Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ч.ХҮРЭЛБААТАР: ТЭТГЭВЭР ХАМГИЙН БАГАДАА 23 ХУВЬ, ЗАРИМ ХҮНИЙХ 3 ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙГАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.04 /
Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчиллээ. Тэтгэвэрт ямар өөрчлөлт гарч байгаа вэ?    

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний дагуу ахмадуудын тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс эхлэн 35 мянган төгрөгөөр, 5 дугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж 2012 оны төсөвт тусгасан. Мөн үүний зэрэгцээ УИХ-ын хаврын чуулганаар тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж тэтгэврийн зөрүүг арилгах  шийдвэр гаргасны дагуу Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталлаа.

Ингэхдээ 1995 оноос өмнөх хугацааны цалин хөлс, орлогоо сонгон тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн хэмжээг дээрх  хуульд орсон өөрчлөлтөөр 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхэлж байсан ажил албан тушаал, шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн нөхцөл  ижил иргэдийн тэтгэврийн хэмжээтэй тэнцүү байхаар дүйцүүлэн гаргалаа. Үүний дагуу тэтгэвэр нь янз янзаар нэмэгдэж, хамгийн багадаа 23 хувь, зарим хүнийх 3 дахин нэмэгдэж байгаа тохиолдол бий. Тухайлбал 1987-1991 оны цалингаас бодож тэтгэврээ тогтоолгосон автобусны жолоочийн тэтгэврийн хэмжээ 140300 төгрөг байсан бол одоо 282.0 мянга болж хоёр дахин нэмэгдэж байгаа.

Мөн Ховд аймгийн харъяат барилгын архитектур мэргэжилтэй хүн 1995 оноос өмнөх цалингаас бодож 140300 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол дээрх хуулийн өөрчлөлтөөр өнөөдөр 400 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч үндсэндээ гурав дахин нэмэгдэж байгаа юм. Дунджаар аваад үзэхэд 1995 оноос өмнөх цалин хөлснөөсөө тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн тэтгэвэр 63 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэгэхээр  энэ удаагийн Засгийн газрын шийдвэрээр ижил төстэй мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн зөрүүг үндсэндээ бүрэн арилгасан гэж хэлж болно.

Үүнээс гадна хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180300-аар тогтоосон. Харин хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 145200 болгож өөрчиллөө. Өөрөөр хэлбэл одоогийнхоос тус тусад нь 40 мянгаар нэмэгдүүлсэн. Тэгэхээр ахмадуудын хувьд тэтгэврийн зөрүүг арилгасан, нийгэм эдийн засгийн бодит байдалд дүйцэхүйц хэмжээний тэтгэвэр авах боломж бүрдлээ. Мөн одоо ижил төрлийн мэргэжилтэй мөртлөө 1995 оноос өмнө, хойш тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгасан зарчмын томоохон шийдэлд хүрлээ.

Төрийн албан хаагчдын цалинг  50 гаруй хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл энэ нь инфляцыг гүйцэхгүй байна гэсэн шүүмжлэл байна?

Цалинг энэ оны 2 дугаар сарын 1-нээс 80 мянгаар төгрөгөөр, 05 сарын 1-нээс эхлээд 23 хувиар нэмэгдүүлж, дунджаар төрийн албан хаагчийн цалин 53 хувиар нэмэгдэж, Монгол Улсын хэмжээнд цалингийн дундаж хэмжээ 630 мянга болж байгаа юм. Мэдээж үүнээс доош цалин авч байгаа иргэд байгаа, ихийг ч авч байгаа хүн бий.

Үүнээс гадна Засгийн газар Тавантолгой хувьцаатай холбоотой шийдвэр гаргалаа. Иргэд энэ сарын 20 гэхэд хувьцаагаа авах уу, зарах уу гэдэг сонголтоо хийх нь. 20 хоногийг дотор хувьцаагаа худалдах хүмүүсийг бүртгэж амжих уу.

Цаг хугацааны хувьд шахуу байгаа. Гэхдээ манай төрийн байгууллагууд энэ ажлыг хугацаанд нь хийх боломжтой гэж мэдэгдэж байгаа. Улс орон даяар явж хүний хөгжил сангийн дэвтэр дээр нь бичилтийг нь хийж, хувьцаагаа сонгох уу, мөнгөө сонгох уу гэдэг ажлыг зохион байгуулна. Үүнд дээр нэмж хэлэхэд Тавантолгойн хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах хугацаа болоогүй байгаа. Ялангуяа ард иргэдийн хувьд хувьцаагаа  брокер диллерийн компанид өгч мөнгө тушаах шаардлага огт байхгүй. Яагаад гэхээр Тавантолгойн хувьцааг хөрөнгийг бирж дээр зарж эхэлснээс хойш боркер диллэрийн компаниар дамжиж иргэд өөрсдөө хувьцаагаа зарах эсэх захиалгаа өгдөг.

Тэгэхээр дор хаяж жилээс, жил хагасын дараа Тавантолгойн хувьцааг хөрөнгийн зах зээл дээр болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах учраас тэр хүртэл мөнгөө брокер диллерийн компаниудад дэмий битгий хадгалуул гэж хэмээр байна. Яагаад гэхээр үүнд хадгаламж зээлийн хоршоотой адил эрсдэл бий.Тиймээс иргэд өөрсдөө эрсдэл гаргачихаад Засгийн газар цаг тухайд нь хэлж анхааруулаагүй гэсэн зүйл ярихаас урьдчилан сэргийлж байна. 

Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа нь тогтворжсон хойно нь Тавантолгойн хувьцааг зарах үйл ажиллагааг хийхгүй бол ард иргэд цаана нь хохирно. Дээр үед ягаан, цэнхэр тасалбар өгчихөөд түүнийгээ сайн тайлбарлаж өгөөгүйгээс олон иргэд хохирч, үүнтэй холбоотой гомдол одоог хүртэл тасрахгүй байна. Тухайлбал Завхан аймгийн брокер диллерийн компанийн н.Бадрах гэж хүн ард иргэдийн хувьцааг хууль бусаар зарчихсан явдал гарсан.  Үүнээс л хамгаалах үүднээс Засгийн газар анхааруулж байгаа юм. Олон улсын хөрөнгийн зах зээл болон дотоодын зах зээл дээр хувьцаа зарах цаг хугацаанаас жилийн өмнө данс нээх замаар мөнгө цуглуулж авчхаад дараа нь ард иргэдийг хохироох вий гэж болгоомжилж байна.

Хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг муу байгаа болохоор иргэд мөнгөө авах уу хувьцаагаа авч үлдэх үү гэдэг шийдвэр гаргахад хүнд байгаа байх.

Ард иргэд сонголтоо хийх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн төмөр замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Мөн Сайншандын аж үйлдвэрийн парк руу чиглэсэн төмөр замын ажлыг эхлүүлнэ. Ингээд Тавантолгойн дэд бүтцийн асуудал шийдэгдээд эхлэхээр ирээдүйд Тавантолгойгоос орж ирэх орлогод иргэд итгэж байвал хувьцаагаа авч үлдэх хэрэгтэй. Үнэхээр өнөөдөр мөнгө нь хэрэгтэй байгаад хувьцаагаа заръя гэсэн тохиолдолд Засгийн газарт худалдах боломжтой. 

Үүнээс гадна сая  Засгийн хуралдаанаар Өмнийн говийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр автозам, эрчим хүч,төмөр замын чиглэлээр хийгдэх ажлыг эрчимжүүлхийг даалгасан тогтоол гаргасан. Энэ нь Тавантолгойн үнэ цэнэ цаашид, ирээдүйд өсөн нэмэгдэх нөхцлийг л хангаж өгч байгаа хэрэг юм.   Түүнчлэн Засгийн газраас тогтоолын дагуу ард иргэдэд хувьцааны талаарх ойлголтыг өгөх, дээр нь хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж байна. 

Мэдээний бүлэг: Сайд нар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Манлайлагч оюутнуудад өөрийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа
Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн захирлыг хүлээн авч уулзлаа
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг практиктай шууд холбоно
Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаан загалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо
БАРУУН БҮСИЙГ ЭРҮҮЛ БҮС БОЛГОН ЗАРЛАХ АСУУДЛЫГ НААШТАЙГААР ШИЙДВЭРЛЭХЭЭ ХЭЛЛЭЭ
Мэндчилгээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан