“Петровис”, “Жаст ойл”, “Магнайтрейд” зэрэг шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийхээ үнийг өчигдрөөс литр тутамд 100 хүртэл төгрөгөөр буурууллаа. Үүнээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард 80, хоёрдугаар сард 50 төгрөгөөр тус тус хямдруулсан бол өчигдөр дахин 100 төгрөгөөр үнийг нь буулгалаа. Ингэснээр шатахууны үнэ өнгөрөгч нэгдүгээр сарын түвшиндээ очиж байгаа юм байна. Төгрөгийн ханш чангарч буйтай холбоотойгоор нефть импортлогчид үнээ бууруулж байна гэж салбарын яамныхан тайлбарлаж байгаа төдийгүй шатахууны үнийг ойрын саруудад тогтвортой байлгахын төлөө ажиллана гэдгээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард шатахууны үнэ 260 төгрөгөөр нэмэгдэж иргэдийн дунд багагүй бухимдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр баталж, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллаж байгаа юм. Энэ хөтөлбөр эхнээсээ үр дүнгээ өгч төгрөгийн ханш чангарч, шатахууны үнэ буурч эхэллээ. Махны үнэ ч өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулбал 400-500 төгрөгөөр хямдраад байна. Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаас махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг нь бууруулах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг нь иргэдэд мэдээлж, Засгийн газарт танилцуулж байхыг салбарын яам болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон билээ.