Энэ арга хэмжээнд уригдан ирсэн иргэд ээ,
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хаалтын нэгдсэн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулахаар Та бид энэ танхимд хуран цуглараад байна. Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихжил”болгон зарлаж төр, хувийн хэвшил, иргэдийн идэвхтэй оролцоотойгоор олон ажлыг орон даяар зохион байгуулж ирсэнийг иргэд хөдөлмөрчид Та бүхэн сайн мэдэж байгаа.
Жилийн ажлын хүрээнд 72 080 хүнийг байнгын ажлын байртай болгон, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах эрх зүйн орчноо шинэчилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн санхүүжилтынэх үүсвэр,шинэ дэмжлэгбий болгож, ажил хийж амьдралаа дээшлүүье гэсэн иргэд, өрх бүрийг дэмжих, ажлын байраа хадгалсан ажил олгогчдыг урамшуулах зэрэг урт удаан хугацаанд тогтвортой үр өгөөжөө өгөх бодлогын суурь өөрчлөлтийн арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүллээ.
Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих идэвхтэй бодлого явуулахад чиглэгдэж ирлээ. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэе гэсэн иргэн бүрээ дэмжих, орлогогүй байгаа өрх бүрт хүрэх, зорилтот бүлгийн иргэд хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, залуучуудад хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай эрэлттэй мэргэшил, ур чадвар эзэмшүүлэх замаар ажлын байраар хангах, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил болоод иргэдийн хүлээх, гүйцэтгэх үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгосон шинэ эрх зүй, санхүүгийн орчинг бүрдүүлсэн нь жилийн ажлын гол үр дүнгүүдийн нэг гэж үзэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг үр дүнтэй болгохын тулд уг асуудлыг хариуцсан зохион байгуулах Үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулан төр, хувийн хэвшлийн оролцоотой 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулж, жилийн үйл ажиллагаанд удирдамж чиглэл өгч, шуурхай зохицуулалтаар хангаж ажилласны гадна 5 дэд хороог ажиллууллаа.
Үүний зэрэгцээ салбарын бүх яам, аймаг,орон нутагт мөн жилийн ажил зохион байгуулах салбар хороодыг 173 хүний бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж,орон нутаг, салбарын түвшинд жилийн ажлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдуулан ажиллалаа. Үндэсний болон аймаг орон нутгийн салбар хороод нь яамд,орон нутгийн ажлыг орлон ажиллах зорилт тавиагүй бөгөөд эдгээр хороод гагцхүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтэд илүү дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажилласан гэдгийгтэмдэглэн хэлье.
Үндэсний хороо 5 бүлэг, 54 заалт бүхий ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажилласнаар хэрэгжилт 92 хувьтай хувьтай гарч байна. Өнгөрсөн хугацаанд Үндэсний хорооны хурлаар ХХААХҮЯ, ЭБЭХЯ, ЗТБХБЯ, БСШУЯ,ГХЯ, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Архангай аймаг болон заримагентлаг, барилга, хүнс, арьс шир,ноос ноолуурын мэргэжлийн холбоодын санал хүсэлт, тайланг сонсон хэлэлцэж зохих шийдвэр гаргасны зэрэгцээ Үндэсний хорооны дэргэдэх салбар хороодоор зарим төрийн байгуулагын ажлын явцыг хэлэлцсэнбайна
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг доорхи байдлаар ард иргэддээ Үндэсний хороо тайлагнаж байна.
Нэг . Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн төлөвлөгөөнд хөдөлмөр эрхлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 23 хуулийн төсөл, 6 эрх зүйн актыг баталж мөрдүүлэхээр тусгагдсанаас 17 хууль, УИХ-ын 3 тогтоол, Засгийн газрын 2 тогтоол тус тус батлагдсан байна.
Үүнд:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хуулийг батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.
100000 айлын орон сууцны бонд гаргахыг зөвшөөрөх тухай, Хүнсний ногоо, гурилын татварыг нэмэгдүүлэх тухай, “ноос ноолуурын салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бонд гаргах тухай асуудлаар Улсын Их Хурлын тогтоол гаргуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ирлээ. Эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин үндсэндээ шинэчилэгдэж байгааг тэмдэглэж байна.
Хоёр. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгий дэмжлэгийг сайжруулах талаар
Жилийн ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн орчныг сайжруулах, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Нийтдээ энэ онд 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд зориулан гаргахаар УИХ, Засгийн газраас шийдвэрлэсэн.
