Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Зам засвар болоод өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.08.01 /

~ Монгол Улсын Засгийн газар 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа ~

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд улсын хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа зам засварын болон бусад төсөл хөтөлбөрийн ажлыг улам эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх, бүх шатны төрийн байгууллагын ажлыг сулруулахгүй, хариуцлагатай хандаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт энэ хурлын үеэр үүрэг болголоо. 

Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрлөө

БНХАУ, Кувейт улс болон Абу-Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн зээл төлөх хугацааг 40 жилээс багагүй, зээлийн хүүг жилд 0,75 хувиас ихгүй байх нөхцөлөөр зээл авсан үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн дээрх компаниудтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг Сангийн сайд болон ЭБЭХ-ний сайд нарт зөвшөөрлөө. Монгол Улсын Засгийн газар гадаад орон, олон улсын байгууллагаас урт хугацааны төслийн зээл авч Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Эдгээр цахилгаан станц нь жилд 36,0-38,0 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн өөрийн дотоод хэрэгцээнд болон хэрэглэгчдэд нийлүүлэхээр  зураг төсөл нь хийгдсэн. Өөрөөр усан станцуудын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь техникийн болон усан хангамжийн хэмжээнээс хамаарч хязгаарлагдмал байгаа. Энэ хоёр станцаас эрчим хүчээр хангагддаг баруун таван аймгийн ард түмний амьжиргааны чадавх, ард иргэдээс гарах зардлын түвшингээс шалтгаалан цахилгаан эрчим хүчний үнийг станцын зардлыг нөхөх хэмжээнд хүргэн тогтоох боломжгүй.

Иргэдийн амьдрах, ажиллах, сурч боловсрох тохитой нөхцөл бүрдүүлэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн амьдралын чадавхиа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор баруун аймгуудын 100-200 кВт-аас ихгүй ачаалалтай бүх сумдын төвийг цахилгаанаар хангахаар өндөр хүчдлийн шугам сүлжээнд холбосон нь  цахилгаан эрчим хүчний алдагдлыг нэмэгдүүлж, ашиглалтын зардлыг өсгөж байгаа зэргээс зээлийн хүүгийн төлбөрийг гүйцэтгэх эдийн засаг, санхүүгийн чадавхгүй байгаа талаар ЭБЭХ-ий сайд Д.Зоригт танилцуулж байлаа.   

Ирэх онд олон улсын зургаан тэмцээн зохион байгуулна

Олон улсын холбоодын дэмжлэг, Монгол Улсын спортын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн 2013 онд манай улсад олон улсын чанартай зургаан тэмцээн зохион байгуулахаар өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Буудлагын спортын Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн, “Чингис хаан-2013” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, байт харвааны Азийн Гран-При тэмцээн, Монгол туургатны хүүхдийн наадам, Бодибилдинг фитнессийн залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо.

Олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах талаар жилийн өмнө шийдвэр гаргаснаар төсвийн төлөвлөлтийг сайжруулах, тэмцээний бэлтгэл ажлыг хангах, тамирчдын бэлтгэл сургуулилтыг зөв зохион байгуулахад ач холбогдолтой байдаг.  Эдгээр арга хэмжээний зардлыг 2013 оны төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулж, зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгалаа.

Товчхон

  • Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад энэ оны хоёрдугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 92,8 хувьтай байгаа талаар тэрбээр мэдээллээ. 
  • 2013 онд Оюутны спортын III  их наадмыг орон даяар 4 үе шаттайгаар эх орондоо болон гадаадад суралцагч монгол оюутнуудын дунд спортын 15 төрлөөр зохион байгуулна. 
  • Дэлхийн болон бүсийн мэргэжлийн уралдаан, тэмцээнд онцгой амжилт гаргасан гоо засалч, түүний дасгалжуулагч, хувцас урлаачид Засгийн газраас мөнгөн урамшуулал олгох журмыг баталлаа.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар танилцуулга сонслоо
Медалийн буухиа үргэлжилж, Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт Ерөнхий сайд С.Батболд итгэлтэй байна
Капитал банк орон сууцны зээл олгох боломжтой
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан