Ардчиллын төлөөх Балийн IY чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой албан ёсны уулзалт хийлээ. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд энэ удаагийн чуулга уулзалтыг амжилтай зохион байгуулж буй явдалд нь баяр хүргэлээ. Түүнчлэн тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа хамтын ажиллагаа өргөжиж байна гээд, зөвхөн хоёр талын хүрээнд төдийгүй олон талт хамтын ажиллагааны чиглэлээр ч амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Үүний тод илрэл нь Индонезийн тал манай талыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэгч орны хувьд Ерөнхий сайдын түвшинд урьж оролцуулж буй явдал болохыг талууд харилцан тэмдэглэлээ.
Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс бүс нутагт ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэх талаар Балийн чуулга уулзалтын зарчим, үзэл санааг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүний хувьд Ардчиллын боловсролыг гол сэдэв болгон, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад улс оронтой туршлага солилцон ажиллахыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгааг тэмдэглэж энэ хүрээнд Балийн чуулга уулзалт, АОХН-ийн зорилго, үйл ажиллагаа нийлж байгааг онцоллоо.
Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно урилгыг хүлээн авч тус чуулганд оролцож буйд нь талархал илэрхийлээд Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны засгийн газрууд ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд хамтран ажиллах бүрэн бололцоо, хүсэл эрмэлзэлтэй болохыг Балийн чуулга уулзалт харуулж байна.Уг чуулга уулзалт болон АОХН-ийн хүрээнд Монгол улстай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Энэхүү уулзалт болон чуулга уулзалтын нээлт зэрэг бусад арга хэмжээнд оролцох үеэрээ Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр ашигтай, бодит үр дүнтэй болгон хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
Хоёр талын хамтын ажиллагааг эн тэргүүнд аль салбарт хөгжүүлэх талаар тодорхойлж, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх, Засгийн газрын гишүүд, яамдын хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр одооноос эхлэн идэвхтэй ажиллахаар тохиролцов. Ирэх 2012 оны хавар Улаанбаатар хотноо болох Энхийг сахиулагчдын цугларалтад оролцох зэргээр энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар харилцан тэмдэглэв.
Брунейн улс Монголын оюутнуудад зориулж тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ
Ерөнхий сайд С.Батболд тус чуулга уулзалтад оролцож буй Бруней Даруссаламын вант улсын султан Хассанал Болкиах Муиззадин Уаддаулахтай уулзалт хийлээ. Хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт хөгжүүлэх талаар уулзалтын үеэр хөндлөө . Ерөнхий сайд С.Батболд Брунейн талаас монголын оюутнуудад зориулан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлээд уул уурхай, газрын тосны чиглэлээр монгол оюутнуудыг тус улсын их дээд сургуулиудад илгээх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн чуулга улзалтын үеэр Катарын Ерөнхий сайд Шейх Хамад Бин Хасемтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр эрчим хүч, ялангуяа газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн бэлтгэх, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Катарын Ерөнхий сайд дээр дурдсан чиглэлээр Катарын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд Монголын уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах, зээл олгох зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч ойрын хугацаанд айлчлан хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар бодитой алхам хийхээ илэрхийлэв. Мөн Япон улсын Ерөнхий сайдын тусгай элч, Гадаад хэргийн сайд асан К.Окада өөрийн хүсэлтээр уулзав.
Уг уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдыг Японд айлчлахыг урьсан Японы талын урилгыг дахин нотолж энэ удаагийн айлчлал нь хоёр орны хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгатай болгон баяжуулан хөгжүүлэх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд С.Батболд энэ талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлээд хоёр орны хооронд Монголын уул уурхайн салбарын томоохон төсөлд хамтран ажиллах, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар ойрын хугацаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Мөн Япончууд байгалийн гамшгаас үүдэн учирсан гарз хохирлыг эр зоригтой, амжилттай даван туулж буйд нь баяр хүргэлээ.
Ардчиллын төлөөх Балийн 4 дүгээр чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой мөн тус чуулга уулзалтад оролцож буй ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Төрийн сайд Жэреми Браун, Шинэ Зеландын Засгийн газрын гишүүн, цагаачлал, мэдээлэл сурталчилгааны сайд Жонатан Колеман нар өөрийн хүсэлтээр уулзаж хоёр талын болон олон талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.