Засгийн газрын бондын хөрөнгөөс олгож буй зээлийг анх удаа жилийн 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгож эхлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийг нэмгдүүлэхэд чиглэсэн бодит арга хэмжээ боллоо. Энэ 7 хувийн хүүтэй зээлийн хүүгийн зөрүүд гэхэд л Засгийн газар, Монгол банк тохиролцон тус бүр 3 хувийн хүүг арилжааны банкнуудад нэмж төлж байгаа нь мөн л хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, түүн дотроо тогтвортой ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгааг тэмдэглэж байна.
Мөн ажлын байр бий болгоход хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор концессын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг шинэчлэн батлаж, олон улсын төсөл, хөтөлбөрийн шугмаар хэрэгжүүлэх арга хэмжээнд оролцох оролцоог нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авч ирсэн нь үр дүнгээ өгч байна.
Иргэд хөдөлмөрчид хувиараа хөдөлмөр эрхлэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан хоршоо, нөхөрлөл ажиллуулах, өрхийн болон хувиараа бизнес эрхлэх хүмүүсийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж байхаар хуульчлан өгсөн болно. Үүний дүнд иргэд өөрсдөө хөдөлмөр эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх бололцоо нөхцөл эрс сайжирна гэж Засгийн газар үзэж байна.
Мөн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй мэргэжлийн ур чадварыг олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд энэ жил Засгийн газар анхаарч ирлээ. Энэ хүрээнд ажлын байрны сургалт буюу дагалдан сургалтын хөтөлбөрийг барилга, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт зохион байгуулж нийт 9000 гаруй хүнийг хамруулнаас 90 хувь нь ажлын байртай боллоо. Ийм үр дүнтэй арга хэмжээг ирэх оноос түлхүү авч хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарах болно.
Мөн зорилтот бүлгүүдэд зориулсан тусгай хөтөлбөрүүдийг энэ онд хэрэгжүүлэхэд зориулж 10 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдлээ. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүд, ахмад настан, малчид, 40-өөс дээш насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ногоон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон гэдгийг тэмдэглэж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидэд олгох Засгийн газрын бондоор барьцаалсан хөнгөлөлттэй зээл олголт тавьсан зорилтынхаа 80 хувьтай байгаа гэж Үндэсний хороо дүгнэж байгаа. Энэ хүрээнд энэ онд одоогоор 120 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна. Зээл олгох хугацаа бондын борлуулалтын улмаас удааширч байгаа учир жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн үр дүн ирэх онуудад бодитой гарах болно.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтыг сайжруулах хүрээнд Засгийн газар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэлүүдийг нарийн ялган зааглаж, давхардалгүй болгох, үйл ажиллагааг уялдуулах зохицуулах асуудлыг ойрын үед судлан шийдвэрлэх болно
Гурав. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлийн талаар
Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээний нэг нь хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл тогтолцоог шинэчилсэн, энэхүү мэдээлийг иргэд хөдөлмөрчид, бизнес эрхлэгчидэд жигд хүргэх талаархи шийдвэрлэсэн асуудлууд зүй ёсоор орох юм. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг сайжруулах, илүү бодитой болгох, мэдээллийг иргэд хөдөлмөрчдөд хүргэх хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох талаар нэлээд ажил хийж амжилтад хүрлээ.
Дээрх асуудлыг шийдэхийн тулд ажилгүй иргэдийн бүртгэлийг энэ оны эхний хагас жилд багтаан аймаг,сум, баг,хороо бүрээр хийж нарийн судалгаа гаргаж авсан, энэ судалгаанд тулгуурлан ажилгүй иргэдэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах үүргийг аймаг, нийслэл, сум, баг, хороо,хэсгийн дарга нарт өгсөн байгаа. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тайлан мэдээ авах маягтыг шинэчлэн аж ахуйн нэгж, иргэн, хөдөлмөрийн байгууллага, статистикийн албад нэг л загварын маягтаар мэдээллээ өгдөг болсон энэ нь мэдээллийг үнэн зөв бодитой болгох үндэс болж байгаа
Шинээр баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар хөдөлмөрийн албад, хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг нарийн заагласан. Дээрх хоер албанаас иргэд, бизнес эрхлэгчид, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодтой хэрхэн ажиллах талаарх үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Төрөөс авч хэрэгжүүлэх гол үүрэг, хариуцлага нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг ард иргэдэд хүргэх асуудал болж байна. Үүний тулд бид ирэх онд техникийн хувьд боломжтой бүх сум, хороонд цахим хэлбрээр биржийн мэдээллийг хүргэх зорилт тавьж байна.
