Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Эдийн засгийн өсөлтийг ногоон эдийн засагжуулж, мэдлэгт суурилсан болгох вэ гэдгийг ярилцаж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.05 /

Засгийн газар бодлого гарган хэрэгжүүлж эхлэхээс илүүтэйгээр  нийгмийн оролцоо буюу эрдэмтэн мэргэд, улс төрчид, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн, гадаадын түншүүдтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан шийдвэрийг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлдэг уламжлал тогтоод гуравдах жилтэйгээ золгож байна. Үүний хамгийн тод жишээ нь монголын эдийн засгийн чуулга уулзалт бөгөөд Засгийн газар дэмжигч болон хэрэглэгчийн байр сууринаас  оролцон, тодорхой үр дүн гарч байгааг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэлээ.

Ардчилал  зах зээл, хөгжил дэвшлийг тодорхойлоход чухал арга хэмжээ болж байгаа  тус чуулга уулзалтын  өнгөрсөн жилийн үр дүнд  Төсвийн шинэ хуультай болж, төсвийн төвлөрлийг сааруулж, 20 жилээр хөгжлөө төсөөлж, тооцдог тогтолцоог хэвшүүлэх алхмууд хийгдэж эхэлж байна. Мөн Засгийн газар дунд хугацааны тэргүүлэх чиглэлийн хөгжлийн бодлогын төслийг бэлтгэж, хөгжлийн бодлогыг хуулиар баталдаг системтэй болох гэж байгаа, засаглалыг сайжруулах хүрээнд  иргэний цахим үнэмлэхийг бэлтгэх, хүн амын тооллого, бүртгэлийг сайжруулах, сонгуульд иргэд саналаа цахим технологиор өгдөг тогтолцоонд шилжих бодлогыг баримталж байна. 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  5 дугаар цахилгаан станцын төслийг бэлтгэж,  Могой голын станцын ажлыг эхлүүллээ. Өмнийн говийн бүс  нутагт 300 км засмал зам тавьсан нь дээрх түншлэлийн үр дүн болсон томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг юм. Инновацийн хуулийн төслийг УИХ хэлэлцээд батлахад бэлэн болсон, уул уурхай, ноос ноолуур, мах,  арьс ширний кластерийн үйлвэржилтийн хөгжлийн бодлогыг хэлэлцэж гадаад  дотоодын  санхүүжилтээр хөдөө орон нутагт мах, сүү, хүнсний олон үйлдвэр байгуулах суурийг тавьжээ. Ногоон эдийн засгийн хүрээнд 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажил дуусах шатандаа орж, шинээр 50 мвт-ын чадалтай орчин үеийн технологи бүхий салхин паркийг ашиглалтад оруулна.

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч ирлээ. МСҮТ-ийн системийг үндсэндээ цоо шинээр сэргээн хөгжүүлж, ур чадвартай олон мянган залуучуудыг бэлтгэж аж амьдралыг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах чиглэл рүү явж байгаа. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс  олон жил төр засагт тавьж ирсэн хүсэлт манай Засгийн газрын үед биеллээ олж, хамгийн сүүлийн жишээ л гэхэд  Зээлийн батлан даалтын хууль батлагдлаа. Энэ мэтчилэн өнгөрсөн жилийн чуулга уулзалтын үр дүнг тоочиход чамгүй амжилт байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, энэ чуулганаар хэлэлцэгдээд бэлтгэл ажил нь ундарч байгаа олон ажил ч цаана нь бийг онцоллоо.  

Өнгөрсөн хоёр удаагийн чуулга уулзалтын үр дүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудаа түшиглэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, хөгжлийг бий болгохоор хамтдаа хичээж, үүний үр дүнд 2011 онд манай улсын эдийн засаг 17.3 хувиар өссөн гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, цаашид ч үүнэээс дутуугүй өндөр өсөх тооцоо, төсөөлөл гарч байгааг дурьдаж байна. Энэ эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож, түүний үр шимийг Монгол улсын иргэн бүрт хүргэх, иргэдийн оролцоог тэгш хангах асуудлыг энэ удаагийн чуулга уулзалтаар төвлөрч ярилцацгаая хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр уриаллаа.

Мөн түүнчлэн дарга нар байр сууриа илэрхийлэхээс илүүтэй олны шийдсэн аргыг Засгийн газар чиглэл болгодогоороо энэ чуулга уулзалт ач холбогдолтой гэдгийг ч тэмдэглэв. Энэ удаагийн чуулга уулзалтаар Хүртээмжтэй өсөлт, Тэнцвэртэй өсөлт, Инноваци ба Ногоон өсөлт сэдвийн хүрээнд 11 салбар хуралдаан, хоёр тусгай хэлэлцүүлэг өрнөх ажээ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн энэ их өсөлтийг яаж ногоон эдийн засаг болгох вэ, мэдлэгт суурилсан эдийн засаг болгох вэ гэдгийг  ярилцах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Аргачлалаа зөв гаргаж байж гэмээнэ улс орон хөгждөг учраас бид энэ чиглэлийг зорилгоо болгоно
Донор байсан зарим орнууд харилцан ашигтай ажиллах түнш болж эхэллээ
Эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжинэ
С.Батболд: Инээж буй энэ хүүхдүүд Монголын хөгжлийн ирээдүй
Эдийн засгийн өсөлтийг ард түмэндээ хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ
ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан