УИХ-ын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг энэ оны 2 дугаар сарын 1-нээс тооцон нэмэх боллоо. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн цалинг энэ сард багтаан нөхөн олгох бөгөөд төрийн албан хаагчид эхний ээлжинд 80 мянган төгрөгийн нэмэгдэл цалин авах юм.
Засгийн газар энэ онд цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 удаа нийтдээ 50 гаруй хувиар нэмэхээр төлөвлөсөн бөгөөд үүний дүнд цалин, тэтгэврийн хэмжээг 2008 оны түвшингээс дунджаар 2 дахин, түүнээс илүү хэмжээгээр өсгөх зорилт тавьснаа ийнхүү биелүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2 дугаар сарын 1 болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс гэж үе шаттай нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ нь өнөөдөр батлагдсан төсвийн тодотголоор биелэлээ оллоо. Засгийн газар энэ талаар гурван удаа хэлэлцсэн бөгөөд 2 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас хуулиудын төслийг УИХ-д нэн даруй өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Засгийн газар төсвийн тодотгол хийхдээ энэ оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг үе шаттай нэмэх хугацааг наашлуулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарчим баримталсан юм. Улсын төсөвт 161.5 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн төсөвт 13.9 тэрбум, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байсныг ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанаас баталлаа.