~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Энэ өдөр Засгийн газар 24 асуудал хэлэлцэж 13 асуудалтай танилцан холбогдох шийдвэр гаргажээ ~
Монгол Улсын Засгийн газрын өр 9.6 тэрбум ам.доллар хүрсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өмнө нь мэдээлж байсан нь ташаа ойлголт. Гадаад өр зохистой хэмжээнээс хэтрээгүй, өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар хэллээ. Нийт гадаад өрийн 2.2 тэрбум ам.доллар нь Засгийн газарт хамааралтай бөгөөд үлдэх 7.4 тэрбум ам.доллар нь хувийн хэвшил, түүн дотроо банк, банк бус байгууллагын өр байгаа гэдгийг Монголбанкны албан ёсны мэдээлэлд дурджээ.
Засгийн газар өнгөрсөн онд 257.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авч ашигласан бөгөөд өрийн үлдэгдэл 2011 оны гүйцэтгэлээр 2,650.9 тэрбум төгрөг байна. Нийт зээлийн үлдэгдлийн 66.2 хувийг төслийн, 21.6 хувийг санхүүгийн, 10.3 хувийг автозамын, 1.6 хувийг хөтөлбөрийн зээл, үлдсэн 0.3 хувийг Олон улсын валютын сангийн зээл эзэлж байгаа тухай Сангийн яамны танилцуулгад дурдсан байна. Тэгвэл дотоод өрийн үлдэгдэл мөн оны гүйцэтгэлээр 503.3 тэрбум төгрөг болжээ. Төсвийн алдагдал, улирлын чанартай дутагдал болон орон сууц, жижиг, дунд үйлдвэр, ноос, ноолуурын салбарыг дэмжих, зарим ажлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн онд 358.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гарган арилжаалж, эргэн төлөлтөд 20 тэрбум төгрөг төлсөн байна. Засгийн газрын нийт өр өнгөрсөн онд 3,154.2 тэрбум төгрөг болжээ.
ӨМНИЙН ГОВЬД НҮҮРС ХЭРХЭН ТЭЭВЭРЛЭЖ БАЙГААГ ШАЛГАЖЭЭ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж байгаа 13 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг сайд Т.Ганди Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дээрх аж ахуйн нэгжүүдэд ололттой болон дутагдалтай тал аль аль нь байна. Цаашид гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгжүүд, ялангуяа Цогтцэций сумаас Гашуунсухайт боомт хүртэлх чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа явцад мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын талаар дүгнэлт гаргаж, хариуцлага тооцох нь зүйтэй гэж сайд Т.Ганди хэллээ.
Мөн гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах, хууль, тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцуулгад дурджээ. Түүнчлэн гадаадын ажилчдаар нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Эдийн засгийн цагдаагийн газар болгон өргөтгөх, нийгмийн даатгал, хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэх, төрийн үйлчилгээний нэг цэгийн төв ажиллуулах, Оюутолгой, Тавантолгойн төслүүдийн хүрээнд хүнд даацын жолооч, оператор нарыг тусгайлсан сургалтаар бэлтгэж мэргэшүүлэх нь зүйтэй гэдгийг сайд Т.Ганди танилцуулгадаа санал болгожээ.
СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ 70 МЯНГА ОРЧИМ ИРГЭН ГАДААДАД АМЬДАРЧ БАЙНА
“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам”-ын төслийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцууллаа. Төсөлд Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт 40 Дипломат төлөөлөгчийн газарт иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комисс, салбар комисс байгуулах, тэдгээрийн чиг үүрэг, сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, танилцуулах, санал авах ажлыг зохион байгуулах, саналыг нууцлалыг хангах зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулжээ.
Журмын төслийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Гадаад харилцааны сайдын хамтарсан тогтоол, тушаалаар батлахаар төлөвлөсөн байна. Төсөлд тусгаснаар сонгуулийн эрх бүхий иргэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө тухайн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт ирж бүртгүүлэх ёстой. Иргэд санал өгөхдөө өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсвэл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэж хуудсаа дугтуйд битүүмжлэн саналын хайрцагт хийх юм. Гэхдээ сонгогч бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс хамаарч саналаа биечлэн өгөх боломжгүй бол итгэмжлэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болохыг журамд тусгаад байна.
Салбар комисс иргэдийн саналыг санал хураалт дууссан өдрийн дараагийн өдрийн дотор Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх зэргийг ч нарийвчлан тусгажээ. Өнөөдрийн байдлаар гадаадад сонгуулийн эрх бүхий 70 мянга орчим иргэн байгаа бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд 33 мянга гаруй хүн хамрагдаад байна.
ИРЭХ ЖИЛҮҮДЭД ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
Засгийн газрын хуралдаанаар эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ирэх 5 жилд манай улс хүнээ хөгжүүлэх, ажиллаж, амьдрах аюулгүй таатай орчныг бүрдүүлэх, хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлэн эдийн засгаа бүсчлэн хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгохоор төлөвлөжээ. Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд үйлдвэрийн суурийг тавин боловсруулах үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх юм. Түүнчлэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлнэ гэж тэргүүлэх чиглэлд тусгаад байна.
Мөн хуралдаанаар “Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үндсэн чиглэлийг Өсөлтийн үр шимийг нийгмийн бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн болон Хүнд өгөөжтэй нийгмийн бодлого, Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, Гадаад бодлого, батлан хамгаалах гэсэн бүлэгтэй байхаар боловсруулсан байна. Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, шинэ Засгийн газрын ажлын эхлэл болохоор төлөвлөн боловсруулснаараа онцлог юм.
“ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
“Хөдөөгийн хөгжил” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөтөлбөрийг эхний ээлжинд 2012-2015 онд хэрэгжүүлж хөдөөгийн өрхийн бодит орлогыг 2010 оны түвшингээс 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах зорилт тавьж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр малчин өрхийн амьжиргаа нь байгаль цаг уур, түүхий эдийн үнэ, ханшийн өөрчлөлтөөс хэт хамаарах хамаарал багасч, хөдөөгийн иргэд нийгмийн суурь үйлчилгээг жигд хүртэх нөхцөл бүрдэнэ.
Мөн бүх сум, зарим томоохон баг, тосгон байнгын эрчим хүчээр хангагдаж, иргэд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг бүрэн хүртэх боломжтой болох юм. Түүнчлэн сум өөрийн санхүүгийн эрх мэдэлтэй болж, орлогоо бүрдүүлэн зарлага, санхүүжилтээ иргэдийн оролцоотой төлөвлөн баталж хэрэгжүүлдэг болох зэрэг зорилтыг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДААС ШАЛТГААЛАН АЖИЛ УДААШИРЧЭЭ
“Халх гол” төсөл болон баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай танилцууллаа. Сайд Т.Бадамжунайн танилцуулгаас үзвэл Халх голын сав газарт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй тогтвортой эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн ч орон нутгийн удирдлагуудаас болж цаг алдаж байна. Тухайлбал аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд 50 орчим мянган га талбайд тариалан эрхлэх хүсэлт гаргасан ч аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргаагүй байна. Мөн Халх гол сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах ёстой ч зураг төслийн ажил нь хийгдээгүй байгааг сайд Т.Бадамжунай хэллээ.
Үүнтэй холбогдуулан “Халх гол төслийг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах зураг төсвийн болон шинэчлэн засварлахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. “Халх гол” төслийн хүрээнд Халх голын бүс нутагт ашиглалтгүй байсан 30,0 мянган га атаршсан талбайгаас 19,8 мянган га талбайг хуулийн дагуу эзэмшүүлж эргэлтэд оруулжээ. Мөн өөрийн техникгүй жижиг аж ахуйн нэгж болон өрхийн тариалан эрхлэгчдийг техникийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор нэг тэрбум төгрөгөөр Техник үйлчилгээний дундын төв байгуулан ажиллаж байна.
2011 онд 6 аж ахуйн нэгж 9 орчим мянган га-д үр тариа тариалж, 13 мянган га-д уриншийн боловсруулалт хийснээр энэ онд 15 мянган га-д үр тариа тариалж, 15,0 мянган га-д уринш боловсруулалт хийх боломж бүрдсэн байна. Энэ нь төсөл хэрэгжихийн өмнөх жилтэй харьцуулахад 3,3 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Тэгвэл баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх зорилгоор 2010-2012 онд нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс гадна “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 500 сая төгрөгийн зээлээр Увс аймагт жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Мөн жимс, жимсгэний суулгац үржүүлэгчдийг дэмжих зорилгоор 2010-2012 онд Увс аймгийн иргэн, аж ахуйн нэгжээс 1,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 880 мянган ширхэг чацарганы суулгац худалдан авч бусдад олгосон байна.
“АГААРЫН ТЭЭВРИЙГ ХЯЛБАРШУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд зайлшгүй буулт хийсэн тохиолдолд хилийн хяналтыг гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах зохицуулалт бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулан баталгаажуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын паспорт хяналтын нэгдсэн сүлжээний программ хангамжийг сайжруулах, шаардагдах хөрөнгийг шуурхай шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
Түүнчлэн агаарын тээврийг хялбаршуулахтай холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээ нь аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох, үнэлгээ өгөх боллоо. “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр” 181 заалттай бөгөөд 2011 оны байдлаар 154 заалт бүрэн хэрэгжиж, 21 заалт 30-90 хүртэл хувийн биелэлттэй, 6 заалт хэрэгжээгүй байна. Хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 92 хувьтай гэсэн тооцоо гарчээ.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний дөрөв дэх хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоол гарахаар боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Шадар сайд М.Энхболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгалаа. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх, эрсдэл өндөртэй салбаруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр боловсруулж, баталж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2013 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.
ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА
ОХУ-ын Москва хотноо энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан “Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. 2009 онд манай 46 мянга гаруй иргэн ОХУ-ын хилээр нэвтэрсэн бөгөөд 77 орчим хувь нь тухайн улсад бүртгэлд хамрагджээ. Тэгвэл манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ тоогоор ОХУ хоёрдугаар байрт ордог байна. ОХУ-ын иргэд ихэвчлэн уул уурхай, боловсролын салбарт ажилладаг гэсэн судалгаа гарчээ. 2011 оны эцсийн байдлаар тус улсын 1000 гаруй иргэн манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан байна.
Энэ нь иргэдийн шилжих хөдөлгөөн хоёр улсын нийгэм, эдийн засагт ач холбогдолтойг харуулж байгаа төдийгүй иргэдийн эрхийг хангахад чиглэгдсэн зохицуулалтыг бий болгох шаардлагатай болсныг харуулж байгаа юм. Иймээс дээрх хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр хоёр улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ болон хувь хүний хөдөлмөрлөх эрхийг хангах боломж бүрдэж байна.
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан, “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ хийж, цаашид баримтлах бодлого, арга хэмжээний саналын хамт Засгийн газарт оруулахыг сайд Т.Бадамжунайд даалгалаа. Мөн хуралдаанаар “Чацаргана“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаад дэвшүүлсэн шалгуур, үзүүлэлтийг хангахад шаардлагатай арга хэмжээг дэмжихэд зориулсан хөрөнгийг улсын төсөвт нэмж тусгахыг сайд Т.Бадамжунай, Д.Хаянхярваа нарт даалгалаа.
Мөн чацарганы байгалийн нөөцийг шинэчлэн тогтоох, генефонд байгуулах, чацарганаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний биохимийн найрлага, бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл, хүний бие махбодид үзүүлэх нөлөө зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээ, клиник судалгаа хийх төслийг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж байхыг сайд Ё.Отгонбаярт даалгажээ.
БАЯНХОНГОР АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЖЭЭ
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэнгийн нурууны дөрөвдүгээр багийн малчин Н.Амарсанаагийн улаан зүсмийн ингэ ихэрлэсэн байна. Монголчууд мал сүрэг, тэр дундаа тэмээ ихэрлэхийг ихэд бэлэгшээдэг юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай ихэр ботгоны зургийг Монгол Улсын Ерөнхий сайдад Засгийн газрын хуралдааны дараа хүлээлгэн өгч, ихэр ботго эсэн мэнд бойжиж байгааг дуулгалаа. Өмнө нь тус аймгийн Баян-Овоо сумын малчин Т.Содномдаржаагийн хотонд таван ихэр, Бууцагаан сумын Баянбүрдийн багийн малчин Б.Баяндэлгэрийн хотонд дөрвөн ихэр хурга мэндэлсэн юм. Үүнээс гадна Төв аймгийн Баян-Өнжүүл сумын гуравдугаар багийн малчин Ч.Ганболдын хотонд гурван ихэр тугал, Архуст сумын Ноён шанд нэгдүгээр багийн малчин С.Жадамбын хотонд таван ихэр ишиг бойжиж байна.
ТОВЧ МЭДЭЭ
- Засгийн газрын хуралдаанаас Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо. Д.Гэрэл өмнө нь Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Р.Болд Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод байгаа юм.
- “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 2011 оны хэрэгжилтийн явцтай танилцаад гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д танилцуулахаар боллоо.
- Чойр-Сайншанд чиглэлийн 176, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын ажил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралт хийх зэрэг ажилд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахаар тогтлоо. Гадаадын ажилчид, мэргэжилтнүүдийг энэ онд багтаан буцаан гаргах юм байна.
- УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн санаачлан боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
- УИХ-ын гишүүн А.Тлейхан нар цэцэрлэг, сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заал шинээр барих тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Төслөөр шийдвэл 2012-2015 онд боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт жил бүр 300-400 тэрбум төгрөг болж, төсвийн ачаалал их хэмжээгээр нэмэгдэхээр байна. Иймээс хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийхдээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсвийн орлогод нийцүүлж, жил бүр улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар боллоо.
- “Цэргийн дайчилгааны нөөцийн материал хэрэгслийн үзлэг явуулж байх тухай”, “Цэргийн хувцас өмсөх дүрэм батлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжиж холбогдох саналыг уламжлахаар тогтлоо. Мөн хар тамхи, мансууруулах бодисын эсрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж Ерөнхийлөгчөөс “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжлээ.
- УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
- “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг баталлаа. Аж ахуйн нэгжүүд нэгдэх, нийлэх, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авснаар зах зээлд төвлөрөл бий болж, өрсөлдөөнийг хязгаарлах, үгсэн хуйвалдах, өрсөлдөгчийг зах зээлээс шахан гаргах зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг тул үүнээс сэргийлж дээрх журмыг гаргасан байна.
- “Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” болон Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголтын банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хэлэлцээрийн хүрээнд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
- Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны 12 дугаар сарын гүйцэтгэлээр 4.159.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 118.3 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар давж биелжээ. Энэ нь 2010 оны мөн үеийнхээс 1.037.1 тэрбумаар буюу 33.2 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдсэн төсвийн зарлага урьдчилсан гүйцэтгэлээр 5.056.8 тэрбум төгрөг зарцуулахаас гүйцэтгэлээр 4.792 тэрбум төгрөгт хүрсэн байна. Зарлагын 94.8 хувийг санхүүжүүлжээ
- 2012 оны 4 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх-ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дөрөвдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрөв.
- Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын тухай сайд Д.Зоригт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бичил уурхайн үйл ажиллагааны хамрах нутаг дэвсгэрийн хүрээ, бичил уурхайчдын тоог харгалзан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан энэ асуудлыг хариуцсан хүн ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ. Бичил уурхайчдад ногдуулах албан татварын хувь, хэмжээг бууруулах талаар гарч байгаа санал, хүсэлт болон энэ заалт хэрэгжихгүй байгаа шалтгааныг судлан шаардлагатай бол хуулийн уг заалтыг өөрчлөх талаар санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
- Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын хөрөнгө оруулалтын эх үүсвэрт зориулж 800 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор боллоо. Зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хугацаанд нь эргүүлэн төлөхийг Засаг дарга Ц.Жанлавт даалгав.
- Говь-Алтай аймгийн Тайшир, Дорноговь аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт байгуулсан Газар хөдлөлтийг судлах сүлжээ станц байрладаг газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Тусгай хэрэгцээнд авсан газрын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуулын талбайн эвдэгдсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авахыг аймгуудын Засаг дарга нарт даалгажээ.
- Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Бутачийн Цогийн, Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнг Монгол Улсын Төрийн шагналт, академич Шагдарын Цэгмидийн, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Ядамын Мөнхчулууны нэрэмжит болгохоор тогтлоо.
- Жүдо бөх, софт теннис, самбо бөхийн дэлхийн цомын аварга, шатар, кураш бөх, бүстэй бөхийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад нийт 187 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. Дээрх тэмцээнүүдэд манай60 тамирчин, 7 дасгалжуулагчийн хамт оролцож медаль хүртсэн байна.