Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох "Аялал жуулчлал-ХХI зуун" үндэсний чуулган 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордонд эхэллээ. 2011 онд Ази Номхон далайн орнуудад ирсэн гадаадын жуулчдын тоо 11 саяар нэмэгдэж 216 саяд хүрчээ. Харин сүүлийн 3 жилд Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувь, аялал жуулчлалаас олсон орлого 32,5 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.долларт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж байгаа төдийгүй, энэ салбарт 25 мянга орчим ажлын байр бий болоод байна.
Аялал жуулчлалын салбарын энэхүү өсөлтийг даган шийдвэрлэх ёстой олон асуудал урган гарсаар байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ тэмдэглээд тодорхой асуудлаар өөрийн санал бодлоо хуваалцлаа. Тэрээр нэн түрүүнд аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хэлээд үндэсний шинэ хөтөлбөр боловсруулж, батлуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө. Түүнчлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбарын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга ихээхэн санаачилга гарган хамтран ажиллаж ахиц дэвшил гаргах цаг болсныг хэллээ.
Нөгөө талаас аялал жуулчлалын их түрэлтийг дагалдан хууль бус мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис түгээх зэрэг улс үндэстэн дамнасан гэмт хэрэг, нийгмийн шинж чанартай өвчин дэлгэрч байгааг бодлого, үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхааруулж байлаа. Мөн тэрээр гайхамшигт өв соёлоо хадгалан хамгаалах, сэргээн засах, шинэчлэн бүтээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, сурталчлан алдаршуулахад хангалттай ажиллаж чадаагүй байгааг шүүмжлээд байгаль, соёлын өвийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулж, аялал жуулчлалын дорвитой бүтээгдэхүүн бий болгох, үндэсний соёлын парк, палентеологийн орд болон томоохон археологийн дурсгалт газруудад нээлттэй музей түүх, соёлын томоохон цогцолборууд барьж байгуулах асуудлыг Ерөнхий сайдын хувьд дэмжих болно гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Аялал жуулчлал XXI зуун” үндэсний чуулганаас гаргасан санал, санаачилгыг Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаж, анхаарч ажиллана болно гэдгээ хэллээ.