Монгол Улс эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд байгааг олон хүн хэлж байгаа. Ийм сэтгэгдэл төрүүлэхүйц олон арга хэмжээ сүүлийн хэд хоногт улс оронд маань зохион байгуулагдаж байна. Тухайлбал өнгөрсөн хоёр өдөр Төрийн ордонд Монголын эдийн засгийн форум гурав дахь жилдээ болж дотоод гадаадын бизнесмэн, улстөрчид, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөлөл оролцон Монгол улсын хөгжлийг хурдасгах асуудлаар гарц эрэлхийлэн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн хөрөнгө оруулагчдын чуулган болж хөгжлийн бодлогын асуудлууд хэлэлцэж санал бодлоо хуваалцсан юм.
Хөрөнгө оруулагч, хөгжлийн түншүүд, бизнес эрхлэгчтэй уулзан ярилцаж буй ийм мөчид “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан техникийн уулзалт” болж байгаад талархаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтад оролцохдоо хэллээ. Эдийн засгийн энэхүү өсөлтийг дэмжих тодорхой арга хэмжээг Засгийн газар авч байгаа. Энэ нь Монгол Улсад боломж боловч нөгөө талаас багагүй бэрхшээлүүдийг дагуулж байгаа. Санхүүгийн шинэ механизмуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад тулгарч буй чадавхийн болон бусад бэрхшээлүүд юу байна, эдгээр механизмыг боловсруулах, хөгжлийн түншүүдийн зүгээс хэрхэн туслалцаа үзүүлэх вэ, түншүүдийн туслалцааг төлөвлөлтөд хэрхэн тусгаж үр дүнд хүргэх вэ, хөгжлийн түнш болон хувийн хэвшлийн уялдааг хэрхэн хангах вэ зэрэг асуудлаар донорууд ярилцаж байгаа юм.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн эхний үед хөгжлийн албан ёсны тусламж шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглээд өнгөрсөн 20 гаруй жилд хамтран ажилласан, хүнд хэцүү цагт тусалж дэмжиж ирсэн түншлэгч хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудад талархаж байгаагаа Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос 2010 он хүртлэх хугацаанд нийт 4 тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээл авч ашиглажээ. Эдгээр зээл тусламжийг хүний хөгжил, яаралтай тусламж, хөдөө аж ахуй, эрчим хүч, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, зам тээвэр, аж үйлдвэр, санхүү эдийн засаг, уул уурхайн салбарт голлон ашигласан байна.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2011 онд гадаад зээлийн нийт 103,1 тэрбум төгрөгийн үндсэн ба хүүгийн төлбөрийг барагдуулсан зэрэг баримтыг Ерөнхий сайд С.Батболд дурдлаа. Түүнчлэн зөвхөн өндөр хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хамтран ажилладаг байсан харилцаа шинэ шатанд гарч уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр санхүүжилтийн шинэ хэрэгслүүдийг өргөнөөр ашиглах шаардлагатай байгааг Засгийн газрын тэргүүн онцлоод зарим улс орноор жишээ татлаа. Тухайлбал, Япон, Солонгос, Кувейт улс нь манай улсад зөвхөн зээл тусламж үзүүлдэг донор орон байсан бол одоо харилцан ашигтай ажиллах түнш болох шинэ өнгө аясаар хамтын ажиллагаагаа тодорхойлж байгаа юм байна.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөгжлийн төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг зохицуулах, хөгжлийн албан ёсны зээл тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого, стратеги, үйл ажиллагаатай нягт уялдуулах, төлөвлөх зорилгоор гадаадын зээл, тусламжийг дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд С.Батболд хэлээд энэхүү хөтөлбөрийн төсөлд дунд хугацаанд нийт 40 тэрбум орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөөлөл гарсан гэдгийг тодотголоо.
Томоохон төслүүдийг санхүүжлүүлэхэд шаардлагатай байгаа санхүүгийн шинэ арга хэрэгслүүдийг бий болгох, тэдгээртэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор бусад орнуудын туршлагад үндэслэн хөгжлийн банк байгуулж нэн тэргүүний төслүүдийг эхний ээлжинд энэ банкаар дамжуулан санхүүжүүлэх зарчим баримтлан ажиллаж байгаагаа ч тэрбээр тэмдэглэлээ.
Эдийн засгийн голлох салбар болох уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийг төрөлжүүлснээр ажлын байр бий болгох, боловсролд хөрөнгө оруулалт хийж өгөөжтэй эдийн засгийн хөгжлийг дэмжих нь Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Өндөр технологид суурилсан аж үйлдвэр, эрчимжүүлсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх нь өсөлтийн хүчин зүйл болно гэж Засгийн газар тодорхойлж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд энэхүү уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын ирээдүй, цаашдын хөгжлийн төлөө хамтран ажиллахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.