Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр буюу 2012 оны гуравдугаар сарын 11-ний энэ өдөр эхэлж байна. Энэ нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буй өндөр дээд хэмжээний айлчлал юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон хэтийн зорилт, ялангуяа уул уурхай, эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй, байгаль орчин, хүний нөөцийн салбарт хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан тодорхойлох, Монгол, Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогц хэлбэрээр хөгжүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах тухай албан ёсны хэлэлцээг эхлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн тогтворжилт, хөгжлийг дэмжих зээлийн төслийн 2-р ээлж болох Нийгмийн халамжийн салбарт зориулсан 20 сая ам.долларын зээлийн 1 төсөл, мөн буцалтгүй тусламжийн 3 төслийг хэрэгжүүлэх асуудлыг тохиролцож шийдвэрлэхэд чиглэж байгаагаараа айлчлал ач холбогдолтой юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Угсаа залгамжлах Хунтайж Нарухитод бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нода-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи болон Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд К.Гэнба, Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.
Түүнчлэн Японы Эдийн Засгийн байгууллагуудын холбоо (КЭЙДАНРЭН)-ны удирдлага болон Япон Улсын томоохон компанийн төлөөлөгчидтэй хийх уулзалт айлчлалын хөтөлбөрт мөн багтсан бөгөөд Монголын нүүрс, уран, газрын ховор элементийн орд газруудыг хамтран ашиглах, эрчим хүч, төмөр зам зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх бололцоо нөхцөлийн талаар санал солилцох юм.
Ерөнхий сайд Японы “NHK” телевиз болон Никкэй, Санкэй, Майничи сонинд ярилцлага өгнө.
Мөн Ерөнхий сайд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцааны тогтоосны 40 жилийн ойд зориулан гаргаж буй шуудангийн маркны нээлтийн ёслолд оролцож, маркны дээжийг Япон Улсын Ерөнхий сайдад гардуулна. Ерөнхий сайд Осака мужид зочилж, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтэд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.