|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.23 /
|
НАС БАРСАН АЛБАН ХААГЧИЙН АР ГЭРТ ТЭТГЭМЖ ОЛГОНО
Дорнод аймагт гарсан түймрийг унтрааж байгаад түлэгдэн, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Багабишийн ар гэрт тэтгэмж өгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн дэд ахлагч А.Болорсүхийн БНСУ-д эмчлүүлэх зардалд зориулан 240 сая 151 мянган төгрөг гаргахаар болсон байна. Түүнчлэн Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн болон обьектийн түймэрт өртөн орон гэргүй болсон 36 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 04 дүгээр сарын 18-24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот, Халхгол, Хэрлэн сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ суманд түймэр гарсан юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХЫГ ДЭМЖИВ
Арьс, ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тогтоол батлагдвал арьс ширээр нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох, экспортын чиглэлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. Энэ дагуу арьс ширийг дотооддоо гүйцэд боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулж 140 тэрбум, арьс ширээ боловсруулах үйлдвэрт тушаасан махны үйлдвэрийн зээлийн хүүгийн урамшуулалд 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын 1 ширхэг арьсанд 3 мянга, бод малын 1 ширхэг ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТИЙГ СЭРГЭЭН АЖИЛЛУУЛНА
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулахаар боллоо. Институтийн дүрмийг баталсны зэрэгцээ бүтэц, орон тоог баталж мөрдүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас сайд Ё.Отгонбаярт даалгав. Мөн хуралдаанаас төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулийг Улаанбаатар хотод байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх сургуулиудад сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүтэц, орон тоо, дүрмийг батлан мөрдүүлэхийг сайд Ё.Отгонбаярт үүрэг болгов. Мөн ажлын чиг үүргийн тусгай онцлог, ялгаа, нэмэлт ачаалалтай уялдуулан дээрх сургуулиудад ажиллагсдад үндсэн цалингийн нэмэгдэл олгох тухай ч хэлэлцэн шийдвэрлэлээ.
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 80 ХУВЬТАЙ БАЙНА
“Оюутолгой” төслийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгаас үзвэл “Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 18773 хүн ажиллаж байгаагийн 65.8 хувь буюу 12354 нь монгол иргэн байгаа юм. “Оюутолгой” төслийнхөн 2010 оноос хойш манай улсын 2500 орчим томоохон аж ахуйн нэгжүүдтэй 887 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулан бараа, үйлчилгээ авч байна. Танилцуулгатай холбогдуулан цаашид төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” компанид төрийн мэдлийн хувь эзэмших эрхийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн зарчим баримтлахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
Энэ дагуу төсөлд хувь нийлүүлэгч талуудын итгэлцэл, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын талын хувь нийлүүлэгчийн хяналт, оролцоог сайжруулж, “Оюутолгой” компанийн удирдлагын багт төлөөллөө оруулах талаар хэлэлцэн тохиролцох болсон байна. Мөн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан өртөг, зардал нь байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргуулж, тухай бүр нь шийдвэрлүүлэх юм. Түүнчлэн төслийн ажилд хяналт тавих мэргэжлийн багийг хараат бус, хөндлөнгийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, биелэлтэд хяналт тавих боллоо.
Нэр бүхий сайд, агентлагийн дарга нар мөн компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулж, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, ил тод, нээлттэй байх, төслийн ханган нийлүүлэлтэд үндэсний аж ахуйн нэгжүүдийг түлхүү ажиллуулах, боломж, нөхцлийг бүрдүүлэх зарчим баримтлах үүрэг хүлээв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ТОВЧ МЭДЭЭ
- Улсын ИХ Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан байна. Төсөлд “Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж шийдвэрлүүлнэ. Ингэхдээ гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиодолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн, гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” бол гэж өөрчлөхөөр тусгажээ. Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхдийн тэтгэмжийн мөнгө олгох тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө олгох, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн бол Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг дэмжиж байгаагаа төсөл санаачлагчид уламжлахаар боллоо.
- Ерөнхийлөгч мөн Хувь хүний орлогын, Нэмэгдсэн өртгийн, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан байна. Эдгээрийг Засгийн газраас санаачлан боловсруулсан Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед хамтатган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг уламжлахаар тогтов.
- УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Б.Батбаяр, Л.Болд, Х.Тэмүжин нар иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас гадна тариалангийн газар үнэ төлбөргүйгээр өмчлөх эрхтэй байхаар хуулийн төсөл санаачилсан байна. Энэ нь Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үндсэн үзэл баримтлал, зарчимтай нийцэхгүй. Газар тариалан эрхэлж байгаа иргэн нь аж ахуйн зориулалтаар эзэмшиж байгаа газраа давуу эрхээр үнэгүй өмчилж авах нь Үндсэн хуулиар тунхагласан тэгш байдлын зарчим алдагдахад хүргэж байна гэж Засгийн газар үзэн дэмжих боломжгүй гэдгийг уламжлахаар боллоо.
- Төрийн албан хаагч намаас түдгэлзэх бус харин бүрмөсөн татгалзах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцээд Монгол Улсын иргэн төрийн албан хаагч байх эсэхээс үл хамааран сайн дураараа намаас гарах эрх нь нээлттэй, харин төрийн албан хаагчийг намаас гарахыг хуулиар шаардах нь зохимжгүй гэж үзэв.
- УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачлан боловсруулсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов. Мөн Э.Бат-Үүл, С.Баярцогт нарын санаачлан боловсруулсан Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой саналыг уламжлахаар болжээ.
- МУИС-ийг Судалгааны их сургууль болгох талаар гишүүн Д.Лүндээжанцан нарын санаачлан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжлээ. Судалгааны их сургууль болгохын тулд эрх зүй, дэд бүтэц, боловсон хүчин, санхүүгийн орчин бий болгож, МУИС-ийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шаардлагатай удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэн, судалгааг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ёстой юм байна.
- Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. Хэлэлцээрийн дагуу Японоос 5 тэрбум хүртэл иений зээлийг авч ашиглах боломжтой. Зээлийг уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийг санхүүжүүлэхээр урьдчилан тохиролцоод байна.
- 2012 оны I улиралд УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 3723 шийдвэрийн 5642 заалтыг хяналтад авч ажилласан нь 73.7 хувийн биелэлттэй байна.
- “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг УИХ-д танилцуулахаар болов. Мөн “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцлаа.
- Стандартчилал, хэмжил зүйн газрын орон нутаг дахь хүнс, эрүүл ахуй, нян судлал, ургамлын үр, хорио цээрийн лабораторуудыг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын харьяанд шилжүүллээ.
- Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерланд, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан хуулиудыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д хэлэлцүүлэхээр боллоо.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
С.Батболд: Энэ бол хэн нэгний өгч буй бэлэг биш, иргэн та өөрөө баялгийнхаа эзэн нь учир хувь хүртэж байна
|
|
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ЦОГТБААТАР ГАДААДАД СУРГУУЛЬ ТӨГССӨН ЗАЛУУСТАЙ “НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-AЖЛЫН БАЙР” СЭДВЭЭР ЯРИЛЦАВ
|
|
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УУЛЗАЛТ-ӨДӨРЛӨГ БОЛНО
|
|
|
ЦЭРГИЙН ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
|
|
ИХ ГОВИЙН ҮҮЦИЙГ НЭЭХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ ДУНДГОВЬД БЭЛТГЭНЭ
|
|
ДЭНЖИЙН МЯНГА ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
|
|
|
|
|
|
|
|
|