Хөдөлмөрийн биржид хувийн хэвшил өөрийн порталийг нээж түүгээрээ дамжуулан шаардлагатай ажилтныхаа захиалгыг өгдөг, сургаж бэлддэг, мэргэжилтэй ажилтнаа сонгож авдаг, ажиллах хүчний хөдөлгөөнийг шуурхай мэдээлдэг болох үүрэг аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, Мэргэжлийн боловсролын салбар зөвлөлүүдэд ногдож байгаа. Мөн ажил хайж байгаа иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хэрхэн өөртөө хэрэгтэйгээр ашиглах ойлголт хандлага, чадвартай болгох асуудалд орон нутгийн удирдлагууд анхаарах шаардлагатай байгааг зориуд анхааруулж байна. Дээрх чиглэлээр цаашид бүх оролцогч талууд илүү идэвхтэй ажиллаж, эхэлсэн шинэчлэлээ тогтмол үйл ажиллагаа болгох асуудал анхаарлын төвд байх ёстой гэдгийг дахин тэмдэглэе.
Дөрөв. Сурталчилгааны ажлын дүнгийн талаар
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг сурталчлах ажил улс, орон даяар идэвхтэй хийгдэж ирсэн байна. Аймаг, нийслэл, салбарын яамдын ирүүлсэн тайлангаас үзвэл өдөр бүр хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дунджаар 8-10 арга хэмжээ зохиогдож байсан гэж дүгнэж болохоор байна. Энэ бол сайн хэрэг. Харин Засгийн газар энэ ажлын үр дүнг зохион байгуулсан арга хэмжээний тоогоор биш хүрсэн үр дүнгээр, ажилд орсон хүнээр, ажил хөдөлмөр хийе гэсэн иргэдийн идэвх, оролцооны өсөлтөөр дүгнэх ёстой гэж үзэж байгаа.
Дээрх өнцгөөс харвал сард 6000 гаруй хүн шинэ ажлын байраар хангагдаж, ажил идэхтэй хайж байгаа иргэдийн тоо өссөн байгаас үзвэл энэ арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна гэж дүгнэж болохоор байна. Оны эхний 6 сарын дүнгээр ажил эрхлээгүй хүмүүсийг бүртгэсэн бүртгэлээр 103 мянган хүн байна гэсэн дүн гарсан. Эдгээр хүмүүсээс одоо чухам хэд нь ажил идэвхтэй хайж хөдөлмөрийн албанд бүртгүүлэв гэдгийг гаргаж дүгнэж үзвэл иргэдийн хөдөлмөрлөх идэвхийн дээшлэлтийн түвшинг тодорхойлж болно.
Ер нь ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоо өсч байгааг Засгийн газар сайн үзүүлэлт гэж үзэж байна. Харин нөгөө тал огт хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн тоо буурч байвал хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн идэвхтэй бодлогын үр өгөөж нь болох юм.
Тав. Иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалтын сургалтын талаар
Манай улсад иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт үндсэн гурван хэлбэрээр хэрэгжиж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын төв, түр сургалтын төв, ажлын байрандахь сургалт аж ахуйн нэгж байгуулагуудаар зохион байгуулагдаж байна. Эдгээр байгууллагын сургалтын чанар, стандартыг сайжруулах, ур чадаврын түвшинг ижил болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Ажил олгогч, үйлдвэр, аж ахуйн газрыг сургалтын үйл ажиллагааны бүхий л шатанд татан оролцуулснаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллежид суралцагчдын дотор насанд хүрэгчдийн эзлэх хувь 25.7%-иар нэмэгдэж 16692 буюу 34.6% болж өслөө. Үүнтэй холбогдуулан суудлын тоог 3500-аар нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах, бэхжүүлэхэд улсын төсөв, төсөл хөтөлбөрөөс 12.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.
Засгийн газрын “Үндэсний мэргэжилтэйажилтан бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 212 дугаар тогтоол, “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилгүй иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, ажилд зуучлах ажлын хүрээнд 2010-2011 хичээлийн жилд 18 мэргэжлээр уул уурхай, барилга, аж үйлдвэрийн салбарт 3300 мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтыг дэс дараатайгаар нийт 45 Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд зохион байгуулж байна.
Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 2010-2011 оны хичээлийн жилд 2 ээлжээр нийт 3000 гаруй насанд хүрэгчид уул уурхай, барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын нийт 23мэргэжлээр суралцан төгсөж байна.
Зургаа. Яам, аймаг орон нутагт зохион байгуулсан ажлын үр дүнгийн талаар
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хороо нийслэл, аймгуудын жилийн ажлын тайланг хүлээн авч хийсэн ажлуудад нь үнэлэлт дүгнэлт өгч байна. Энэ ажлын дүн энэ онд аймаг, нийслэлийн ажил дүгнэх гол үзүүлэлт байх юм. Жилийн ажлыг аймаг бүр, түүн дотроо бүсийнхээ хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар зохион байгуулсан ажлаа дүгнэ гэдэг үүргийг Засгийн газар өгсөн. Ингэж дүгнэх ажлаа зохион байгуулсан гэж бодож байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг улсын хэмжээнд Үндэсний хороо дүгнээд нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг сайн зохион байгуулж бусдаасаа илүү ажилласан гэж дүгнэж байна. Яамдаас ХХААХҮЯ, НХХЯ илүү үр дүнтэй ажиллалаа.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, Баян-Өлгий аймгийн Сагсай, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум, Багахангай дүүргийн 16 дугаар хороо, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Дорнод аймгийн Матад сумын Түмэнхан баг бусдаасаа илүү санаачлагатай ажиллаж, иргэддээ хүрсэн олон ажил зохион байгуулж, улсын хэмжээнд шалгарч байгааг мэдэгдэхэд таатай байна. Мөн энэ жил хамгийн олон ажлын байр бий болгосон байгууллагаар “Эм Си Эс” групп, “Энержи ресурс” ХК, “Алтайн хүдэр” ХХК, “Макс” групп, “Монгол алт” корпораци, “Блю скай” ХХК, “Говь” ХК, “Тедмент” ХХК, “Эсмо” ХХК, Хадгаламж банк зэрэг аж ахуйн нэгжийг Үндэсний хороо шалгаруулж байна.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг сайн зохион байгуулсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Дархан-УУл аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарыг бид зориуд дурдаж байна. Иймд сайн ажиллаж бусдыгаа хошшучилсан яам, аймаг,агентлаг, сум, дүүрэг, хороо, баг, засаг дарга нарт Засгийн газрын болоод Хөдөлмөр эрхлэлтийн ажлыг зохион байгуулах үндэсний хорооны нэрийн өмнөөс баяр хүргэж ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Долоо.Цаашид анхаарах асуудлын талаар
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг ирэх үргэлжлүүлэх, нэн ялангуяа энэ онд зохион байгуулсан ажлыг аймаг, орон нутагт эрчимжүүлэх шаардлагатай байна.
Үүнд:
1. Аймаг орон нутагт жилийн ажлыг үргэлжлүүлэн идэвхжүүлэх, эрчимжүүлэх арга хэмжээ авах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө шинэчлэн баталж хэрэгжүүлэх
2. Аймгийнхаа Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг зохион байгуулах хороо, зөвлөлийн ажлын тайланг авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх
3. Аймаг, нийслэлд байгаа ажил эрхлээгүй иргэдийн нэгдсэн мэдээллийн санд тулгуурлан ажил эрхлээгүй хүн бүрт хүрч ажиллахад чиглэсэн ажлыг ирэх онд зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгаж байна.
4. Аймаг орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангууд болон хувийн хэвшил, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болж байгаа ажлын байранд ажилд оруулсан иргэдийн мэдээг долоо хоног, сараар гарган НХХЯ-нд ирүүлж байх
5. Энэ оноос эхлэн орон нутагт шинээр бий болсон ажлын байруудад ажилгүй хэн гэж иргэнийг ажиллуулахаа аймаг, хүн нэг бүрээр тооцон уялдуулсан ажил, хүчний баланс хийж биелэлтийг нь зохион байгуулж ажиллах
6. Орон нутгийнхаа мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд түлхүү оролцуулах арга хэмжээг авах талаар анхаарч ажиллах
7. Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээний үйл ажиллагааг хэвшүүлэх, байнгын үйл ажиллагаа болгоход дэмжлэг үзүүлэх, зөвлөлгөө өгөх ажлын хэсгүүдийг байгуулан сум, багт ажиллуулах чиглэл өгч байна
Хөдөлмөр эрхлэлтийн жилийн ажлыг амжилттай зохион байгуулахад идэвхтэй хамтарч ажилласан Та бүхэнд дахин талархлаа илэрхийлж амжилтын дээдийг хүсэн ерөөе.