Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Үр бүтээл дүүрэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.07.08 /

Монгол Улсын даргалж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ивээл дор зохион байгуулж буй Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалтыг нээж байгаадаа баяртай байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Тус чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо нээгдсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс эмэгтэй удирдагч лидерүүд хүрэлцэн иржээ. Монгол улсын Засгийн газрын тэргүүн тус чуулганы нээж хэлсэн үгэндээ ийн онцлохын зэрэгцээ “ Монголчууд эмэгтэйчүүдийн нийгэмд манлайлах, хүндлэгдэж ирсэн уламжлалыг үргэлж баяжуулж ирсэн түүхтэй.  

Манай ард түмэн саяхан болсон сонгуулиар парламентдаа 9 эмэгтэй удирдагчийг сонголоо. Тэд ийнхүү зөвхөн эмэгтэйчүүдийн бус нийт Монголын ард түмний төлөөлөл болж байна. Энэ бол манай эмэгтэйчүүдийн гаргасан том  амжилт бөгөөд тэд илүү нэгдмэл, илүү ажил хэрэгч болж байна. Манай Засгийн газар эмэгтэйчүүдийн төлөөллийг төр засгийн байгууллагын бүх шатанд дэмжиж ирсэн бөгөөд миний толгойлж буй Засгийн газарт нэг сайд, гурван дэд сайд ажиллаж байна.    

Манай Засгийн газрын анхаарлын төвд байдаг өөр нэг чухал асуудал бол гэр бүл, эмэгтэйчүүдийн оролцооны чадавхийг бэхжүүлэх явдал бөгөөд бид энэ чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалт хийлээ. Тухайлбал, манай Засгийн газар Жендерийн тэгш байдлын тухай хуулийн төсөл санаачлан батлуулав. Одоо Парламентаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд  энэ нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхэд, нийгмийн бусад эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар дөрөв буюу түүнээс олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалахад чиглэсэн нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.Эмэгтэйчүүд, эхчүүдийг хамгаалах, дэмжих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа энэ бүх хүч чармайлт нь Монголын хүүхэд бүхэн, өрх болгонд нийгмийн хөрөнгө оруулалт болж эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Улс орныхоо хөгжилд улс төр, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаагаараа хувь нэмрээ оруулахын төлөө байдаг эмэгтэйчүүдийг бид үргэлж дэмжиж ирсэн бөгөөд энэ байдлыг цаашид бүр нэмнэ” хэмээн тэмдэглэлээ.

Мөн энэхүү чуулга уулзалт нь манай Монгол эмэгтэйчүүд зөвхөн аж байдлаа дээшлүүлээд зогсохгүй улс орныхоо хөгжил хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад тэднийг уриалан дуудсан, түлхэц өгсөн арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд онцлоод, та бүхэн ийнхүү хуран чуулж, хамтран ажиллаж байгаа нь биеэ биеэсээ суралцах, харилцан ойлгохын үлгэр жишээг харуулаад зогсохгүй олон орны эмэгтэйчүүд, нийгмийн байдал, үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран эв нэгдэл, хамтын ажиллагааны сэжмээр холбогдох боломжийг бүрдүүлж байна гэлээ.

“ Бид бүхэнд маргаангүй нийтлэг нэг л зорилго байна. Энэ бол энэ дэлхийг илүү амгалан, цэцэглэн хөгжсөн, найрсаг байлгах явдал юм. Эмэгтэйчүүд та бүхэн биднийг эцэг эх, эхнэр нөхөр, хүүхэд багачууд, найзууд, дайснууд хэн ч бай үргэлж адилхан асран хамгаалдаг билээ. Тийм ч учраас энэ чуулга уулзалт эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх үйл ажиллагааг нэгтгэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм” гэдгийг Монгол улсын Засгийн газрын тэргүүн онцлоод чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, үр бүтээл дүүрэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол улс даргалах санаачилгыг   Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой гурван жилийн өмнө  ярилцаж байхдаа гаргаж  байсан бөгөөд эдүгээ энэ үйл явц бодит хэрэг болж, тус нийгэмлэгийн ивээл дор уг чуулга уулзалт болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Чуулганы хүндэт зочдоор  Бүгд найрамдах Киргиз улсын  Ерөнхийлөгч асан, хатагтай Роза Отунбаева, Ардчиллын төлөөх Үндэсний нийгэмлэгийн дарга Ричард А.Генхард, Канад улсын Ерөнхий сайд асан хатагтай Ким Кэмпбелл, Бүгд найрамдах Косово улсын шадар сайд Эдита Тахири, Бангладешийн элчин асан Насим Фирдаус, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга элчин сайд Мариа Лейснер нар хүрэлцэн иржээ.

“Эмэгтэйчүүд, эрчим хүч, эдийн засгийн тогтвортой хөгжил”, “ Ядуурлыг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн бүтээлч бизнес эрхлэлтийг дэмжих стратеги”,” “Эмэгтэйчүүдэд газар, байгалийн баялаг болон сэргээгдэх эрчим хүч ашиглах илүү өргөн боломж олгох нь”, “ Хувийн хэвшилд эмэтгэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь” ,” Эмэгтэйчүүдийн улс төрийн ба иргэний оролцоог нэмэгдүүлэх нь” зэрэг сэдвээр салбар хуралдаан, зөвлөлдөх уулзалт, туршлага солилцох хэлэлцүүлгүүд  болох юм байна. Тус чуулга уулзалт долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол, Туркийн харилцаа идэвхжиж байгаад талархлаа
АНУ-ЫН ЭЛЧИН САЙД НУТАГ БУЦАЖ БАЙНА
Х.Клинтон : Ерөнхий сайд С.Батболдын удирдлаган дор Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжжээ
Эрүүл Монгол хүн Монгол улсын жинхэнэ баялаг
Эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт орлоо
ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО ТОДРУУЛГА ХИЙЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан