Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ЦОГТБААТАР ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГССӨН ЗАЛУУСТАЙ “НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-AЖЛЫН БАЙР” СЭДВЭЭР ЯРИЛЦАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.23 /

Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хилийн чанадад суугаа иргэдээ хэрэгцээт мэдээллээр хангах, ялангуяа нарийн мэргэжлийн залуусыг салбарын удирдлагуудтай уулзуулах, тухайн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, боловсон хүчний хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс сар бүр тодорхой сэдвийн хүрээнд эх орондоо эргэн ирж эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон ажил хайж байгаа гадаадад сургууль төгсөгч залуусын төлөөллийг урьж тухайн салбарын удирдлагууд болон холбогдох төр, төрийн бус байгууллагын төлөөлөл болон хувийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзах боломжийг бүрдүүлж, уг уулзалт ярилцлагын талаарх шууд мэдээг видео нэвтрүүлэг бэлтгэх, ярилцлага, сурвалжлага хийх замаар онлайнаар гадаадад байгаа мэргэжил нэгт нөхдөд нь хүргэх зорилготой юм.

Уулзалт ярилцлагыг нээж Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Зөгийн үүр” хөтөлбөр өнөөдрийн байдлаар 1500 гаруй гишүүн өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийн мэдээллийн сантай болсон, 2011 онд гадаадад нарийн мэргэжил эзэмшээд эх орондоо эргэн ирж ажиллаж буй залуусаас 578 иргэн төрийн байгууллагуудад болон Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд ажил хөдөлмөр эрхэлж байна. Мөн тус зөвлөлөөс авсан судалгаанд яам, агентлагуудаас 2012 онд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нийт 7000 орчим нарийн мэргэжлийн боловсон хүчин, ажлын байрны хэрэгцээгээ ирүүлснийг сурталчлан, ажил олгогч болон иргэдийн гүүр болон ажиллаж буйгаа дурдлаа.

Энэ удаагийн уулзалт ярилцлагын Хүндэт зочноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар уригдан оролцож, гадаад сургууль төгсөгч залуустай улс орны хөгжлийн ногоон загвар бодлого, дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл өгч, тухайн салбарт тулгамдаж буй асуудлын талаар чин сэтгэлийн халуун яриа өрнүүллээ.

Тэрээр ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн бодлого гэдэг бол зөвхөн мод тарих, ногоон байгууламжаар хязгаарлагдах асуудал биш, мэдлэгт суурилсан эдийн засаг, бүхэл бүтэн шинэ үеийн шинэ тогтолцоо юм. Манай улс хөгжиж байгаа орны хувьд ногоон эдийн засаг ярих нь эрт мэт боловч эдийн засгийн тогтвортой хөгжлийг байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлоготой заавал цогцоор нь авч үзэх ёстой.

Байгалийн нөөцөө ашиглахдаа дахин нөхөн сэргээгдэх хугацааг тооцож, хамгийн орчин үеийн ногоон технологи ашиглах, байгаль бохирдуулж үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавих, жагсаалт гаргах, тэдэнд технологоо шинэчлэхэд нь зориулж бага хүүтэй удаан хугацаатай “ногоон зээл” олгох, байгаль хамгаалах үйлсэд банк, санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржийг татан оролцуулах, байгаль орчинд ээлтэй ногоон технологи ашиглан үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг эдийн засгийн аргаар урамшуулах зэрэг харилцан бие биенээ дэмжсэн олон талт арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээгдэх хугацааг тооцож хэрэглээгээ зөв зохицуулах, урт хугацаанд байнга ашиглах нөөцтэй байх, байгалаа буцаж сэргэхгүй уналтад орохоос урьдчилан сэргийлэх эдийн засгийн ногоон тогтвортой хөгжлийг хангасан бодлого чухал болохыг онцлон тэмдэглэв.

Тухайлбал бидний зөв зохисгүй хэрэглээ, эрсдэлийн бодлого төлөвлөлтгүйн улмаас Тужийн нарсаа сүүлийн 20 жилийн дотор 85 хувийг нь тайрчихсан байсныг 2000 онд мод нэмж тариад хэзээ дахин нөхөн сэргэх тухай асуухад мэргэжилтнүүд 50-60 жил шаардлагатай гэж байсан. Гэтэл 10 жилийн дараа бүрэн нөхөн төлжсөн. Энэ нь байгальдаа чиглэсэн зөв бодлого явуулж чадвал Монголын байгалийн хөрс сэргэх чадвартай, үржил шимтэй байна гэсэн үг. Гэхдээ нөгөө талаар байгалийн хөрс шимтэй шороон хучлага нь маш нимгэн, эмзэг. Тиймээс бид оройтоогүй дээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй.

Бид ногоон ирээдүй гэхээр өөр өнгийн ирээдүй байх мэт боддог. Үгүй, тэр бол бидний оршихуй эс оршихуйг шийдэх цорын ганц ирээдүй юм. Тиймээс бид өнөөдөр тухайлбал дулааны цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж гэх мэт үйлдвэрт ашиглаж байгаа бүх технологио барууны хөгжилтэй орнуудад ашиглаж буй дэвшилтэт ногоон технологиор солих хэрэгтэй. Ногоон технологи мэдээж үнэтэй, гэвч бид энд үнэтэй үнэгүйн тухай яриагүй, оршихуй эс оршихуйн тухай ярьж байна. Тиймээс бид хийх ёстой, арга замыг олох ёстой. Байгаль орчны салбар бол хамгийн шинжлэх ухаанч салбар. Тиймээс энэ салбарт супер компьютерын хэрэглээ байна, түүн дээр ажиллах өндөр боловсрол, нарийн мэргэжилтэй залуусын оролцоо хамгийн их хэрэгтэй баигааг тэрээр онцлон дурдлаа.

Энэхүү бодлогын хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар шинээр батлагдсан Байгаль орчны багц хуулиудад тодорхой тусгасан ба ялангуяа байгаль хамгаалах үйлст банк, санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж, олон улсын байгууллагуудыг татан оролцуулах талаар гаргасан өөрийн санал, санаачилгын тухай саяхан Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын орнуудын байгаль орчны хүрээний удирдлагуудын бага хурал дээр танилцуулж, тодорхой дэмжлэг авч олон улсын байгууллагуудыг анхаарлыг хандуулж, хамтран ажиллах болсон тухай танилцууллаа.

Уулзалт ярилцлагад Австрали, Япон, Хятад, Тайвань, Франц, Орос, Солонгос зэрэг орнуудад сургууль төгссөн нийт 120 гаруй залуус оролцож тус салбарын бодлого чиглэл болон тулгамдсан асуудлынхаа талаар мэдээлэл, санал бодлоо солилцлоо. Оролцогсдын асуултад тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Доржсүрэн хариулахдаа тус салбар нь нийт 3000 орчим боловсон хүчний багтаамжтай, яам, агентлагийн шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотойгоор жилд 10-15 хувийн өөрчлөлт гардаг. Харин сая шинээр батлагдсан байгаль орчны багц 10 гаруй хуульд өөрчлөлт орсноор усны сав газрууд бий болгох, байгаль орчны аудитын тогтолцоог бий болгох, байгаль орчны нөлөөлөл, стратегийн үнэлгээ хийхтэй холбогдуулан нарийн мэргэжлийн ажлын байрууд олноор бий болох гэж байна. Эдгээр боловсон хүчний шаардлагыг хангахын тулд эхний ээлжинд экологийн ерөнхий мэргэжлээр төгссөн залуусыг давтан сургалтанд хамруулж мэргэшүүлэх замаар шийдвэрлэх мөн гадаадад нарийн мэрэгжил эзэмшсэн залуусыг татан оролцуулах, “Зөгийн үүр” хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлтэй хамтран энэ чиглэлээр шинээр зарлагдаж буй ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах боломжтой гэв.

Уг уулзалт ярилцлагыг хамтран зохион байгуулсан Нийслэлийн хөдөлмөрийн газраас Нийслэлийн хөдөлмөрийн бирж дээрх хөдөлмөрийн дотоодын зах зээлээс нөхөгдөхгүй байгаа нээлттэй ажлын байрны талаарх мэдээлэл болон тус газраас хэрэгжүүлж буй "Гадаадаас буцан ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрөө танилцуулав. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд гадаад улсад сурч, ажиллаж амьдарч байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийг хүргэх, чадавхижуулах, өөртөө болон бусдад ажлын байр бий болгох замаар аж ахуй эрхлэхэд нь туслах, хөнгөлөлттэй зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байгаа тухайгаа танилцуулав.

Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч Д.Хасбаатар "Ногоон технологийн инноваци" сэдвээр илтгэл тавьж, тухайн салбарын залуу эрдэмтдэд тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар салбарын удирдлагуудтай харилцан ярилцаж, санал бодлоо солилцов. Ийнхүү гадаадад сургууль төгсөгчдийн "Ногоон хөгжлийн бодлого - Ажлын байр" сэдэвт уулзалт ярилцлага амжилттай болж өндөрлөв. Цаашид энэхүү уулзалт ярилцлагад оролцогсод Facebook дээр бүлэг үүсгэн салбарын удирдлагуудтайгаа болон мэргэжил нэгт нөхөдтэйгөө байнга харилцаа холбоотой мэдээллээ солилцож, хамтран ажиллахаар болов.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хөтөлбөр ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УУЛЗАЛТ-ӨДӨРЛӨГ БОЛНО
Засгийн газар нийслэлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч байгаа
ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА
С.Батболд: Энэ бол хэн нэгний өгч буй бэлэг биш, иргэн та өөрөө баялгийнхаа эзэн нь учир хувь хүртэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
ЦЭРГИЙН ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан