Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Н.АЛТАНХУЯГИЙН ТЭРГҮҮЛСЭН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ТАМГАА ГАРДАЖ АВЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.08.18 /

УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон хүмүүс  өнөөдрөөс ажилдаа орлоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд тамгаа хүлээн авсан байна. Ажлаа өгч байгаа Ч.Хүрэлбаатар шинэ сайдад амжилт хүсээд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хамт олонтойгоо 2 жил 8 сар ажиллалаа. Хийсэн ажил ч их байлаа. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд чадварлаг, ажилсаг, гар, сэтгэл нийлсэн хүмүүс гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнд хариу талархал илэрхийлж, хариуцлагатай ажлыг чадварлаг хашиж байсныг хэлээд ажлын амжилт хүссэн байна. Мөн Засгийн газрын тулгуур болсон бүтцээр Ерөнхий сайдын удирдлага дор Ерөнхийлөгч, УИХ-тай хамтран үр бүтээлтэй ажиллах болно гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар түүхэн уламжлалтай, ажлын ихэнхийг нугалж байдаг газар. Монгол Улсын хөгжлийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, авлига, хээл хахуулийг устгаж, шударга ёсыг тогтоох зорилтын төв нь байх ёстой. Үүний төлөө эрч хүчтэй, дайчин давшингуй ажиллах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт захилаа.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сайд нартаа өндөр шаардлага тавьж байгаа гэдгээ ажлыг нь хүлээлцүүлэхдээ онцолж байлаа. Сайд нар Монгол Улс, хүн ардын эрчимтэй хөгжлийг эрчтэй урагшлуулж, монгол хүнээ ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй орчинтой болгохын төлөө шинэчлэлийн бодлогыг тууштай, шуурхай, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх үүрэг хүлээж байна.  

Энэ дагуу сайд нар:

  • Гарсан тушаал, шийдвэр олон нийтэд ил тод, нээлттэй байх
  • Хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэх
  • Орон тоог нэмэгдүүлэхгүй, цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэй ажиллах
  • Салбартаа шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хүнд суртлыг арилгах
  • Өдөрт 12-оос дээш цагаар, амралтын өдөргүй ажиллах
  • 7 хоног бүрийн бямба гарагт Засгийн газрын хуралдаанд оролцох
  • Ням гараг бүрт харьяа газар, байгууллага, хөдөө орон нутагт ажиллах
  • Гадаадад албан томилолтоор жилдээ 2-оос илүү явахгүй
  • Цаг баримтлах зарчмыг хатуу мөрдөх
  • Боловсон хүчнийг тогтвортой, мэргэшсэн байлгах үүднээс аливаа томилгоог хийхдээ Ерөнхий сайдаас чиглэл авах
  • Ерөнхий сайдаас гаргасан чиглэлийн дагуу яам болон эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудыг хуваарилсан байранд байрлуулах гэсэн зарчмуудыг мөрдлөг болгон ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, САЙД НАР

Ч.Сайханбилэг - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

 

Л.Болд - Гадаад харилцааны сайд

 

Х.Тэмүүжин - Хууль зүйн сайд

 

Ц.Баярсайхан - Барилга, хот байгуулалтын сайд

 

А.Гансүх - Зам, тээврийн сайд

 

Д.Ганхуяг - Уул уурхайн сайд

 

Я.Санжмятав - Хөдөлмөрийн сайд

 

 С.Эрдэнэ - Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд

 

Н.Батбаяр - Эдийн засгийн хөгжлийн сайд

 

Л.Гантөмөр - Боловсрол, шинжлэх ухааны сайд

 

Ц.Оюунгэрэл - Соёл, спорт, аялал жуулчлалын сайд

 

Х.Баттулга - Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

 

Д.Бат-Эрдэнэ - Батлан хамгаалахын сайд

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Н.АЛТАНХУЯГИЙН ТЭРГҮҮЛСЭН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БҮРДЛЭЭ
Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар доорхи нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томиллоо.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧДАА УРАМШУУЛНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан