Энэ бол хэн нэгний өгч буй бэлэг биш, ард түмэн та бүхэн эх орныхоо өөрийн баялгийн эзэн болж байгаагийн жишээ юм шүү хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэн хэлж байна. Ахмад настанууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн эхний ээлжийн 330 мянган төгрөгийг өнөөдрөөс тарааж эхэлж байна. Тус ажил ямархуу янзтайгаар эхэлж байгааг шалгахаар гүйцэтгэх засаглалын тэргүүн хадгаламж банкны урт цагааны хадгаламжийн касс дээр ирсэн нь энэ. Мөнгөө авахаар иргэд өглөөний 6 цагаас эхлэн дугаарлан зогсчээ. Тус мөнгийг олгох санхүүжилт хангалттай, мөн тэд картаар авах боломжтой хэдий ч эдгээр иргэд бэлэн мөнгөөр ингэж авахаа илүүд үзсэн бололтой.
Ахмадууд л болсон хойно юманд яардаг зангаараа ирээд хүлээгээд зогсчлоо гэх тайлбарыг ч дайх нэг нь байлаа. Хүлээлт бий болсноос ийнхүү дараалал ихэссэн, түүнээс биш хамрах хүрээ бага учраас энэ мөнгийг шуурхай өгөх боломжтой гэсээр албаны хүмүүс Ерөнхий сайдыг угтсан юм. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолоор нэг сая төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон билээ. Энэ дагуу Засгийн газар эдгээр иргэдэд нэг сая төгрөгийг дөрөв, тав, зургадугаар сард гурван удаа тэнцүү хувааж олгохоор болж, эхний ажлыг эхлүүллээ.
Одоогийн байдлаар хүндрэл бэрхшээл бага, гурван банкаар дамжуулан олголтыг хийж эхлээд байгаа тухай, нийслэлийн хэмжээнд энэ мөнгийг 100 гаруй мянган иргэн авна гэж мэргэжилтнүүд Ерөнхий сайдад өгсөн мэдээлэлдээ дурьдаж байв. Уг ажлын бүртгэлийн хугацаа ч энэ оны сүүл хүртэл үргэлжлэх бөгөөд 31.1 тэрбум төгрөгийн санхүүжилт Хүний хөгжил санд орж иржээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ бүхэнтэй танилцсаны дараа иргэн Д.Норовсүрэн , Д.Нэргүй, Д.Иш нарт 330 мянган төгрөгийг гардуулан өгсөн бөгөөд эх орныхоо баялагтаа эзэн байж, шударга боломжин дээр авах нөхцөлийг Засгийн газар ийнхүү бүрдүүлж өглөө гэдгийг онцолсон юм. Засгийн газрын тэргүүн дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ мөнгийг бөөнөөр олгох боломжтой хэдий ч инфляци үүсэх аюултай учраас гурав хувааж олгохоор шийдсэн. 45 хоногийн хугацаанд шуурхай өгнө . Тиймээс тэд нэг сая төгрөгөө бүрэн дүүрэн авах боломжтой гэдгийг хэлмээр байна. Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд эдийн засаг 17.2 хувийн өсөлттэй гарсан. Энэ жил ч, ирэх жил ч энэ өсөлт тогтвортой байна гэсэн чиг хандлага байна. Өсөлт хаашаа очих вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч байлаа. Нийгэмд ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна, энэ өсөлт хүн дээрээ наалдаж өгөхгүй байна гэдэг асуудлыг иргэд тавьж байв. Нийгмийн баялгийн шударга хувиарлалтыг яаж хийх вэ гэдгийг хүн болгон ярьж байсан ч тодорхой шийдэл гараагүй байсан. Харин энэ удаагийн УИХ болон Засгийн газар нийт ард иргэддээ нийгмийн баялгийг шударга хуваарилах зарчмыг гаргаж эхлүүлсэн.
Хүний хөгжил сангаар дамжуулан нийгмийн баялгийн хуваарилалтаа нийт 2.7сая иргэндээ шударга боломжин дээр олгодог энэ зарчмыг эхлүүлсэн нь манай Засгийн газрын үйл ажиллагааны чухал үр дүн. Үүнийг эхлүүлэхдээ бид 1.5 сая төгрөгийг ард иргэддээ бэлэн мөнгө,боловсрол, эрүүл мэнд, орон сууц, тэтгэвэр тэтгэмж, хувьцаа гэсэн хэлбэрүүдээр сонголттойгоор олгох боломжийг тавьж өгсөн. Өнгөрсөн хугацаанд нийт иргэддээ 500 мянган төгрөгийг бэлнээр олголоо. Амласан амлалтаа Засгийн газар хийж байна. Үүнийгээ ч сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж дуусгана.
Нэг сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өнөөдрөөс эхэлж олгож байна. Хийсэн гавьяатай ахмадуудаа хүндэлж байгаа хэрэг, мөн түүнчлэн төрөөсөө хайр халамж хүлээж байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ийнхүү түрүүлж өгч байгаа юм. Инфляци, үнийн хөөрөгдлөөс сэргийлж 363 мянган иргэндээ 330 мянган төгрөгийг гурав хувааж ийнхүү олгож байна. Тиймээс нэг сая төгрөгөө дээрхи иргэд маань бүрэн дүүрэн авна, бас зохион байгуулалтайгаар та бүхэнд очино гэдгийг хэлмээр байна.
Энэ олголтын явц ямар байгааг газар дээр нь шалгахаар ирсэн минь энэ. Харин нийт иргэддээ олгох хувьцаа болон түүний сонголтыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж маш тодорхой болгоно. Энэ бүх ажлыг үе шатттайгаар дараалалтай хийж байна гэлээ. 2012 оны 5 дугаар сарын 22-ний байдлаар улсын хэмжээнд 1.464.411 иргэн эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт худалдахаар, 1.0 сая төгрөгийн хишиг, хувийг бэлэн мөнгө хэлбэрээр хүртэхээр 287753 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүсэлтээ гаргаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.