Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН ЗАРИМ АЙМАГТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ӨВС ТЭЖЭЭЛ ОЛГОНО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.04.10 /
Улсын онцгой комисс 2012 оны 4 дүгээр сарын 10-нд өдөр хуралдаж мал хаваржилт, төл бойжилтын байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Зарим аймгийн нутгаар цас орж хаваржилт хүндрэх нөхцөл үүссэнтэй холбогдуулан тухай орон нутгийн удирдлага, малчид иргэдээс улсын нөөцөөс хямдралтай үнээр болон тусламж хэлбэрээр өвс тэжээл авах саналыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Улсын онцгой комисс ирүүлсэн байна.

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс аймгуудад хаваржилт хүндэрч мал болон төл мал хорогдох, эх мал түүний дотор ямаа ихээр хээл хаях нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай байгаа тул Улсын онцгой комисс улсын нөөцөөс өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох нь зүйтэй гэж үзлээ.

Ингэхдээ дээрх аймгуудад Улсын нөөцөөс өвс 3903,56 тонныг тусламж хэлбэрээр, малын тэжээл 1695,56 тонныг нөөцөд бэлтгэсэн үнийг 50 хүртэл хувиар хямдруулан олгож, өвс тэжээлийн үнийн зөрүү болох нийт 857,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан холбогдох яамдаас санал авч маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Улсын онцгой комиссын дарга Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо.

Мөн тэрээр цаашид байгаль цаг уурын гэнэтийн аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, дотоодын дуут дохиог сайжруулах, цаг агаарын хүндрэлтэй үед малчид хашаа, саравчиндаа хаалт хийх, малаа ойр хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдахаас сэргийлэхийг анхаарууллаа. Өнгөрсөн намар улсын хэмжээнд нийтдээ 1,2 сая тонн байгалийн хадлан тэжээл бэлтгэж одоогийн байдлаар 954 мянган тонн өвсийг зарцуулжээ. Малчид аймаг, сум, улсын нөөцийн салбаруудад 246,0 мянган тонн өвсний үлдэгдэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  өнгөрсөн амралтын өдрүүдэд мал төллөлттэй танилцаж, Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба-Очирынд очих үеэр улсын хэмжээнд мал төллөлт 50 орчим хувтай,  энэ жилийн онцлог нь ихэр төл их байгааг бэлэгшээн ярьж байсан юм. Өнөөдрийн Улсын онцгой комисс дээр ч нийт төлөлсөн малын 7 хувь нь ихэр төлтэй байгааг ярьж  байна. Тухайлбал Төв аймгийн Баяр-Өнжүүл сумын 3-дугаар багийн малчин Ч.Ганболдын хотонд 3 ихэр эр тугал, Архуст сумын Ноён шанд нэгдүгээр багийн малчин С.Жадамбын хотонд таван ихэр ишиг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин Ч.Мөнхбаярын хотонд 5 ирэх хурга гарч эсэн мэнд бойжиж байна.

Мэдээний бүлэг: Шадар сайд , Онцгой комисс ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН” ХУВЬЦААГ ИРГЭДЭД ЭЗЭМШҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
АРД ИРГЭДИЙГ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Орон сууцны тухай мэдээллийг иргэд бодитоор хүлээн авна
ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, САЙН САЙХАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЦАГ ЗАВ ГАРГАХЫГ УРИАЛЛАА
Засгийн бодлого малчны хотонд бодитоор буужээ
ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗАМ, ГҮҮРИЙН АЖЛЫН ЖАГСААЛТЫГ БАТЛАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан