Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХОВД АЙМГИЙН БАГА УЛААН ДАВАА-МАНХАН ЧИГЛЭЛД 103 КМ ЗАМ ТАВИНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.07 /

~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олголоо. Хөтөлбөрийн нэгдүгээр төслийн 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Бага улаан даваа-Манхан чиглэлд 103.3 км, орон нутагт 20 км хатуу хучилттай зам тавьж, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын 1 нэгж байгуулах юм. 

Энэ зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1,5 хувь байх юм. “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 170 сая, Монгол Улсын Засгийн газраас 92 сая ам.долларыг 7-10 жилийн хугацаанд гурван үе шатттай гаргахаар төлөвлөөд байна.

Хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт нь дутагдаж байгаа 293 км хатуу хучилттай замын барилгын ажил, бүрэн тоноглосон засвар арчлалтын 3 төв, орон нутгийн 34,9 км зам, 3 гүүрний барилгын ажил болон салбарын чадавхийг бэхжүүлэх, институцийг сайжруулах юм. Хэрэгжүүлэх төсөл тус бүрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

АВРАГЧДАД ТОМИЛОЛТЫН БОЛОН УРАМШУУЛЛЫН МӨНГӨ ОЛГОНО

Өнгөрсөн оны сүүлийн хагаст гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын аврагч, албан хаагчдын томилолтын болон урамшуулал, бусад зардалд зориулж 140 орчим сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. 2011 оны сүүлийн хагас жилд манай улсад хүчтэй салхи шуурга, аадар бороо, аянга, хүн малын гоц халдварт өвчин, үер, үйлдвэрлэлийн осол, аюулт үзэгдэл, цас зудын голомтод Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 2244 албан хаагч ажилласан байна. Тэд 475 хүний амь насыг аварч, 7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинг хамгаалах ажил хийж гүйцэтгэжээ.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДҮРМИЙГ БАТАЛЛАА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Өрсөлдөөний тухай хуульд энэ газрын дүрмийг Засгийн газар батлахаар заасан байдаг байна. Дүрэмд тус газрын үндсэн зорилтыг тодорхойлж, газрын дарга, гишүүдийн эрх, үүргийг тодорхой заажээ. Мөн энэ газрын хурлаар ямар асуудлыг авч хэлэлцэхийг ч заасан бөгөөд шаардлагатай бол нийт гишүүдийн олонхийн саналаар дүрэмд зааснаас өөр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуралд тухайн асуудлыг хариуцсан, санал боловсруулсан албан хаагч, улсын байцаагч, түүний харъяалах нэгжийн даргаас гадна асуудалтай холбоотой байгууллага, аж ахуй эрхлэгчийн хууль ёсны төлөөлөгчийг зөвхөн саналаа хэлэх эрхтэйгээр оролцуулж болохыг зөвшөөрчээ.

Дарга, гишүүд нь нэгжийн дарга, улсын байцаагчийн ажилд хөндлөнгөөс нөлөөлж, дарамт шахалт үзүүлэхгүй байх, хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй асуудлаар олон нийт болон сонирхогч этгээдэд мэдээлэл өгөхгүй, шийдвэр гаргахдаа өөр байгууллагын болон хувийн ашиг сонирхлын үүднээс хандахгүй байх зэргийг ч тодорхой тусгасан байна.

Ц.ТОГООГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР  ТОМИЛЛОО

Дэслэгч генерал Ц.Тогоог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Б.Лхагвыг Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон байна. Ц.Тогоо Зэвсэгт хүчний жанжин штабын даргын алба хашиж байсан. Б.Лхагва нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Мөн Засгийн газрын хуралдаанаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилжээ.

ТОВЧ МЭДЭЭ

  • “Нийгмийн салбарыг дэмжих”, “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийн чадавхийг сайжруулах”, “Түүх, соёлын дурсгал, соёлын өвийн оношлогооны төхөөрөмж” төслийг хэрэгжүүлэх боллоо. Түүнчлэн хэд хэдэн төслийг хамтран хэрэгжүүлэх тухай Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олголоо.
  • Хүн амын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан сонгон шалгаруулалтгүй, шууд худалдан авах эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад орсон эм, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэр, ханган нийлүүлэгчтэй шууд гэрээ байгуулан нийлүүлэх эрх олгохыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгажээ. Энэ дагуу нийт 15 нэрийн эм, товлолын вакцин, 13 нэрийн цус, цусан бүтээгдэхүүн, 1 нэрийн эмнэлгийн хэрэгслийг шууд худалдан авахаар болж байна.   
  • Хоршоологчдын үндэсний III чуулганыг энэ сард зохион байгуулахаар болж шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.
  • Энэ онд манай улсын Зэвсэгт хүчин Судан Улсын Дарфур муж, Өмнөд Судан, Афганистан Улс дахь НҮБ-ын энхийн болон олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн 14 баг оролцуулна. Үүнээс гадна манай улс өөрийн орондоо болон гадаадын оронд зохион байгуулах 10 хамтарсан сургалт, дадлагад төлөөллөө оролцуулахаар боллоо. Эдгээрт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
  • Сангийн яамны Төрийн сангийн үйлчилгээний танхимыг Цагдаагийн гэрээт хамгаалалтаас гаргаж Дотоодын цэргийн хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.
  • Цэргийн албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3 сая 4 мянга 750 төгрөг байхаар тогтоолоо. Түүнчлэн цэргийн дүйцүүлэх албанд авах залуусын тооны дээд хязгаарыг тогтоон экологийн сүйрлээс сэрэмжлэн хамгаалах, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх, байгалийн гамшиг, ослын хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт зэрэг ажилд оролцуулахаар боллоо.  
  • Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын VII тэмцээнийг  ирэх сарын 16-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн тэмцээн Лондоны олимп болон 5 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод болох эмэгтэй боксчдын Дэлхийн аваргын өмнөх томоохон сорилго юм.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ТОДОРЛОО
ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСАНДАА ХҮРЧ ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ НЭМЛЭЭ
С.Батболд: Ардчиллыг дэмжих Монголын итгэмжлэгдсэн сан байгуулах санаачилгыг дэвшүүлж байна
Эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжинэ
Донор байсан зарим орнууд харилцан ашигтай ажиллах түнш болж эхэллээ
Аргачлалаа зөв гаргаж байж гэмээнэ улс орон хөгждөг учраас бид энэ чиглэлийг зорилгоо болгоно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан