Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЦАЛИН НЭМЖ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛСЭНД МҮЭХ-НЫХОН ЕРӨНХИЙ САЙДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.09 /

УИХ-ын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Энэ дагуу төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмэх болсон. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид 80 мянган төгрөгийн нэмэгдсэн цалин, өндөр настнууд 53 хувийн нэмэгдэл тэтгэврээ энэ сард багтаан нөхөн авах боломж бүрдсэн юм. Үүнтэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар болон салбар хороодын төлөөлөл өөрсдийнхөө хүсэлтээр Ерөнхий сайдад бараалхаж энэ тухай ярилцсан байна. 

Төсвийн тодотголоор төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч гээд мянга мянган хөдөлмөрчин хүний цалингаас гадна ахмадуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмж амласандаа хүрсэнд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлэхдээ “Энэ жил өнгөрсөн жилийн ололт, амжилтаа баталгаажуулж, эхлээгүй ажлаа эхлүүлэн, үр шимийг нь ард түмэндээ хүргэж чадсан, ил тод, нээлттэй он байх болно” гэлээ.

Мөн “Засгийн газар оны өмнө болон дараа нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд ярьж байсны дагуу төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг нэмэх асуудлыг төсвийн тодотголоор батлуулж чадлаа. Амлаж байсан зүйлс бодитоор хэрэгжих нөхцөл бүрдлээ” гэв. Гэхдээ цаашид бүх зүйл хамтын хариуцлага, хууль, дүрмийн хүрээнд байж, анхнаасаа асуудлаа хэлэлцэн тохирдог, аливаа хуулийн төсөл, шийдвэрийг боловсруулах явцад нь идэвхтэй оролцож, санал бодлоо  хуулийн дагуу оруулж тусгадаг байх зарчмыг хаа хаанаа төлөвшүүлж, нийгэмдээ зөв манлайлал үзүүлж байхыг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцгойлон анхаарууллаа.

Аливаа асуудал, тэр дундаа төсөвтэй холбоотой зүйлийг хуулийнх нь хугацаанд, бодитоор авч үзэж байх ёстой. Тэгээгүйгээс цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэг хэсэг нь нэмэхгүй, нөгөө хэсэг нь нэмүүлэх гэж тэмцэж байгаа мэт ойлголт төрүүлдэг, энэ нь яваандаа улстөржилт болж хувирдаггүй байх нь чухал. Цаашид жил бүр төсөв хэлэлцэх үед л асуудлаа оруулж ирдэг байх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд онцлов. Энэ үг ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд, Засгийн газартай хамтран ажилладаг түншүүдэд хамаатай, шударга, үр дүнтэй, ил тод, ойгомжтой, бодитой байх  зарчмыг тогтоох чиглэлээр аль аль нь үлгэр дууриал үзүүлэх ёстой гэдгийг ч тодотголоо.

Боловсрол, соёл, эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлынхан гээд мянга мянган төрийн албан хаагчийн цалинг нэмснээс гадна иргэдийн орлого багатай энэ хүнд үед тэтгэвэр, зарим тэтгэмжийн хэмжээг ч нэмж буян үйлдсэнд нэн талархаж байгаагаа МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Ганбаатар хэлэв. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрээр тохирсон зүйлсийг ажил хэрэг болгох нь 1998 оноос хойш зогсонги байсан. Тэгвэл С.Батболдын гэх тодотголтой энэ Засгийн газрын үед хэлэлцээр, хэлэлцээрээс гаргасан шийдвэрийг Засгийн газар, УИХ анхаарч, тоодог, бодит ажил хэрэг болгодог боллоо. Үүний төлөө Ерөнхий сайд С.Батболд тууштай  байж  чадсан төдийгүй энэ Засгийн газар төсөв хэлэлцэх үед 3 талт хэлэлцээр хийдэг жишиг тогтоосон  гэдгийг С.Ганбаатар онцлон тэмдэглэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай асуудлаа цаашид төсөв хэлэлцэх үед Засгийн газарт тавьж байх ёстой гэж Ерөнхий сайд хэлснийг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн бөгөөд үүний дүнд цалин, тэтгэврийн хэмжээг 2008 оны түвшингээс дунджаар 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр өсгөх зорилт тавьснаа биелүүллээ. Засгийн газар эхний ээлжинд ийнхүү цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмсэн бол 5 дугаар сарын 1-нээс мөн дахин тодорхой хувиар нэмэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд Японд айлчилна
Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна
Монгол Япончуудын харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ
Иргэний нийгмийн төлөөлөл төр засагтайгаа анх удаа өргөн хүрээтэйгээр хамтран хуралдаж байна
С.Батболд: Ардчиллыг дэмжих Монголын итгэмжлэгдсэн сан байгуулах санаачилгыг дэвшүүлж байна
ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСАНДАА ХҮРЧ ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ НЭМЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан