Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү онцолж байна. Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын хаалтын ёслолын ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 30-нд Буянт-Ухаа спорт цогцолбор дээр болж, Засгийн газрын тэргүүн оролцлоо. Энэхүү их наадам нь шинэ залуу тамирчдыг төрүүлэн гаргахын зэрэгцээ иргэдийг биеийн тамир спортоор хичээллэхэд уриалан дуудсан томоохон арга хэмжээ юм гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, “Лондон-2012 “ зуны 30 дугаар олимпийн наадамд оролцох Монгол улсын үндэсний шигшээ баг тамирчдын хувьд томоохон сорилго боллоо гэдгийг тэмдэглэсэн юм.
Түүнчлэн “Монгол улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу биеийн тамир, спортын материаллаг баазыг сайжрулахад онцгой анхаарч биеийн тамирын заалгүй ерөнхий боловсролын сургуулиудыг стандартын заалтай болгож, төв орон нутагт спортын ордон, цогцолборыг шинээр барьж, тоног төхөөрөмж хэрэглэл материалаар хангаж байгаа нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж байна” гээд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн дээдэлдэг ард түмэнтэй улс болохыг гүйцэтгэх засаглалын тэргүүн уриаллаа.
Энэхүү их наадамд спортын 27 төрлөөр нийт 5000 гаруй тамирчин оролцож, өрсөлдсөн байна. Монголын бүх ард түмний спартакиад нэртэйгээр анх 1961 онд зохион байгуулагдаж байсан уг их наадам нь Монгол улсын биеийн тамир, спортын хөгжилд бодитой нөлөө үзүүлсэн хэмээн албаны мэргэжилтнүүд онцоллоо. Хаалтын ажиллагааны төгсгөлд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд олимпийн наадамд оролцох баг, тамирчдаас бие сэтгэлээ бүрэн дайчлан ард түмнийхээ итгэлийг биелүүлж, Монгол улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт өргөн мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхийн ерөөлийг дэвшүүллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.