянган хүн ажиллаж байна. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, төслийн бүтээн босголт 50 хувиа давж гарлаа. Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулж, олборлолтыг эхлүүлсэн зэрэг нь онцлох зүйл мөн. Ингэснээр монголын уул уурхайн салбар дэлхийн санхүү, уул уурхайн анхаарлын төвд орж, хөгжлийн шинэ үедээ орлоо.
“40.000 орон сууц” хөтөлбөрийг дуусгаж, “Шинэ бүтээн байгуулалт” төслийн хүрээнд “100 мянган айлын орон сууц” зорилтод хөтөлбөрийг эхлүүллээ. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ард иргэдийн худалдан авах чадварт тохируулж орон сууцны зээлийн хүүг 0.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр барилгын үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжих боломжийг бүрдүүллээ. 2008 оноос хойш улсын хэмжээнд 31785 орон сууцыг ашиглалтад орууллаа.
Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр өнгөрсөн гурван жилд 1514.4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэв. “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-той болж, Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам барих ажлын бэлтгэл хангагдлаа. Хөрөнгийн зах зээлийг олон улсын стандарт жишгийн дагуу хөгжүүлснээр манай улсын эдийн засагт мэдэгдэхүйц чанарын өөрчлөлт гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Компани, аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, засаглал сайжирч, баялагийн хуваарилтад хүн бүр тэгш оролцох нөхцөл бий боллоо.
Хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргаж үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг сайжруулан, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр “Атрын-III” аяны үр дүнд энэ жил 448.1 мянган тонн үр тариа, 199.2 мянган тонн төмс, 150.2 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Энэ бол мянга мянган тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр шим мөн.
Малчдын маань хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн дүнд мал аж ахуйн салбарт ч ахиц гарлаа. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр тус салбарт нааштай өөрчлөлт гарч, энэ онд 13.1 сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 37.1 саяд хүрлээ. Мал сүргийг чанаржуулж, эрүүлжүүлэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эзэн нь болсон малчдынхаа ахуй амьдралыг сайжруулахаар “Таван эрдэнэ” арга хэмжээг эхлүүллээ.
Хөдөлмөр бол хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийн үндэс мөн. Тиймээс 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж 60.000 шинэ ажлын байр бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 64635 ажлын байр шинээр бий болж тавьсан зорилтдоо хүрлээ. Ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 200 орчим тэрбум, сум хөгжүүлэх санд 24 тэрбум, нийслэлийн дүүргүүдэд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн нь ихээхэн тус дэм боллоо. Үр дүнд нь олон жижиг үйлдвэрлэл, өрхийн бичил бизнес бий болж ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оныхоос буурах төлөвтэй байна.
Манай Засгийн газар хүний хөгжилд анхаарч бүх иргэдээ эрүүл мэндийн даатгалд хамруулах нөхцөлийг бүрдүүллээ. Эрүүл мэндийн даатгалтай иргэн, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ даатгалын сангаас 1 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжийг хуульчиллаа. Энэ салбарт урьд өмнө байгаагүй хөрөнгө оруулалтыг хийлээ. Үр дүнд нь 2008 оноос хойш улсын хэмжээнд эмнэлэг, эрүүл мэндийг дэмжих 27 төвийг шинээр, хөдөө орон нутагт 31 сумын эмнэлэгийг ашиглалтанд оруулж, 23 сумын эмнэлэгийг бариулж байна.
Боловсролын салбарт суурь шинэчлэлүүдийг эрчимжүүлж байна. 148 байсан их, дээд сургуулиудыг 99 болгон цөөлж, хотхон хэлбэрээр хөгжүүлэх шийдвэрийг гарган ажлыг эхлүүллээ. Мөн Ерөнхий боловсролын сургалтыг олон улсын стандартад нийцүүлэх зорилтоо ажил хэрэг болгож эхлүүлэв. Сүүлийн хоёр жилд их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрт зориулан “Хүний хөгжил сан”-гаас нийт 1 сая орчим төгрөгийг олголоо. Улмаар 2012 оноос эхлэн оюутан бүрт сар тутам 70 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж эхэлнэ.
