Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилогдсоныхоо дараа УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Эрхэм Улсын Их Хурлын дарга аа,
Эрхэм УИХ-ын гишүүд, Хатагтай Ноёд оо,
Энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага, түүгээр дамжуулан учран золгож байгаа Монгол ахан дүүс ээ!
Өнөөдөр миний бие Монгол түмний Ардчилсан сонголтын үр дүнд байгуулагдаж буй шинэ Засгийн газрын тэргүүнээр томилогдож байна. Надад оногдсон энэхүү их үүрэг ард түмний Ардчилсан сонголтоор эхэлж намын нөхдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүд та бүхний дэмжлэгээр баталгаажиж байна. Иймд итгэл хүлээлгэсэн Монгол түмэн, журмын нөхөд, УИХ-ын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.
Аль ч цаг үед Монгол улсын Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албаны босго өндөр, шалгуур чанга байдаг. Тэрхүү өндөр босго, чанга шалгуурын чухам учир нь ард түмний сонголтод оршдог. Энэ удаа Монголын ард түмэн та бидэнд хамтын хүчээр улс орноо авч явах үүрэг ноогдууллаа. Ард түмнийхээ үүрэг даалгаврыг гүн ухамсарлаж, иргэдийнхээ итгэл найдвар, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллах шийдвэр гаргасан ИЗНН, МАХН-МҮАН-ын Шударга Ёс эвсэл, бие даагч гишүүддээ талархлаа илэрхийлье.
Миний бие энэ цаг үеийг Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх хамгийн тохиромжтой, алдаж болохгүй агшин гэж харж байна. Энэ агшинд Монголын төр хүчирхэг байж, ард түмний үүрэг болгосон шинэчлэлийг хийсэн шиг хийх хэрэгтэй.
Төр хүчирхэг байна гэдэг
- Аливаа албан тушаалтан ард иргэддээ төмөр нүүр гаргаж хүнд суртлаар далайлгахыг хэлэхгүй,
- Төсөв тонож, сан цөлмөхийг ойлгохгүй ээ,
Харин төр хүчирхэг байна гэдэг
- Ард түмний өмнө амласнаа ажлаараа биелүүлдэг,
- Бага зардлаар их үр ашгийг бүтээдэг,
- Авлига хүнд суртлын аранга байдаг,
- Чиг үүрэг нь тодорхой, үйл ажиллагаа нь шуурхай байдаг,
Тийм төрийн бодлогыг түмэн олон дэмжиж, түмэн олныхоо итгэл дэмжлэгээр төр өөрөө хүчирхэгждэг.
Бидний хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол Монгол хүн ажилтай орлоготой болох явдал юм. Өмнөө зорилготой, шаргуу зүтгэлтэй, хүрсэн амжилтандаа сэтгэл ханадаггүй мянга мянган Монголчууд байгаа гэдэгт БИ итгэдэг. Тэдгээр хүмүүс амьдралыг илүү сайн сайхан болгох хүсэл эрмэлзлэлтэй, ажилсаг байж авъяас чадвараараа бусдынхаа хүндэтгэлийг хүлээж, Монголын бахархал болно гэдэгт ч бас итгэдэг.
Бид ажиллаж хөдөлмөрлөх, хийж бүтээх хүсэлтэй иргэдээ шуурхай, ил тод, хариуцлагатай, шударгаар дэмжих болно.
Манай Засгийн газрын шийдвэрлэх дараагийн асуудал бол авлигал юм. Төр засгийн олон бүтэц энэ чигээрээ, яг өнөөдрийнхөөрөө байвал бид авилгад идэгдсэн нэг хүнд сурталтаныг өөр нэг хүнд сурталтанаар солихоос хэтрэхгүй тул ТОГТОЛЦОО, ТОГЛООМЫН ДҮРЭМ хоёрыг өөрчлөхөөс өөр аргагүй. Монголын төр авилгачийг хаалгаа дэлгэн угтвал маргааш тэр авилгач хойморт заларч Монгол хүн бүрийг өөртөө бялдуучлахыг, авилгал өгөхийг шаардах болно. Авилгын үнэр шингэж, ад хор шүглэсэн хэнийг ч болов Монголын төр хоймортоо байтугай хатавчинд ч суулгах ёсгүй. Ардчилсан засаг авилгын аранга байх болно. Энэ бол бидний шийдэл биш ард түмний даалгавар гэдгийг хэрхэвч мартаж болохгүй ээ.Монголын төр өөрөө эрх чөлөөг мэдэрдэг, эрүүл саруул сэтгэдэг, болохгүй байгаа бүхнийг засахыг эрмэлздэг хэн бүхний нээлттэй индэр, тунгалаг тусгал нь байх учиртай.
Ард түмэн бидэнд шинэчлэл өөрчлөлтийг захиалсан учир өөрчлөлтийг бид өнөөдрөөс эхэлнэ ээ. Аливаа шинэчлэл, өөрчлөлтийг БАГ-аар хийдэг. Хэн нэгэн ардын баатар, суут ухаантан ганцаар тоглох бус монгол түмнийхээ мэргэн ухаан, хамтын хүчээр улс төрийн хүчнүүд хамтарч хийх ёстой.
Алдар нэр, аливаа хүндлэл бол Ардчилсан засгийн хувьд чухал биш ээ. Албан тушаал бол ирж л байдаг, буцаж л байдаг зүйл. Харин ард түмнийхээ итгэлийг тээж, найдлагыг өвөрлөсөн энэ цаг үед тэднийхээ “Хамтраад зүтгэ” гэсэн даалгаврыг та бид биелүүлэх үүрэгтэй. Энэ даалгавар Засгийн газарт орсон ороогүй бүх улс төрийн хүчинд хамаатай. Төрийн ажлыг гацаахын тулд биш засаж сайжруулах, эрчимжүүлж хурдасгахын төлөө хамтрах ёстой. Түмэн олон, төр улсынхаа төлөөх аливаа улс төрийн шийдэл, санал санаачлага, хатуу шүүмжлэлийг ч бид талархалтай хүлээн авна. Ард түмэн та биднээс зоримог шийдэл, бодитой шинэчлэл өөрчлөлтийг хүлээж байна. Өдөр өнгөрөөсөн, аргацааж хуурсан ядмаг аргыг тэд хүсэхгүй байна.
Монгол төрийн хамгийн чухал үнэт зүйл бол МОНГОЛ ХҮН. Тэдэнд ямар нэгэн дарамт шахалтгүй, тэгш эрхтэй ажиллах боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Төрд ажил үүргийн давхцал ихдэж, хянадаг дарамталдаг, шалгадаг шантаажилдаг байгууллага олширсноор элдэв бугшсан үзэгдэл газар авсан байна. Тиймээс төрийн байгууллагуудын ажил үүргийн давхцалыг салгаж, чиг үүргийг нь тодорхой болгож, үр ашгийг нь нэмэгдүүлж, хариуцлагыг ил тод болгоно.
Бид
- Төрд дөрлөгдсөн бус нийтэд зориулагдсан албыг бий болгож,
- Байгууллага хэсүүлж хаалга сахиулдаг чирэгдлийг нэг цонхонд төвлөрүүлж,
- Иргэнээ захирдаг бус иргэндээ үйлчилдэг тунгалаг төрийг цогцлоох болно.
Элэг нэгт нэгт ахан дүүсээ, Бүгдээрээ хамтдаа Шинэчилье, өөрчилье
Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжицгөөе !
Анхаарал тавьсанд баярлалаа.