Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар Кентийн Эрхэм дээд Хунтайж Майкл манай улсад айлчилж байгаа. Тэрбээр одоогийн Хатан хааныг төлөөлж гадаадын чухал арга хэмжээнд оролцдог нэгэн юм. Хунтайж Майкл 2012 оны 4 дүгээр сарын 17-ны энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхлаа. Урилгыг нь хүлээн авсан Хунтайжид Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол оронд тавтай зочлохыг урилаа. Монгол Английн харилцааг ялангуяа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд дурдаад хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ.
Монголын Хөрөнгийн биржтэй Лондонгийн Хөрөнгийн бирж хамтран ажиллаж байгаа болон Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийн сургалтдаа Кембрижийн боловсролын хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж эхэлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Эрхэм дээд Хунтайжийг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол оронд анх удаагаа зочилж байна, сэтгэгдэл өндөр байгаа гэдгээ Хунтайж энэхүү уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд боломжоо дайчлан ажиллана гээд өөрийн зүгээс Монголд ямар хөрөнгө оруулалт хийж болох талаар судалж байгаа гэдгээ Хунтайж хэллээ.
Английн одоогийн Хатан хаан хоёрдугаар Элизабетын аав болон Майкл Хунтайжийн аав төрсөн ах дүүс бөгөөд Майкл 5 дугаар Жорж хааны дөрөв дэх хүү Кентийн гүн Жоржийнд төржээ. Түүнийг төрөхөд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рузвелт загалмайлж, Майкл Жорж Чарльс Франклин хэмээн нэр өгсөн гэдэг. Хунтайж Майкл ихэнх цагаа төрийн бус байгууллага болон олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг дэмжихэд зориулдаг төдийгүй Хатан хааныг төлөөлж гадаадын чухал арга хэмжээнүүдэд оролцдог байна. Түүний манай улсад хийж буй айлчлал энэ сарын 14-нд эхэлсэн бөгөөд тэрбээр өөрийн орны болон олон улсын томоохон компаниудын төлөөллийг дагуулан иржээ. Кентийн Хунтайжийн айлчлал маргааш өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.