Манай нам амлалтынхаа дагуу “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх зорилтоо хэрэгжүүлж байна. Цаашид 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үлдэж байгаа 1 сая төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас бэлнээр олгохоор шийдвэрлэсэн. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Ирэх онд дунджаар 53 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь 2008 оныхтой харьцуулахад хоёр ба түүнээс илүү хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм.
Бэлэн мөнгө олгох болон цалин тэтгэврийг нэмэгдүүлэхдээ бараа, ажил үйлчилгээний үнэ огцом өсөх, хувийн хэвшлийнхэнд сөргөөр нөлөөлөх, бэлэнчлэх сэтгэлгээ газар авах зэрэг үзэгдлээс сэргийлэх бодлогыг байнга анхаарлынхаа төвд байлгаж, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх хэлбэр, зохион байгуулалт, цаг хугацааг сайтар тооцох ёстой гэж үзэж байна.
Байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдацтай өсч, одоо 17 орчим хувь, жилийн эцэст 20 орчим хувиар өсөхөөр байна. Энэ бол бидний ололт амжилт юм. Ийнхүү манай улс нийгэм эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн гараанд ирлээ.
Эдийн засгийн эрчимтэй өсөлтөд тулгуурласан урт хугацааны стратегийн бодлогоор Монгол хүнийг хөгжүүлж, орлогын ялгаа багатай, байгаль орчноо хамгаалсан, бүс нутаг нь жигд хөгжсөн, бүтээлчээр хөдөлмөрлөх боломжийг хүн болгонд олгосон, ядуурлыг даван туулсан, 21-р зууны Монгол Улсыг бий болгож, удирдах хариуцлагатай үүрэг бидэнд ноогдож байна.
Ингэхдээ эдийн засгийн өсөлтийг нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээгээр төлөвлөн, хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг НҮБ-ын Хүний хөгжлийн индексээр, иргэн хүн хийж бүтээх боломжийг Дэлхийн банкны бизнесийн орчны болон Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тооцоолон олон тулгуурт эдийн засгийг бий болгох учиртай.
Өнөөдөр нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3000 орчим ам долларт хүрлээ. Үүнийг 2 жилийн дотор 5000, 2016 он гэхэд 10000 гаруй ам. доллар болгох, 20 жилийн дараа өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх боломж бидэнд байна. Ийм судалгааг олон улсын байгууллагууд хийж байна. Хамгийн гол нь цаашид иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьдралын түвшний ялгааг аль болох багасгаж, улмаар нийгмийн дундаж давхаргын тоог нэмэгдүүлэх нь зүүн төвийн бодлого бүхий манай намын гуйвшгүй чиг шугам мөн.
Монгол Улс хүний хөгжлийн индексээр эдүгээ дэлхийн 169 орноос 100-р байранд буюу дундаж ангилалд байна. Хүний хөгжлийг төвд тавьсан, нийгмийн баримжаатай зөв бодлого тууштай явуулж чадвал ойрын жилүүдэд манай улс хүний хөгжлийн индексээрээ дээгүүр үзүүлэлттэй орнуудын тоонд орох боломж байна гэж Хүний хөгжлийн илтгэлийг боловсруулсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дүгнэсэн.
Дэлхийн банкнаас гаргадаг улс орны өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 142 орноос манай орон 96-д орж, технологи, бизнесийн орчин, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжлөөр бусад хөгжиж буй орнуудаас харьцангуй хоцорч байна. Өндөр өсөлттэй, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгохын тулд дэд бүтэц, бизнесийн орчин, санхүүгийн зах зээл, санхүүгийн бүртгэлийн шинэ системийг нэвтрүүлэх, технологи инновацийг түлхүү хөгжүүлэх учиртайг энэхүү индексээс дүгнэж болно.
Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудын тооцоогоор манай улс ойрын таваас хорин жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн үзүүлэлтээрээ тэргүүлэх боломжтойг нотолж байгаа билээ. Үүнийг бодитой болгож чадах эсэх нь бидний үйл ажиллагаанаас бүрэн шалтгаална. Учир нь эрдэс баялаг ихтэй, хөгжлийн арвин боломжтой байсан ч түүнийг ашиглаж чадаагүйгээс болж орлогын тэгш бус нөхцөл, бус нутгийн тэнцүү биш хөгжил, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдалд орж, ядуурсан орнууд байдгийг олон улсын байгууллагууд, эрдэмтэн мэргэд сануулсаар байна.
Бусдын алдааг давтахгүйн тулд бүтээлчээр ажиллаж, оновчтой урт хугацааны бодлого, стратегийг сонгож, зөв алхмуудыг төлөвлөж, харагдаж байгаа боломжийг алхам алхмаар бодит амьдрал болгон улс орны хөгжлийг чанарын шинэ шатанд, Монгол хүний орлогыг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх нь чухал юм.
Эдийн засгийн өсөлт, өндөр орлого гэдэг ойлголтууд нь бидний эцсийн зорилго биш. Харин арга хэрэгсэл гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Дэд бүтцийг бүтээж, технологи инновацийг нэвтрүүлэх, өндөр бүтээмжтэй ажиллах чадвартай хүн бол хөгжлийн гол хүчин зүйл мөн. Тиймээс л манай намын бодлогын төвд хүн байсаар ирсэн. Хүнээ хөгжүүлж, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай болгох нь бидний туйлын зорилго мөн.
Улс орны үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэхийг олон нийт биднээс хамгийн их хүсэн хүлээж буй ажил юм. Энэ зорилгоор нийгмийн салбар бүрт хариуцлага тооцдог механизмыг тодорхой болгох ажлуудыг хийж эхэлүүллээ. Ялангуяа манай намын гишүүд хариуцлагатай, ёс зүйтэй байж бусдыг үлгэрлэх ёстойг мартаж болохгүй.
Бага хурлын эрхэм гишүүд ээ,
Намын Их хурлаас дэвшүүлсэн бодлого, намын дотоод амьдралтай холбогдсон шийдвэрийг хэрэгжүүлэхээр төв, орон нутгийн байгууллагууд XXVI Их хурлаас хойш, өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй ажил хийж амжууллаа. Энэ талаар товч танилцуулъя.
Бүх аймаг, хот, сум, баг, хороо, суурин газарт манай намын 1793 анхан шатны үүр ажиллаж байна. Юуны өмнө Намын анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, гишүүдийг идэвхжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч ирлээ. Намын ажлын стандарт тогтоож, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, дотоод ардчилалыг бэхжүүлэх, сахилга, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.
Монгол Ардын Намын үйл ажиллагааны үе үеийн шинэчлэл нь монголын нийгмийн шинэчлэлийн эхлэл байж ирсэн. Тиймээс бидний шинэчлэл зөв, төлөвлөлттэй байх ёстой гэдэгтэй Та бүхэн санал нийлэх бизээ. Бүх шатны намын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн гарааны цэг-эхний ажил бол намын улс төрийн ажилтнуудын мэдлэг оюуныг дээшлүүлж, шинэ мэдээлэл, боловсролоор тэтгэх явдал юм.
Иймд бүх шатны намын байгууллагад ажиллаж байгаа улс төрийн ажилтнуудыг төрийн удирдлагын магистрийн боловсрол олгох сургалтанд үе шаттайгаар хамруулахад анхаарч эхний 25 хүнийг суралцуулж эхлээд байна. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Англи зэрэг орнуудад 310 хүнийг урт болон богино хугацааны сургалтад явуулаад байна. Намын Удирдах Зөвлөлөөс анхан болон дунд шатны байгууллагуудын байр тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийлээ.
Энэ онд 100 орчим сумын намын байгууллага гишүүдийнхээ хүч бололцоонд тулгуурлан байртай болсон. Ингэснээр сумдын намын байгууллагын гуравны хоёр нь аймаг, дүүргийн намын хороод үндсэндээ бүгд өөрийн гэсэн байртай болж, үйл ажиллагаа нь тогтмолжиж байна. Түүнээс гадна намын аж ахуйг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх байнгын орлого бүрдүүлэх эх үүсвэрийг бий болгоход багагүй анхаарал хандуулж үр дүнд хүрлээ. Тухайлбал, намын байрны ашиглалтыг сайжруулж, авто машины парк шинэчлэл хийж, ажилтан албан хаагчдын тогтвор сууршилтай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүллээ.
Монголын Улс төрийн ууган нам Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 90 жилийн ойг ард түмэнтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороод ойг тохиолдуулан тус бүр 9 бүтээлч ажлыг санаачлан хийлээ.
Намын Удирдах Зөвлөлийн санаачилгаар 90 жилийн ойгоор “Улс төрийн ууган хүчин-Монгол Ардын Нам” баримтат кино, түүхийн 9 боть номыг хэвлүүлж нийтийн хүртээл болгосны зэрэгцээ их жанжин Д.Сүхбаатар, Маршал Х.Чойбалсан нарын хөшөөг өмнөх дүр загвараар нь хүрлээр бүтээж, уг сууринд нь заллаа. Монгол Ардын Намын Төв байр “Тусгаар тогтнолын ордон”-оо ашиглалтад оруулсан нь бахархах ёстой, бодитой том ажил мөн. Энэ ялдамд “Тусгаар тогтнолын ордон”-г бүтээн босгоход хандив дэмжлэг үзүүлж, сэтгэлээрээ оролцсон намын нийт гишүүд, дэмжигчид, ард иргэд, СоцИнтерний гишүүн намууд, гүйцэтгэгч компаний хамт олонд бага хурлынхаа индэр дээрээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Намын бат илэрхийлэх солих ажлыг орон даяар зохион байгуулж 163882 гишүүн шинэчилсэн бат илэрхийлэхээ гардан авсан. Энэ ажлын үеэр Монгол Ардын Намд шинээр 30 орчим мянган хүн элсэн орсон нь Их хурлын шийдвэрийг ард түмэн маань талархан дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юмаа.
Монгол Ардын Намын шинэчлэлийн үйл явцыг гадаад ертөнц ч сайшаан талархаж хүлээн авсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. XXVI Их хурлаараа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрт шинэчлэл, тодотгол хийж, уугуул нэрээ сэргээн авсан талаар СоцИнтерний Зөвлөлийн хуралд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид илтгэн, өөрчлөлтөө албан ёсоор бүртгүүллээ. Мөн хөрш хоёр орны улс төрийн намуудтай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор Намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын түвшинд айлчлал хийж тодорхой асуудлуудаар гэрээ хэлэлцээр байгуулан хамтран ажиллаж байна.
Манай намын гадаад харилцаа өргөжиж, СоцИнтерн, түүний салбар байгууллагууд болон олон улсын бусад байгууллага, хөдөлгөөн, сан, хүрээлэнтэй хоёр болон олон талын харилцаа тогтоож, хамтран ажиллаж байна. Азийн социал демократуудын сүлжээний бага хурал болон СоцИнтерний Ази Номхон далайн бүсийн хуралдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Намынхаа бодлого, шийдвэрийн шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч, мэдлэг оюуны нөөцтэй болох, олон нийтийн, төрийн бус байгууллагуудын санал бодлыг тусгах, хамтран ажиллах зорилт тавин ажилалаа. Бодлогын шийдвэр гаргах ийм тогтолцоог төлөвшүүлэх үүднээс улс төр, эдийн засаг, нийгэм, залуучууд, гэр бүл, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн асуудал хариуцсан байнгын хороодыг намын Удирдах Зөвлөлийн дэргэд байгуулан “Ард түмний индэр” хэлбэрээр ажиллуулж байна.
Мөн Сургалт, судалгааны Прогноз академийг “Нийгмийн ардчиллын хүрээлэн” болгон шинэчлэн зохион байгуулж, орчин үеийн нийгэм, улс төрийн судалгааны ерөнхий чиг хандлагад нийцүүлэн “Think Thank” хэлбэрээр ажиллуулж байна. Энэ хүрээлэн цаашдаа нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санааны бодлогыг тодорхойлох, төлөвлөлт, аливаа шийдвэрийн шинжлэх ухааны тооцоо, үндэслэл, боломж, гарц, үр дагаврын талаар судалгаа хийж, намд мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага хэлбэрээр өргөтгөгдөх юм.
2010-2011 онд намын хэмжээнд хийсэн нэг чухал ажил бол “Ард түмнээ сонсъё” аян юм. Энэ аяны явцад УИХ болон төрийн байгууллагын бүх шатанд намынхаа нэрээр сонгогдож, томилогдсон гишүүдийн тайланг ард түмнээр хэлэлцүүлж, орон нутагт хуримтлагдсан олон асуудлын заримыг газар дээр нь шийдвэрлүүллээ. Мөн 2012 оны УИХ-ын сонгуульд намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулах гол зарчим, чиглэл, бодлогоо ард түмнийхээ саналаас олж авлаа. Аяны үр дүн болгож “Ард түмний хөтөлбөр”-ийг боловсруулан ард түмэн, гишүүд, дэмжигчдийнхээ дунд өргөн хэлэлцүүлэг явуулах болно.
“Ард түмнээ сонсъё” аяны явцад Та бид бүх аймаг, сум, дийлэнх баг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороогоор орж 978 гаруй мянган иргэдтэй уулзаж, 2434 байгууллагын ажил байдалтай, 7000 гаруй айл өрхийн амьдрал, ахуйтай танилцаж санал солилцлоо. Нийт 74797 санал хүсэлтийг авч, ангилан судалж үзлээ. Судалгаанаас харахад ард иргэд маань үлдэж байгаа нэг сая төгрөгийг ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хүний хөгжил сан”-гаас бэлнээр олгох, цалин, тэтгэврийг нэмэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ашигт малтмалын орд газрыг байгаль орчин, нутгийн иргэдийн эрх ашгийг хохироолгүй зохистой ашиглах, архидалттай бүх нийтээр тэмцэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хог хаягдлын асуудлыг цэгцлэх, орон сууцыг хөдөөд барих, замыг сайжруулах зэрэг олон чухал асуудлуудыг шийдвэрлэх санал гаргасан байна. Эдгээр саналуудыг нэгтгэн УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг, Засгийн газар, яам, агентлагууд, аймаг, хот, сум, дүүргийн хүрээнд хийх ажлын жагсаалт гарган холбогдох газруудад нь хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ирлээ.
Монгол Ардын Намаас 2008 оны УИХ-ын сонгуульд 12 бүлэг 232 заалт бүхий Мөрийнхөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон билээ. Энэхүү хөтөлбөрттусгагдсанажил, зорилтуудыг2008-2012 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 343 заалт бүхий хөтөлбөр, сонгуульд манай нам олонхи болсон аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нарын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ирсэн. Одоогийн байдлаар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 гаруй хувьтай байна. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэлд хийж хэрэгжүүлэхээр 4889 заалт бүхий багц асуудлыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд түүний биелэлтийг гаргаж үзэхэд 66-93 хувийн биелэлттэй байна.
Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Та бүхний уйгагүй хөдөлмөр, хамтач ажиллагаа, зөв оновчтой санаачилга чухал юм. Ажил хариуцсан намын гишүүд, аливаа албан тушаалтнуудын хариуцлагыг эрх, үүргийн нэгдэлтэй хослуулан тавих хэрэгтэй байна. Ингэж нийт иргэн, улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллах нь намын эрх ашигт бүрнээ нийцэх болно. Ардын намд ард түмний эрх ашгаас өөр эрхэм чухал зүйл үгүй билээ.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